Ш.Батхүү зурагтаар жуумалзаж, Ш.Раднаасэд УИХ-ын танхимд төрийн мөнгөөр таахалзах

Улс төр


Монгол Улс арбитрт дахин ялагдвал Ш.Раднаасэд гишүүн төлбөрийг нь төлөх үү


“….Өнөөдөр 49 хувийг нь л яриад байх юм. Энэ бол манай дотоодын асуудал, хуулийн дагуу шийдээд явах байх. Харин 51 хувиа яах вэ. Энэ асуудал чинь бусад дуулиан шуугианд дарагдаад, замхрах тийшээ явах гэж байна. Төрийн өмчийн 51 хувиас өнгөрсөн 30, 40 жилийн турш идсэн, уусан, шахсан, хумсалсан хулгайлсан хүмүүсээ яах вэ. Зах зээлээс арав, хорь дахин өндөр үнээр бараа шахаж, тэрбум тэрбумаар идсэн хүмүүс энхийн цагаан тагтаа шиг явж л байна. 51 хувиа яагаад шалгахгүй, мартагнуулах гээд байгаа юм. 51 хувийн асуудлыг 49-өөр дарах гээд байгаа юм уу? …Хувийн өмчийг ад үзээд байх хэрэггүй. Үндсэн хуулиараа хуулийн хамгаалалтад байдаг. Ардчиллын гол баталгаа нь хувийн өмч. Нэг л их эх оронч царайлсан, хувийн өмчийг үзэн ядсан энэ сэтгэлгээ, хандлагыг өөгшүүлээд байж болохгүй…”. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ баасан гарагийн нэгдсэн чуулганы үеэр ийн хэлсэн юм. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авсан УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн Цэцийн дүгнэлтийг баасан гарагт нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Улмаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зөв гэсэн шийдвэрийг гаргасан.

Харин Хятадын талд битүүмжлэгдээд буй төрийн мэдлийн 51 хувьд санаа тавихаасаа илүү хувийн хэвшлийн худалдаж авч ирсэн 49 хувь руу чичрээд буй эрх мэдэлтнүүдийн цаана ямар эрх ашиг байна. Гол шалтгаан нь Эрдэнэтийн 51 хувийг Хятадын дөрвөн том банкны нэгд алдахад хүргэсэн гэмт үйлдлээ хаацайлах гэсэн улайрал юм гэдгийг УИХ- ын гишүүн С.Эрдэнийн үг батлаад өглөө. Харин Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын шийдвэрийг “хамгаалах”-аар төлөөлж байсан Ш.Раднаасэд гишүүний үг бүр ноцтой. Чихэндээ ч итгэсэнгүй. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн /Үнэндээ БНХАУ-ын/ “Стандарт” банкны барьцаанд тавьж, улмаар өрөө төлөөгүйгээс үүдэлтэйгээр арбитрын шүүхэд ялагдаад буй Монгол Улс арбитрт хандана гэв. Ш.Раднаасэд “Хэрэг шалгагдаж байгаа юм билээ. Чухам “Эрдэнэт” үйлдвэртэй байгуулсан баталгааны гэрээний аль хэсэг нь хуурамч, аль хэсэг нь үнэн гэдгийг тогтоосны дараа цэгцэрчих байх. Ш.Батхүү гэдэг хүн хуурамч гарын үсэг зурсан уу, эсвэл нэр холбогдоод байгаа эдгээр хүмүүс үнэхээр гарын үсэг зурсан уу гэдгийг тогтоох газар нь тогтоог. Тэгсний дараа бид дахин арбитрт хандахад ялагдах ёсгүй. Аль ч улс орон, дэлхийд байгаа эрх зүйн зарчим энэ. Тиймээс арбитр дээр ялагдсан шалтгаан, нөхцөлийг нь бид судлах ёстой” хэмээв. Өнгөрсөн удаад Монгол Улс энэ асуудлаар арбитрын шүүхэд ялагдаад нийт 172 сая ам.долларын өр төлбөрт уначихаад буй. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хүү нь хоногт л 800-900 ам.доллар буюу ойролцоогоор хоёр сая орчим төгрөг болж буй. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг банкны барьцаанд тавьсан, улмаар улсын өр төлбөрт унагасан хэргийг Ш.Раднаасэд гишүүний хэлсэнчлэн шалгах ажиллагаа ямар байдалтай явж буйг бид харж байгаа.


• С.Эрдэнэ: Нэг л их эх оронч царайтай, хувийн өмчийг үзэн ядсан энэ сэтгэлгээ, хандлагыг өөгшүүлээд байж болохгүй.

• Өнгөт принтер, канон ашиглаж байгаад үйлдвэрийн дарга, Төрийн өмчийн хорооны дарга… гээд хэд хэдэн хүний гарын үсгийг дуурайлган зурж, 109 сая ам.доллар зээлнэ гэдэг бүтэхгүй зүйл.

• Монгол Улс арбитрт хандаад дахин ялагдвал маргалдагч талуудын зардал, төлөх мөнгөний хүү гээд өрөө улам л нэмнэ.

Улсын төсвийн гол бүрдүүлэгч болсон “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг банкны барьцаанд тавьсан Ш.Батхүү өөрөө телевизэд өгсөн ярилцлагыг ч бид үзсэн. Бүтэн нэг цаг 15 минутын турш үргэлжлэх нэвтрүүлэгт Ш.Батхүүгийн яриа арав орчим минут л гарсан. Харин энэ хугацаанд тэрбээр бараг л арван удаа жуумалзаж, үл тоох хандлага харууллаа. Өнгөт принтер, канон ашиглаж байгаад үйлдвэрийн дарга, Төрийн өмчийн хорооны дарга… гээд хэд хэдэн хүний гарын үсгийг дуурайлган зурж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн гэж ярих түүний үгэнд итгэнэ гэдэг утгагүй. Кинон дээр л тийм зүйл болдог байх. Харин Монголын хууль, хяналтын байгууллагынхан энэ хэрэг болж байх үед “Эрдэнэт” үйлдвэр, Төрийн өмчийн хороо, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хүмүүсийг шалгахгүй, нэг л хулгаж тойрсоор. Харин үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга, Худалдан авах ажиллагааны газрын дарга зэрэг доод тушаалын хоёр хүнийг саатуулсан байдалтай сууна. Өрийн хүү нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдээд байхад өөрсдөө арбитрт хандана гэж суугаа нь бүр ч ноцтой. Арбитрын шийдвэр эцсийнх. Тэндээс гарсан шийдвэрийг эргэж, авч үзнэ гэсэн ойлголт байхгүй. Харин Монгол Улс арбитрын шийдвэрийг эсэргүүцэж дахин арбитрт хандаад ялагдвал яах вэ. Арбитрын шүүхтэй холбоотой гаргасан маргалдагч талуудын зардал, төлөх мөнгөний хүү гээд өрөө улам л нэмнэ. Харин тэр үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Ганц худагт” саатуулагдаад буй Ш.Батхүү хоёр улсын өрийг төлөх үү. Эсвэл дахиад үл тоосон хандлагаа гаргаад, жуумалзаад сууж байх юм уу?




САНАЛ БОЛГОХ