Монгол, Хятадын компаниуд $4.6 тэрбумын хэлцэл хийнэ

Улс төр


Төв цэвэрлэх байгууламжийн 300 сая ам.долларын санхүүжилтийг эцэслэв


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд тус улсын Засгийн газраас хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж авахаар боллоо. Уг санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлт, түрээсийн орон сууцны зэрэг төслүүдэд зарцуулах юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд манай улсын 300 орчим бизнесийн төлөөлөл болон Засгийн газрын долоон гишүүн, УИХ-ын мөн төдий тооны гишүүн дагалдаж байгаа юм. Үүгээрээ хоёр орны түүхэн дэх хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал болж байна. Талууд айлчлалын үр дүнд хоёр улсын эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагаанд багагүй ахиц гарна гэсэн хүлээлттэй байгаа юм. Хоёр улс 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд буй. Өнгөрсөн онд манай улсын гадаад худалдааны хэмжээ 10 тэрбум ам.доллараар хэмжигдсэн. Үүний 63 хувь нь буюу 6.5 тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай уулзаж, хэлэлцээр хийлээ. Олон салбарыг хамарсан Засгийн газрын түвшний 11 хэлэлцээрт гарын үсэг зурсан нь нийт 447 сая ам.доллараар хэмжигдэж байна. Тухайлбал, нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих 300 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа.


Төрийн гол үүрэг нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих явдал

Тус байгууламжийг шинэчлэх төслийн ТЭЗҮ нь бэлэн болсон ч санхүүжилт нь бүрэн шийдэгдээгүй байсан юм. БНХАУ эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хүрээнд манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо. Уг тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд болон түрээсийн орон сууцны хөтөлбөрт зарцуулахаар болжээ. Мөн “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төслийн санхүүжилтийг тус улсын хөнгөлөлттэй зээлээр шийдэх аж. Харин энэ пүрэв гарагт болох “Монгол-Хятадын Бизнес Форум”-ын үеэр Монгол, Хятадын компаниуд 4.6 тэрбум ам.доллартай тэнцэх 36 хэлцэлд гарын үсэг зурахаар төлөвлөж буйг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцолсон юм. “Монголын бизнес эрхлэгчид Хятадын компаниудтай олон чухал гэрээ хийнэ. Энэ бол айлчлалын гол амжилт гэдгийг онцолмоор байна. Төрийн гол үүрэг нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих явдал. Хувийн хэвшлийн үйл ажиллагаа өргөжсөнөөр ажлын байр нэмэгдэх, татварын бааз суурь өргөжих олон эерэг нөлөөтэй” гэв. Тэрбээр мөн Гашуун-сухайт болон Замын-Үүдийн боомтын асуудлыг талууд хөндөж, шийдвэрлэхээр хэлэлцэж байгааг онцолсон юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ дахь айлчлал пүрэв гараг хүртэл үргэлжилнэ. Ирэх өдрүүдэд “Дэлхийн хөгжлийн төлөөх нээлттэй, шинэлэг Ази” сэдвийн дор болох Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлтэд Ерөнхий сайд оролцож үг хэлэх юм. Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Тиймд талууд уг ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэхээр тохиролцжээ. Монгол Улс, БНХАУ 2011 онд Стратегийн түншлэлийн, 2014 онд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. 1990-2017 оны хооронд БНХАУ манай улсад дөрвөн тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсний 70.1 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3 хувь нь барилгын салбарт ногдож байгаа юм.


САНАЛ БОЛГОХ