О.Лхагвацэдэн: Зунаас өмнө лагийг бүрэн бордоо болгоно
Нийгмийн хариуцлага
Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлд 300 сая ам.доллар зарцуулна
Хүйтний улирал дуусч хорт утаанаас түр ангижирдаг Улаанбаатарын иргэдийн ээлжит толгойны өвчин Төв цэвэрлэх байгууламжийн үнэр болдог. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн намар Төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцах үеэр, уг байгууламжийг шинэчлэх Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан байгуулсан. Уг ажлын хүрээнд цэвэрлэх байгуудамжийг халдваргүйжүүлэх төхөөрөмж суулгахаар болсон байна. Энэ талаар Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэнтэй ярилцлаа.
-Төв цэвэрлэх байгуулаамжийн үнэрийг дарах, шинэчлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ. Удахгүй урин дулаан цаг ирж, цэвэрлэх байгууламжийн үнэр хотоор нэг үнэртэж эхлэх нь?
-Үүнд манай газар ихээхэн анхаарч ажиллаж байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг хэрэгжүүлэхээр болсон. Цэвэрлэх байгууламжаас ялгарч буй лагийг дахин боловсруулах, бохир усны стандартыг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэвтрүүлж, урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг давхар зохион байгуулна. Тэгэхдээ уг ажлыг ХХААХҮЯ болон нийслэлийн удирдлага хариуцан ажиллах юм.
-Улсын төсөв, гаднын хөнгөлөлттэй зээл, тусламж гээд нийт хэчнээн төгрөг цэвэрлэх байгууламжийн шинэчлэлд зарцуулах вэ?
-Энэ бол нийтийн аж ахуйн салбарт хийгдэж байгаа томоохон хөрөнгө оруулалт. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг 300 сая ам.доллар гэж төсөвлөсөн. Мөн Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр таван аймгийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэхэд 17.5 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгдэж байна. Үүнээс гадна есөн аймагт мөн л цэвэрлэх байгууламжид 40 сая ам.доллар зарцуулна. Тэгэхээр 2019 он гэхэд улсын хэмжээнд цэвэрлэх байгууламжийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Гэхдээ хөрөнгө оруулалтын хувьд.
-Хөрөнгө оруулалт нь шийдэгдлээ гэхэд цэвэрлэх байгууламжуудыг бүрэн шинэчлэхэд хэр хугацаа зарцуулах вэ?
-Гаднын улс орнуудын хөрөнгө оруулалт бол мэдээж урт хугацааны, бага хүүтэй хөнгөлөлттэй зээл байгаа. Ялангуяа, Польшийн Засгийн газраас олгож буй зээл жилийн 0.15 хувийн хүүтэй. Энэ нь вальютын ханшийн зөрүүнээс шалтгаалан манай улсын хувьд алдагдалтай. Гэсэн хэдий ч хөрсний бохирдол, иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд уг ажлыг эхлүүлсэн. Эхний ээлжинд 2018, 2019 онд техник технологийн хувьд шинэчилнэ. Дараа нь боловсон хүчин, үйл ажиллагаа, үр дүнд анхаарал хандуулж ажиллана.
-Энэ жил Тайванийн хөрөнгө оруулалттай халдваргүйжүүлэх төхөөрөмжийг Төв цэвэрлэх байгууламжид суурилуулна гэсэн. Энэ нь түр хугацааны шийдэл үү?
-Төв цэвэрлэх байгууламжид халдваргүйжүүлэгч тоног төхөөрөмж суурилуулахаар ажиллаж байна. Одоо угсралтын ажил явагдаж байна. Энэ бол АСЕМ- ийн үеэр хийгдэж байсан ажлын үлдэгдэл. Уг төхөөрөмж нь лагийн бүтцийг задалж, халдваргүйжүүлэх, үнэр дарах зорилготой.
Таван аймгийн цэвэрлэх байгууламжийг 17.5 сая еврогоор шинэчилнэ
-Энэ нь лагийн үнэрийг хэдий хэр хугацаанд дарах боломжтой вэ?
-Ганцхан тоног төхөөрөмжийн хувьд ярьвал өрөөсгөл ойлголт болно. Төв цэвэрлэх байгууламжаас өдөрт 1200-1300 ам.метр лаг гарч байгаа. Үүнээс гадна олон жил хуримтлагдсан лаг хүртэл бий. Тэгэхээр уг тоног төхөөрөмж бол зөвхөн нэг хэсэгт нь хариу үйлдэл үзүүлнэ. Тухайлбал, шингэн байдлаар гарч байгаа лагийг гарахаас нь өмнө халдваргүйжүүлэх зориулалттай. Учир нь цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийн үнэрийн 80 хувийг шингэн лаг эзэлдэг. Тэгэхээр цаашид үе шаттайгаар лагийн асуудлыг шийдвэрлэж, үнэрийг дарж явна. Мөн энэ онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10 тэрбум төгрөгөөр үнэргүйжүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.
-Тэгэхээр шинэ цэвэрлэх байгууламж дэргэдээ дахин боловсруулах үйлдвэртэй гэсэн үг үү?
-Энэ бол лаг боловсруулах байгууламж. Харин дахин боловсруулах биш юм. Гэхдээ өнөөдрийн хувьд төсөв мөнгө шийдэгдээгүй асуудал учраас лагийг биологийн аргаар бордоо болгох ажлыг хийж гүйцэтгэж байна. Ерөнхийдөө энэ зунаас өмнө цэвэрлэх байгууламжид байгаа лагийг бүрэн бордоо болгохоор ажиллаж байгаа юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй