Ю.И.Пояркин: Энэ удаагийн тоглолт хамтын ажиллагааны эхлэл боллоо
ЗГМ: Тодруулга
ЗГМ: ТОДРУУЛГА
ОХУ-ын Чита хотын драмын театрын уран бүтээлчид бяцхан үзэгчдэдээ зориулан “Аладдины шидэт дэнлүү”, 12 наснаас дээш сурагчдад зориулсан “Оросын гайхамшиг” жүжгийг толилуулах гэж байна. Тус тоглолт болон цаашдын хамтын ажиллагааны талаар ОХУ-ын Чит хотын драмын театрын захирал Ю.И.Пояркинтэй ярилцлаа.
-Монголд хийж буй анхны тоглолт уу. Хэдэн өдөр тоглох вэ?
-Монголын үзэгчдэд анх удаа уран бүтээлээ толилуулахаар ирлээ. Энэ удаагийн тоглолт УДЭТ-тай цаашид хамтран ажиллахад түлхэц болж байна. Чита хотын драмын театрын 30 уран бүтээлч, ажилчид хүрэлцэн ирлээ. Жүжгийг УДЭТ-ын тайзнаа даваа, мягмар гарагт хоёр удаа л тоглоно. Багачуудад болон насанд хүрэгчдэд гэсэн насны ангиллаар уран бүтээлээ толилуулна. Жүжгийг зөвхөн орос хэл дээр тоглох болно.
-Мюзикл жүжиг тоглох гэж байгаа гэсэн. Жүжигт юуны талаар өгүүлэх вэ?
-“Оросын гайхамшиг” жүжиг нь зохиолч Н.С.Лесковын 1881 онд бичсэн “Левша” – “Солгой” хэмээх туужаас сэдэвлэсэн орчин үеийн мюзикл хэлбэрийн бүтээл. Энэхүү жүжиг нь орос дарханы ур чадварыг гарган харуулдаг. Харин бяцхан үзэгчдэдээ зориулж буй жүжиг хүүхэд бүрийн үзэх дуртай Аладдин хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээсэн жүжиг.
-Чит хотын драмын театр, УДЭТ-ын уран бүтээлчидтэй цаашид хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Хамтын ажиллагаа үүгээр дуусахгүй. Энэ удаа манай хамт олон аялан тоглолтынхоо хүрээнд уран бүтээлээ толилуулсан бол дараагийн удаа УДЭТ-ын хамт олон Чита хотын драмын театрт хүрэлцэн ирэх байх. Хамтын ажиллагааны анхны алхмыг манай театр хийснээрээ цаашид хамтран уран бүтээл хийх боломж бүрдэж байна.
-Монголоос гадна өөр хэдэн улсад аялан тоглолт хийхээр төлөвлөсөн бэ?
-Монголд хийж буй тоглолтоо дуусгаад ОХУ-ын Калининград хотод тоглолттой. Дараа нь ОХУ-ын олон хотоор аялан тоглолтоо үргэлжлүүлнэ. Мөн манай театраас залуу жүжигчдийн дунд “Ирээдүйн даль” хэмээх фестиваль зохион байгуулахаар төлөвлөсөн.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй