Чөлөөт хувцасны “Monline” брэнд дотоодын зах зээлийг хэдийнэ эзэлсэн

Би үйлдвэрлэгч


Дотоодын зах зээлийн 85 хувийг үндэсний үйлдвэрүүд эзэлдэг болсон


Хүн бүхэнд, тэр дундаа тамирчинд хөлс шингээж, агаар нэвтрүүлдэг, биед эвтэйхэн, будаг гардаггүй, чанартай хувцас тун чухал. Харин эдгээр шаардлагыг хангадаг нь зөвхөн импортын брэндийн бүтээгдэхүүн гэсэн ойлголт бидний дунд бий. Гэхдээ импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх хэмжээний чанар, загвар сайтай үндэсний брэнд хэдийнэ бий болж, өөрсдийн хэрэглэгчидтэй болж амжжээ. Тодруулбал, спорт, чөлөөт хувцасны “Monline” брэнд сүүлийн таван жилийн дотор 21 аймагт салбартай болж, 400 гаруй ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. “Monline” брэнд нь дэлхийн стандартын шаардлагад нийцсэн Adidas, Nike, Asics, Mizuno үйлдвэрүүдийн материалаа авдаг даавууны үйлдвэрээс түүхий эдээ оруулж ирдгээрээ онцлог.

Ингэснээр үйлдвэрлэсэн хувцас, хэрэглэл нь чанарын өндөр түвшинд хүрч чаджээ. Тус брэндийг үүсгэн байгуулагч А.Чимэд-Очир олон жилийн турш гадаад, дотоодын зах зээлийг судалсны үндсэн дээр дотоодын бэлэн хувцасны зах зээлд боломж байгааг анзаарсан байна. Ийнхүү 2011 онд спортын болон чөлөөт хувцсыг чанарын өндөр түвшинд хийхээр зорьж, улмаар 2012 онд нь “Monline” брэндийн оёдлын салоныг нээжээ. Социализмын үед манайд оёдлын үйлдвэрлэл боломжийн хэмжээнд хөгжиж, чадварлаг мэргэжилтнүүд маш ихээр бэлтгэгдэж байсан түүх бий. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш том үйлдвэрүүд хаалгаа барьж, мундаг оёдолчид нь байрны подвальд жижиг цех ажиллуулах хэмжээнд хүрсэн. Энэ үед спорт хувцасны зах зээлийн 85 хувийг импорт, ердөө 15 хувийг дотоодын бүтээгдэхүүн хангадаг байж.

Тиймээс энэ 85 хувийг эзлэхийн тулд энгийн оёдлын үйлдвэрийг салон болгож, үйл ажиллагаагаа томруулахыг зорьсон гэнэ. Гайхалтай нь салон нээгдсэн эхний өдрөө л үр дүн нь мэдрэгдэж, ашигтай ажиллаж эхэлжээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээ олны дунд бий болоод байсан нь ч үүнд нөлөөлсөн байх. Харин ажлын ачаалал нэмэгдэхийн Ерөнхийдөө сагс, волейбол, хөлбөмбөг, регби, бокс, хоккей, фитнесс болон ажлын хувцас, бэлтгэлийн хослол, цүнх зэрэг бүтээгдэхүүн хамгийн эрэлттэй байдаг аж. хэрээр сайн боловсон хүчин дутагдаж эхлэв. Тиймээс зах зээлээс өмнөх үед ажиллаж байсан туршлагатай оёдолчдыг урьж ажиллуулах болсон байна. Тэдэн дунд өөрсдийн жижиг үйлдвэрийг ажилуулдаг хүмүүс ч байв. Гэхдээ сарын орлогыг нь судалж үзээд, тэр хэмжээний цалин санал болгосноор сайн ажилчдыг элсүүлж чаджээ. “Анх төв салон дээрээ 20 оёдолчинтой үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа.

Гэвч хэрэглэгчдээс ирэх захиалгыг гүйцэж чадахгүй, сүүлдээ бүр хоёр сарын хүлээлт үүсэж эхэлсэн. Тиймээс ижил төрлийн үйл ажиллагаатай гурван компани бий болгож, оёдлын технологи, бараа материалаа хуваалцаж, хамтран үйлдвэрлэж эхэлсэн. Нэгэнт л ачааллаа дийлэхгүй байгаа болохоор бусдад боломж олгох нь зөв гэж үзсэн юм. Хэдийгээр үйлдвэрлэлийн хэмжээгээ ингэж нэмэгдүүлсэн ч захиалгаа бас л гүйцэж чадахгүй байв. Ялангуяа хөдөө, орон нутгаас маш их захиалга ирсэн. Тиймээс 21 аймагт салбараа нээсэн юм. Харин одоо бол Монголын компаниуд үйлдвэрлэлээ бага багаар тэлсээр дотоодын зах зээлийн 85 хувийг хангах зорилгодоо хүрээд байна” хэмээн А.Чимэд-Очир ярьсан юм. “Monline” брэнд Монголын баг, тамирчдаа дэмжин ажиллахыг чухалчилдаг. Өнгөрсөн хугацаанд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон волейболын шигшээ болон Казахстаны тэмцээнд оролцсон хүндийг өргөлтийн тамирчид тус брэндийн хувцсаар гангарсан байна. Мөн бокс, сагс, бадминтон, шатар, хоккей зэрэг олон спортын тамирчдыг ивээн тэтгэж, хувцас хэрэглэлээр хангажээ. Тус компани нийт орлогынхоо 10 хувийг улсынхаа нэрийн өмнөөс тэмцээнд орж буй тамирчдыг ивээн тэтгэхэд зарцуулдаг байна. 


• Тус компани нийт орлогынхоо 10 хувийг тамирчдыг ивээн тэтгэхэд зарцуулдаг.

• Түүхий эдийн гаалийн татварыг бууруулснаар үйлдвэрлэлийн өртөг буурна.

• Adidas, Nike, Asics, Mizuno үйлдвэрүүдийн материалаа авдаг даавууны үйлдвэрээс түүхий эдээ оруулж ирдэг.


Тус салоноор ихэвчлэн мэргэжлийн тамирчид, шигшээ багийнхан үйлчлүүлдэг. Тоглолтын хослол 35-55 мянган төгрөгийн үнэтэй. Ерөнхийдөө сагс, волейбол, хөлбөмбөг, регби, бокс, хоккей, фитнесс болон ажлын хувцас, бэлтгэлийн хослол, цүнх зэрэг бүтээгдэхүүн хамгийн эрэлттэй байдаг аж. Түүнчлэн баяр ёслолын үеэр үндэсний дээл, костюм, даашинз зэргийг урладаг байна. Бүсгүйчүүд нэг даашинз өндөр үнээр авсан ч ганц баяраар өмсөөд л дахиж шүүгээнээсээ гаргадаггүй.

Тэгвэл “Monline”-ийнхан томоохон баяруудын өмнө шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ түр зогсоож, бүсгүйчүүдийн даашинзыг шинэчилж өгдөг аж. Энэ үеэр бүсгүйчүүд цүнх дүүрэн даашинз барьж ирээд л загвар, хийцийг нь шинэчлэн янзлуулдаг гэнэ. Хэн хэндээ хэрэгтэй үйлчилгээ гэж үүнийг хэлэх байх. “Үйлдвэрлэл эрхэлж буй ихэнх компани богино хугацаанд их ашиг олохыг урьтал болгодог. Үүнийг дагаад зах зээлээ алдах эрсдэл бий. Харин бидний хувьд бага ашгаар удаан хугацаанд оршин тогтнохыг эрмэлздэг. Шуналаа бага зэрэг хойш тавихад л амжилттай ажиллах боломж бүрдэх юм. Ажилчдаа цалинтай байлгах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь төлүүлэх, өндөр тэтгэвэрт гаргах, аз жаргалтай амьдруулах нь миний хувьд хамгийн гол ашиг” хэмээн А.Чимэд-Очир хэлсэн нь бусад үйлдвэрлэгчдэд нэгийг бодуулах биз ээ. Тэднийх хэдийгээр ачаалал ихтэй ч хүмүүсээ илүү цагаар ажиллуулах зэргээр шахдаггүй гэдгээ хэлж байв. Илүү цагаар, хонон өнжин ажиллавал ажлын бүтээмж муудна гэж үздэг учраас тэр. Харин үүний оронд ажлын цагийн бүтээмжийг дээшлүүлэх тал дээр илүү анхаардаг аж.

“Манай оёдлын салбарын гол бэрхшээл түүхий эдийн эрэлт хэрэгцээ. Даавуугаар дотооддоо хувцас үйлдвэрлэх, бэлэн хувцас импортоор оруулж ирэх хоорондоо асар их ялгаатай. Дотооддоо үйлдвэрлэх нь түүхий эдийн татвар, цалин хөлс, ажлын байр нэмэгдүүлэх гээд зах зээлийн хөгжлийг дээш татдаг. Тиймээс дотооддоо үйлдвэрлэх боломжгүй түүхий эдийн гаалийн татварыг чөлөөлөх нь зүйтэй. Түүнчлэн дотооддоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн- тэй ижил төрлийн импортын барааны гаалийн татварыг нэмэх зэргээр үндэсний үйлдвэрүүдээ дэмжмээр байна. Тухайлбал, БНХАУ-аас манайд орж ирж буй бүтээгдэхүүний гаалийн татвар маш бага. Мөн гаалийн татвар төлдөггүй тээврийн хэрэгслээр агуулахын үлдэгдэл болсон хямд бараа нэвтэрдэг. Түүхий эдийн гаалийн татвараа төлөөд, ажилчдаа цалинжуулдаг үндэсний үйлдвэрүүд үүнтэй өрсөлдөхөд хэцүү байна. Манай дарга нар үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж ярьдаг хэрнээ бодлогоо зөв тодорхойлоод хэрэгжүүлж чаддаггүй” хэмээн А.Чимэд-Очир эцэст нь хэлсэн юм.



САНАЛ БОЛГОХ