Нэг удаагийн зодоонд хагас сая ам.доллар өвөртөлдөг

Спорт



Холимог тулааны спортын зах зээл  дөрвөн тэрбум ам.доллар


Тулааны спортуудаас хамгийн шилдэг нь аль вэ. Энэ бол олон жилийн турш хариулт нь олдоогүй маргааны сэдэв. Тулааны төрөл бүр өөрийн онцлог давуу талтай болохоор тэр, энэ гэж шууд хэлэхэд хэцүү нь мэдээж. Харин Калифорнийн бизнесмэн Арт Дэйви гэгч эрхэм 1991 онд тулааны өөр өөр төрлийн тамирчдыг нэгэн тэмцээнд урьж, хооронд нь өрсөлдүүлэх санаа олсон нь Ultimate Fighting Championship буюу UFC холбооны эхлэл болжээ. Ивээн тэтгэгч хайж, гэрээ хэлцэл хийсээр багагүй цаг алдсан тэрбээр 1993 оны арванхоёрдугаар сард анхны шоугаа зохион байгуулав. Тэмцээнд кикбокс, холимог тулаан, сүмо, каратэ, жиу-жицу гээд янз бүрийн спортын төлөөлөл өрсөлдсөн юм. Анхны шоу гэхэд амжилт муугүй байлаа. Тухайлбал, ордонд 2,800 хүн ирж тэмцээнийг үзсэн бол цэнхэр дэлгэцээр 86,592 хүн шууд үзсэн тооцоо гарчээ. Анхны бэсрэг тэмцээнд жиу-жицугийн Ройс Грейси түрүүлж, UFC холбооны анхны аварга болсон байна.

Үүнээс хойш UFC-гийн тулаан олны анхаарлыг улам бүр татах болж, нэр хүнд, цар хүрээгээрээ боксыг давж гарлаа гэгдэж байна. Статистик үзүүлэлтүүд ч үүнийг баталдаг. Тухайлбал, өнгөрсөн жил С.Ковалев, А.Уорд нар нударга зөрүүлсэн нь мэргэжлийн боксын оны онцлох тулааны нэг болов. Гэвч уг тоглолтыг 160 мянган хүн л төлбөртэй сувгаар хүлээн авч үзжээ. Хамгийн олон хүн үзсэн К.Альварес, А.Хан нарын тулаан гэхэд 600 мянгаас хэтрэхгүй байгаа юм. Гэтэл UFC- д байдал өөр. 2016 онд Н.Диас, К.Макгрегор нар халз тулах үед үзэгчийн тоо 1.6 саяд хүрч байв. Хэдэн жилийн өмнө бол энэ холбоог мэддэг хүн цөөхөн байв. Гэтэл одоо ашиг орлогоороо дэлхийн бусад том лигтэй өрсөлдөх хэмжээнд нэгэнт хүрчээ. Америк хөлбөмбөгийн лиг NFL нэг жилд зөвхөн телевизийн гэрээний орлогоос таван тэрбум ам.доллар олж, энэ үзүүлэлтээр бусдыгаа хол тасархай тэргүүлж буй. Бейсболын лиг MLB 1.5 тэрбум ам.доллар олдог бол сагсан бөмбөгийн NBA нэг тэрбум, хоккейн NHL 600 саяыг телевизтэй байгуулсан гэрээнээс хүртдэг аж. Тэгвэл UFC телевизийн гэрээнээс жилдээ хагас тэрбумыг олдог гэсэн тооцоо байна. Харин холбооны жилийн нийт орлого дөрвөн тэрбум ам.доллар хүрсэн нь мэргэжлийн лигүүд дотроо “айргийн тавд” орох үзүүлэлт юм. Ердөө дөрвөн жилийн өмнө тэдний орлого 400 сая байсныг сануулья. 20 гаруйхан жилийн настай байгууллага гэхэд тун өндөр цойлсон байгаа биз. Энэ тоо цаашид тасралтгүй өснө гэдэгт эргэлзэх хэрэггүй. 

Бокс суурьтай тамирчид холимог тулаанд ноёлох болсон

Холбоо томорч, мөнгө их олохын хэрээр тамирчдад очих шагнал урамшууллын хэмжээ ч нэмэгдсээр байгаа. Тус холбооны таван супер од өнгөрсөн 2017 онд 148 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Ирланд залуу Макгрегор дангаараа 100 саяыг халаасалсан бол канад тулаанч Жор Сен-Пьер 20 саяыг олсон юм. Өдгөө энэ холбоонд 200 орчим тамирчин хамрагдаж байна. Нэг тамирчинтай гэрээ байгуулах доод дүн нь 100 мянган “ногоон”. Тэгээд дээшээ 20 сая хүрэх нь ч бий. Түүнчлэн тамирчид тулаан хийх бүртээ мөнгөн урамшуулал авна. Хамгийн доод зэрэглэлийн тамирчин таван мянган ам.доллар халааслах бол томчууд нь нэг удаа тулалдаад л хагас саятай  болно. Өнгөрсөн жил Тони Фергюсон, Кевин Ли нар Лас Вегас хотноо үзэлцэхэд ялсан нь 500 мянга, ялагдсан нь 250 мянган ам.доллартай харьж байв. Хүмүүс яагаад боксоос илүү UFC рүү хошуураад байна вэ. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Юуны өмнө боксын спорт жил ирэх тусам нэр хүндээ алдсаар байна. Шүүлт нь дандаа маргаан дагуулдаг, хэтэрхий олон холбоотой, дэлхийн хэмжээний одод нь зодог тайлаад алга болсон гээд боксыг харлуулах зүйл олон. Мэргэжлийн бокст хамгийн нэр хүндтэй дөрвөн холбоо бий. Гэхдээ үүний зэрэгцээ хүмүүсийн тэр бүр мэддэггүй холбоо өчнөөн олон. Холбоо бүр аваргаа тодруулна, аваргын бүс гардуулна гээд бодохоор өнөөх аваргуудын нэр хүнд ямар доогуур үнэлэгдэх нь ойлгомжтой.

Харин үүний хажууд UFC-гийн тулаанууд тулаанчдын жинхэнэ шандсыг сорьдог, маш хатуу ширүүн. Хүмүүс харгис хэрцгий зүйлд илүүтэй тэмүүлдэг нь эндээс харагдах байх. Тэгээд ч дэлхийн аварга цолыг тухайн жинд ганц л тамирчин эзэмшинэ. Аварга цолд хүрэхийн тулд асар том бартаа саад даван туулах шаардлагатай байдаг болохоор бүсний эзэд маш их нэр хүндтэй. Одоо UFC-гийн жирийн нэг тулааныг л 17-18 мянган хүн ордонд үздэг болжээ. Харин зурагтаар үзэх хүний тоо саяар л яригдаж байна. Мэргэжлийн тулаанчдын дээд оргил болсон UFC-гийн дэвжээ монголчуудад тийм ч хол биш. Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг UFC-гийн “дүү” гэж болох One Championship холбооны дунд жинд дэлхийн аварга болсон нь 2016 он. Хэдийгээр аваргын бүсээ алдсан ч манайхан холимог тулаанаар амжилт гаргах боломжтойг харуулсан нь чухал байв. Хамгийн сүүлд холимог тулааны тамирчин Т.Ариунболд One Championship-ийн дэвжээнд хүч үзлээ. Монголчууд хүнд жинд анх удаа тулалдсан нь энэ. Улмаар муай-тай бокс, кикбоксын төрлөөр дэлхийн аварга цолыг дөрвөн удаа хүртсэн Африкийн шилдэг тамирчинтай тэнцүүхэн үзэлцээд шүүгчийн саналаар ялагдаж байна лээ. Цаашид өндөр зэрэглэлийн тамирчидтай бэлтгэл хийгээд, тууштай зүтгэвэл үзэлцэж болмоор л санагдсан. Сонирхуулахад, нэг хэсэг UFC- д жиу-жицугийн тамирчид илт давамгайлдаг байв. Нэг ёсондоо хэвтээ барилдаандаа сайн хүмүүс хожих магадлал өндөр байсан гэдэг. Харин одоо бокс суурьтай босоогоос тулалддаг тамирчид ноёлох болжээ.







САНАЛ БОЛГОХ