Оффшор бүс дэх дансаа дөрвөн иргэн мэдүүлжээ

Улс төр


Х.Энхжаргал: Оффшор бүсээс хөрөнгөө оруулж ирээгүй бол хуулийн дагуу шийтгэнэ


Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс оффшор бүсэд данс эзэмшдэг тухайгаа АТГ-т мэдүүлэх хугацаа өнгөрсөн баасан гарагт дууссан. Тэгвэл уг хугацаанд дөрвөн албан тушаалтан оффшор бүсэд эзэмшдэг өөрийн дансаа мэдээлсэн байна. Энэ талаар АТГ-ын дарга Х.Энхжаргал “илүү дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй нийтэд өгнө” хэмээв. Тэрбээр өнгөрсөн оны энэ үеэр УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулахдаа “Оффшор бүсэд Монголын 49 иргэний данс байна. Тэдний 29 иргэний нэр дээр 42 аж ахуйн нэгж бий. 20 хүн нь төрийн албанд ажиллаж байгаа” хэмээн хэлж байсан юм. Харин дөрвөн иргэн оффшор дансныхаа мэдээллийг АТГ-т ирүүлсэн нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн биелэлт хангалтгүй гэж дүгнэхээр байна. 


“Оффшор бүсэд Монголын 49 иргэний данс байна

Харин АТГ-ын дарга Х.Энх-жаргал өчигдөр “Оффшор бүсээс хөрөнгөө оруулж ирээгүй хүмүүсийг хуульд заасны дагуу шийтгэнэ. Бид бололцоот бүх шалгалтуудыг хуулийн дагуу явуулж байгаа” гэлээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд: Нээлгэсэн банкны дансаа хаалгах; 

101.4.2.Банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах; 
101.4.3.хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах;
101.4.4.хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох хэмээн заасан байна. Харин эдгээр заалтыг биелүүлээгүй бол тухайн албан тушаалтныг эгүүлэн татах үндэс болно хэмээн тус хуулийн 101.7-д тусгасан байгаа юм. Оффшор бүсэд 42 аж ахуйн нэгжтэй 29 иргэний талаар атг-ын дарга Х.Энхжаргал “Энэ асуудлаар олон хүнийг шалгаж байгаа. Эрүүгийн хэрэг учраас прокурорын зөвшөөрөлгүй ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.



САНАЛ БОЛГОХ