Ш.Батхүү мэтийн луйварчид нь хуулийнханд заадаг цаг Монголд иржээ

Нийтлэлчийн булан


Монголын ард түмнийг молиго үмхүүлж дөнгөсөн Ш.Батхүү шударга ёс нэхлээ гэв үү


Хуульт ёс, шүүх засаглалыг шоронгоос удирдахаар санаархаж буй энэ мэт луйварчдад төрийн төмөр нүүр, шүүх засаглалын шударга ёсыг харуулах цаг болсон.“За яахав дээ, би гарын үсгийг нь дуурайлгаж зураад, мөнгө авчихсан юм”... Монголын нийгмийг хэдэн сарын турш донсолгож буй “Эрдэнэт үйлдвэр”-т холбогдох хэргийн эзэн, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү ийнхүү хээвнэг гэгч хэлээд, хэсэг зуур жуумалзаж буй бичлэгийг уншигч та харсан биз ээ. Монгол Улсад ноцтой хохирол учруулсан нь олон улсын шүүхээр тогтоогдсон энэ эрхэм ичиж эмээж, санаа зовниж буй шинж алга. Харин ч за яахав дээ, би залилан хийчихсэн юм. Тэгээд та нар намайг яах юм гэсэн шиг л тун пээдгэр сууж байна.

Ш.Батхүүгийн өнгөрсөн хэдэн жилийн бизнесийн замналыг сөхвөл эрээ цээргүй үйлдлээр дүүрэн. Товчхондоо, энэ эрхэм мөнгөнд нугасгүй эрх мэдэлтнүүдийг шатрын хүү шиг ашиглаад, өөртөө ашигтай шийдвэр гаргуулахдаа гарамгай нэгэн. Одоогоос хэдхэн жилийн өмнө, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “хэмжээгүй эрх мэдэлт хаан” лугаа адил Монголын бизнесийн салбарт монопольдож байв. Бизнесийн бүхий л ашигтай ажил үйлчилгээнд түүний компани “ногоон гэрэл”-ээр шалгарч, шим шүүсийг нь сордог байлаа. Ганцхан жишээ хэлэхэд, “Жаст” групп 2000 оноос хойш уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”, Орос, Монголын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг гээд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдэд шатахуун, тоног төхөөрөмж, бараа үйлчилгээг давуу эрхтэй нийлүүлдэг дархан эрхтэн байв. Тус группийн харьяа компаниуд “Эрдэнэт үйлдвэр”- т шатахуун тоног төхөөрөмж нийлүүлдэг байв. Үүнийхээ хажуугаар зэсийн баяжмалыг нь тээвэрлэж, мөнгийг хэд л бол хэдэн тэрбумаар нь олдог байсан үе холдоогүй.

• Ш.Батхүү нь мөнгөнд нугасгүй эрх мэдэлтнүүдийг шатрын хүү шиг ашиглаад, өөртөө ашигтай шийдвэр гаргуулахдаа гарамгай нэгэн.

• “Жаст групп” бизнесийн бүхий л ашигтай ажил үйлчилгээнд түүний компани “ногоон гэрэл”-ээр шалгарч, шим шүүсийг нь сорсоор ирсэн.

• “Жаст групп” уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”, Орос, Монголын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг гээд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдэд шатахуун, тоног төхөөрөмж, бараа үйлчилгээг давуу эрхтэй нийлүүлдэг дархан эрхтэн байв.

Гэвч ингэж дураараа дургихаа зогсоосонгүй. Төрийн өндөр албан тушаалтнуудын хэтэвчийг зузаатгаж, утсан хүүхэлдэй мэт удирдан, монголчуудын амин зуулга болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийг зээлийн барьцаанд тавьсан байдаг. Ингэхдээ бүр ганц удаа ч биш. Хэд хэдэн удаа олон нийтийн өмчийг хувийн мэтээр олон улсын банк санхүүгийн байгууллагад дэнчин тавьсан. Лондоны Арбитрын шүүхээс тогтоосноор Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”- ийг барьцаалан дөрвөн удаа, нийт 200 гаруй сая ам.долларын зээлийн үндсэн болон нэмэлт гэрээ байгуулжээ.

Тэрчлэн “Стандарт” банк “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгийн дансыг удирдаж байсан нь ч ил болсон. Ийм ичгүүргүй, эрээ цээргүй этгээд түмний өмч хөрөнгийг эзэнгүйдүүлж, хууль ёсыг уландаа гишгэсээр ирсэн нь Монголын төдийгүй олон улсын шүүхийн байгууллагаар тогтоогдсон. Гэтэл сүүлийн үед өрнөж буй үйл явдлыг ажвал Ш.Батхүү бараг хохирогчдын дүрд тоглоод эхэллээ. Ард түмний өмчийг луйвардаад олон сая ам.доллар авчихсан Ш.Батхүү хэлмэгдэгчийн дүрээр эргэн заларч буйг та анзаарав уу. Бүр цагаандаа гарч, хорих ангиас хууль хяналтынханд хэрхэн ажиллахыг нь заасан захиа бичсэн байх юм. Цагдан хоригдож буй Ш.Батхүү тарьсан хэргийнхээ талаар захидал бичсэн нь “Өдрийн сонин”-ы 2018 оны дөрөвдүгээр сарын 5-ны дугаарт нийтлэгджээ. “Эрдэнэт үйлдвэрийг Лондоны Арбитрын шүүхэд ялагдуулах нь хэнд ашигтай вэ” нэртэй захидалдаа тэрбээр өөрийгөө энэ хэргийн золиос хэмээн “цолложээ”. ...“Хэдийгээр “Эрдэнэт үйлдвэр” Арбитрт 99.99 хувийн ялах магадлалтай байсан боловч хамгийн чухал нотлох баримт алга болсноос шүүх ажиллагаанд ялагдсан… хэмээн өгүүлсэн байна. Ш.Батхүүгийн тарьсан балгийн улмаас Монгол Улсын Засгийн газар, төрийн өмчит компани олон улсад ялагдсан нь “Эрдэнэт үйлдвэр”- ийн хуулийн хэлтсийнхний буруу хэмээн, алдаагаа бусдад тохсон байна.

Тэрбээр ийм л хуншгүй агаад худрагагүй. Бас болоогүй, түмний өмчийг эзэнгүйдүүлж, хөлжсөн энэ этгээд өөрийгөө хохирогч төдийгүй “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, зээлсэн мөнгөөрөө ямар ч ашиг хүртээгүй, харин ч хохирсон хэмээн гомдоллов. Монголын төр, монголчуудын өмч Ш.Батхүүг их хохироожээ, янз нь. Гэвч ингэж хошуу унжуулан гомдол нэхсэн Ш.Батхүү хуулийнханд үүрэг өгөхөө ч мартсангүй. “Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон энэ хэрэгт гэмт хэргийн шинж чанартай ноцтой үйлдлүүдийг мөрдөн байцаалтын шатанд онцгой анхаарч, яаралтай шалгах шаардлагатай байна” хэмээн тэрбээр хууль хяналтынханд анхааруулсан байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрийг Лондоны Арбитрын шүүхэд ялагдуулж, дараа нь санаатайгаар давж заалдах хугацааг үхүүлж, хуулийн гадуур 100 сая гаруй ам.доллараар улсыг хохироон завших боломж олгохоор ажиллаж байна” хэмээн тэрбээр өгүүлсэн байх юм. Уг нь Ш.Батхүүгийн тарьсан балгаар “Эрдэнэт үйлдвэр” их хэмжээний өр төлбөрт уначихаад буй. Энэ үйлдвэртэй холбогдсон өрийн хүрд өдөр өдрөөр эргэж, зээлийн хэмжээ нь зузаарч байгаа.

Гэтэл энэ бүгдийг эхлүүлсэн Ш.Батхүү энхийн цагаан тагтаа шиг дүр эсгэж буй нь хэр итгэл үнэмшилтэй байна вэ. “Жаст”-аар овоглосон энэ этгээд эцэст нь шударга бизнес эрхлэгчдийн дүрд хувирахаа ч мартсангүй. “Жаст” групп нь олон мянган ажилчин, тэдний гэр бүлийн амьдралыг залгуулж, цаашлаад улсынхаа ачааг ч нуруун дээрээ үүрэлцэж явсан. Ингэхдээ би бизнесийн итгэлцэл, харилцагчийнхаа эрсдэлийг хамгаалах зарчмыг баримтлан ажиллаж байсан. Би жирийн нэгэн л бизнесмэн. Ямар ч бизнес эрсдэл дагуулдаг. Бодит үнэн тогтоогдож, шударга ёс ялна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн үнэнээс дэндүү хол түүх өгүүлжээ. “Эрдэнэт үйлдвэр”- ийг, Монголын ард түмнийг молиго үмхүүлж дөнгөсөн “Жаст”-ын Батхүү шударга ёсыг тунхаглаж байгаа нь энэ юм байх. Ер нь өөрөө гал тавьчихаад хэрхэн унтраахыг заагаад сууж байдаг ийм эрээ цээргүй ёс Монголоос өөр оронд байдаг болов уу.

Ийм ичгүүргүй, увайгүй Ш.Батхүү мэтийн луйварчид шоронгоос хүртэл Монголын төр, хууль хяналтынханд ажлыг нь зааж, алсаас удирдахыг завдаж сууна. Монгол Улс амь, амьдрал болсон ганц үйлдвэрээ тавиад туучихгүйн тулд төлөх ёстой төлбөрийг төлж л таарна. Энэ бүхнийг гардан хийсэн Ш.Батхүү мэтийн нөхдүүд, хамгийн сайн мэдэж байсан хүрээллийнхэн өнөөдөр шударга царайлан, ямар ч хариуцлага хүлээлгүй сууж байна. Тэгээд бүр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн болгох нэрээр дээрэмдчихээд ард түмний төлөө асар их гавьяа байгууллаа хэмээн ярьцгаа аж. Төрд авчих юм бол Монгол Улс, монголчуудын амьдрал тэр чигтээ гэрэлтээд ирэх ухааны юм ярьж, улайран зүтгээд байсан улс төрийн цаана ийм л луйвар, дээрэм, залилан цэцэглэж, лай ланчиг нь ард түмэн, бизнесийн байгууллагын нуруун дээр л бууж таарна. Монголын ард түмний эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн Ш.Батхүү мэтийг “хэт даврагч”-дад даруулга хэрэгтэй биш гэж үү. Хуульт ёс, шүүх засаглалыг шоронгоос удирдахаар санаархаж буй энэ мэт луйварчдад төрийн төмөр нүүр, шүүх засаглалын шударга ёсыг харуулах цаг болсон.


САНАЛ БОЛГОХ