Монгол ба Ардчилсан Солонгос-1

Судлаачийн үг


Хөгжлийнхөө дээд түвшинд хүрчихсэн хоёр талын харил­ цаа гэвэл Монгол ба БНСУ-ын харилцааг нэрлэх хэрэгтэй


Энэ жил дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн БНАСАУ, БНСУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой гээд Солонгосын хойг руу нүд бэлчээх шалтаг шалтгаан мундахгүй тохиож байна. Тухайн үеийн БНМАУ, БНАСАУ хоёр харилцан бие биеэ хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон, харилцан Элчин сайд нараа томилж, ЭСЯ- даа харилцан нээсэн зэрэг түүх энд дэлгэхгүй. Харин нэн адармаатай, бас сонин түүх дэлгэж үндсэн нийтлэлдээ оръё. 1940-1990-ээд оныг хамарсан маш нууц мэдээллүүдээ АНУ-ын Тагнуулын Төв газар анх удаа ил гаргасан дотор Солонгосын дайнд цэрэг илгээж байлдуулах гэж байсан БНМАУ- ын тухай мэдээлэл палхийтэл ил болох нь тэр. Солонгосын дайны фронтоос америкийн тагнуулчид төвдөө илгээсэн, эсвэл Москва Бээжингийн хоорондын нууц шифрийг Америк замаас нь олзлон авсны алин нь ч байж болно. Солонгосын дайнд Монголын цэрэг дайчдыг оролцуулах саналыг Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен тавьж байжээ. Тэгэхдээ Улаанбаатар хандсан бус Москвад их багш Сталинд хандан, ази царайтай, царай зүсээр огтын ялгарахгүй Монгол, Казах, Кыргыз, Төв  Азийнхнаас хэд хэдэн дивиз бүрдүүлэн ирүүлэхийг хүссэн бололтой юм. Үүнийгээ зөвшөөрүүлэхээр Зөвлөлт, Хятад, улмаар Монголын талтай нууц уулзалт хийсэн ба Хойд Солонгосын нэг удирдагч Хе Ги И (Алексей Иванович Хегай буюу Зөвлөлтөд төрж өссөн зөвлөлтийн оросжсон солонгос) 1952 оны арванхоёрдугаар сард Монголд айлчлаад дараа нь Зөвлөлтөд очихдоо 5-6 дивиз цэрэг Монгол, Зөвлөлтөөс Солонгосын дайнд оролцуулах, үүнд Зөвлөлтийн Дундад Азиас ази гаралтай иргэдээс гурван механикжсан дивиз бүрдүүлж очуулахыг хүссэн гэсэн мэдээлэл ТТГ-ын баримтын санд байх аж.

Тиймдээ ч Монголын ардын армийн зарим ангийг Дорнод аймаг руу татан төвлөрүүлж, хэрэгтэй цаг үед нь газраар БНХАУ-ын хил давуулж, тэндээсээ Зүүн хойд Азид хүргэж, улмаар Солонгосын хил давуулахаар ярилцсан тухай мэдээ мэр сэр олж сонссон юм байна. Хэрэв энэ асуудал бүтэхгүй өнгөрөх аваас суртал нэвтрүүлгийн зорилгоор ядаж цөөн тоотой цэрэг очуулахыг Ким Ир Сен шалж шавдуулж байсан гэнэ. ТТГ-ын ил болгосон мэдээлэлд бичсэнээр, тэр үеийнхээр шавхаад шавхаад Монголын зэвсэгт хүчний 85 хувь нь 5-6 дивиз арай чүй бүрдэх тул тэгж цэрэг илгээх магадлал бага, харин үзэл суртлын зорилгоор 10 мянган цэрэг, офицер илгээчих бололцоо байсан гэсэн байна. Суртал нэвтрүүлгийн зорил-гоор Зөвлөлт, Монголын цэрэг очуулна гэсэн Ким Ир Сений санааг ойлгож болно. Учир нь Солонгосын дайн дэгдсэний дараахан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зөвлөлтгүйгээр хуралдаад НҮБ-ын мандаттай олон үндэстний хүчнийг Солонгосын хойгт илгээх шийдвэр гаргачихсан. Дор wikipedia. org лавлах сайтад тавигдсан харьцуулсан жагсаалтад БНМАУ гэсэн бичгийг харж байгаа байх. Нэг талд нь ийм олон улс орон эвсэл болоод БНАСАУ-ыг бөөрөлхөж байхад нөгөө талд нь ганцаардсан Ким Ир Сен эвсэл бүрдүүлэхийг хүсэх нь тухайн цагтаа коммунист ертөнцөд зөвтгөгдөхөөр үйлс байсан биз ээ.

Тэртээх 60 гаруй жилийн түүх тэгсгээд өндөрлөсөн. Солонгосын хойг нь “Хүйтэн дайн”-ы цайз бэхлэлтээрээ үлдсэн. Одоо ч тийм байгаа. Солонгосын дайныг 1953 онд дуусгаад гал зогсоосноос өөрөөр энх амгаланг тогтоосон хоёр талын ба олон талын гэрээ байгуулагдаагүй учраас эдүгээг хүртэл дайн түр зогссон нутаг гэдгээр тодорхойлогдоно. 1954 онд Женевт олон улсын бага хурлаар СССР, БНХАУ, Их Британи, АНУ, Францын Гадаад хэргийн сайд нар чуулаад Солонгосын ба Энэтхэг-Хятадын хойгийн асуудал хэлэлцэхэд Солонгосыг эргэж нийлүүлэх асуудал няцаагдаад замхраад алга болсноос хойш олон улсын ямар нэг том санаачилга гаралгүй явсаар өнөө хүрчээ. Эдүгээ хоёр Солонгосын дээд хэмжээний уузлалт, мөн АНУ ба БНАСАУ-ын уулзалтыг дэлхий нийт чих тавин итгэл алдран хүлээж буй. Учир нь өмнөх түүхээс цухас дурдлаа. Хойдуулын аман заналхийлэл, пуужинт цөмийн зэвсгийн хийрхэл зэргээс дэлхий дахин цочирдсон, залхсан тул тэр хоёр уулзалт мөс хагалсан, салхи хагалсан лут үйлс болох учиртай санж. Солонгосын хойг нь даян дэлхийн даяаршил, эдийн засаг, нийгэм соёлын харилцан хамаарлын гадна сугарч үлдэх аргагүй болсноо хүлээн зөвшөөрч, тэгж уулзахыг зөв-шөөрсөн байх хэмээн сэтгэлээ хуурах нь нэг хэсэгтээ зөв.

Тийм харилцан хамаарал улам өсөн нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах уламжлалт бус нийтлэг зорилтууд тулгамдсан асуудал болж байгаа энэ цаг үед энэ чухал үйлсээс Монгол маань яахин сугарч үлдэх, хоцорч хөдлөх вий гэхгүйн тулд Улаанбаатарт Трамп ба Ким Жон Ун нарын уулзалтыг зохион байгуулахыг санаачилсан болов уу. Гэхдээ улс төр, стратегийн хувьд нэр бүхий гурван этгээдийн (БНАСАУ-АНУ-БНСУ) итгэлцлийн түвшин маш доогуур, зөрчил маргаан, өдөөн хатгалга, тогтворгүй байдал үргэлжилсээр ирсэн, заримдаа даамжрах шинжтэй байсан зэргийг харгалзвал зарласан хоёр уулзалт хойшлох буюу бүр цуцлагдчихад гайхах зүйлгүй. Ингүүлэхгүйн тулд хоёр Солонгостой хоёулантай нь найрсаг харилцаатай, бүр ах дүүсийг болсон улсын хувьд Монгол нь эсрэг тэсрэг хандлагыг зөөллөх, сорилтыг гэтлэн давахад нь Монгол- БНСУ, Монгол-БНАСАУ хамтран тус дөхөм үзүүлж болох боломжуудыг судлан үзэх шаардлагатай мэт. Тийм шаардлагыг нөхцөлдүүлэх алхмуудыг манай улс нэгэнтээ хэд хэдэн удаа хийчихсэн. Тухайлбал, бүс нутгийн аюулгүй байдлын олон талт зөвлөлдөх механизм бүрдүүлэх санал 1991, 2000 онд дэвшүүлсэн. 2013 онд Улаанбаатарт хуралдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын хуралдааны үеэр өмнөх Ерөн- хийлөгчөөс бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар холбогдогч улс орнуудын яриа хэлэлцээг Улаанбаатарт зохион байгуулахад бэлэн байгааг мэдэгдсэн. 

Олон талт зөвлөлдөх механизмын үйл явцыг Улаанбаатарт эхлүүлэх хэрэгтэй

Манай саналуудыг угтуулсан мэт Өмнөд Солонгос ч санал дэвшүүлж, “Нарны элч” гэх мэт зөөлөн хүчний бодлого явуулж байсан. БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мү Хен Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, хамтын хөгжил, түүнд гүйцэтгэх БНСУ- ын үүргийн талаар маш тодорхой багц бодлого явуулж байсан. Ерөнхийлөгч Пак Гын Хэ Зүүн хойд Азийн энх тайван, хамтын ажиллагаа болон Солонгосын хойгт итгэлцлийг бэхжүүлэх тухай шинэ санал дэвшүүлж байсан. Одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин зөөлөн хүчний бодлогоороо өвлийн олимпийг аюул осолгүй зохион байгуулаад, одоо хойдуултай найрсах бодлогоо явуулж байна. Тэгэхдээ энэ бүх алхмыг хэрэгжүүлэх арга зам ялгаатай, тийм ялгаа бол саналуудын агуулгын дэргэд сонин биш, зарчмын хувьд Монгол, Өмнөд Солонгосын байр суурь ижил төстэй байгаа нь энэ чиглэлд хамтарч ажиллах боломжийг нээж өгч байна. Ер нь 1991 онд хоёр улс хоёр биендээ үүд хаалгаа нээж, дипломат харилцаа тогтоосноос хойш саадгүй хөгжсөөр, хөгжлийнхөө дээд түвшинд хүрчихсэн хоёр талын харилцаа гэвэл Монгол ба БНСУ-ын харилцааг нэрлэх хэрэгтэй. Энэ харилцаанд Хойд Солонгосын тал гоморхуу хандаж ирсэн, зарим үед хардаж сүйд болдог, итгэл сэтгэлээ татаж авч байгаа аятай (Улаанбаатар дахь ЭСЯ-аа хаах гэх мэт) аашилдаг боловч тэглээ гээд манай улс туйлшраагүй өдий хүрсэн нь том ололт юм.

Энх тайвны чиглэлд “Улаанбаатар Сөүлийн үйл явц” хэрэг дээрээ төлөвшиж байгаа буюу бараг төлөвшчихсөн. Энэ нь “1:5 track” гэх зөвшилцлийн хэлбэрээр цаашаа өрнөж, тэр эргүүлэгтээ хойдуулыг татаад оруулчихвал их том амжилт болж түүхнээ үлдэнэ хэмээн би үздэг. Иймд санаачилга, хамтын ажиллагааг цаашид ажил болгож өргөжүүлэх арга замыг байнга эрэлхийлэх нь чухал юм. Ингэхэд хойд, өмнөд солонгосчуудыг татан оруулаад гурвуулаа, мөн Орос, Хятад, Япон, болж өгвөл Америкийн албан бус төлөөлөгчдийг оролцуулаад (ТББ, эрдэмтэд, сэтгүүлчид, сайн дурынхан гэх мэт) ярих асуудал мундахгүй олон ундран гарч ирэхээр байна. Эхний шатанд хүрээлэн буй орчин, цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшиг, хүн мал, амьтны гоц халдварт өвчин, эрчим хүч, хүнс, цэвэр усны хомсдол зэрэг бүс нутгийн орнуудын уламжлалт бус аюулын асуудлаар энэхүү олон талт зөвлөлдөх механизмын үйл явцыг Улаанбаатарт эхлүүлэх хэрэгтэй. Улмаар түүнээсээ бусад салбар руу хүрээг нь тэлэх. Гэхдээ Хойд Солонгосын хамгийн эмзэг сэдвийг тойрч гарч болно. Үүнд дэглэм ба хүний эрх, эдийн засгийн уналт, цөмийн пуужингийн зэвсэглэл, цэрэг арми, их удирдагчийнх нь байр суурь руу нэг хэсэгтээ өнгийж ярилцаж болохгүй болов уу. Ямар ч гэсэн Монгол болон бүс нутгийн бусад сонирхогч оронд нээлттэй болгох олон асуудлыг судалж ярилцах, санал солилцох, ил болгох, тэгснээрээ олон улсын анхааралд хүргэх, тэр тухайгаа Монголын гадаад сурталчилгаа мэдээллээр өргөн цацаж сурталчилбал Монгол маань дэлхийд ахин дахин танигдахад нэмэртэй юм.


(Үргэлжлэл бий)






САНАЛ БОЛГОХ