Засаглал муутай компаниудын зам мухардаж байна
Нийтлэлчийн булан
Компанийн засаглалыг жижиг хувьцаа эзэмшигчдэд хандах хандлагаар нь хэмжье
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлан хуралдуулах хугацаа энэ сард дуусгавар болно. Тэд үйл ажиллагааны ашиг, орлогоос хамааран нэгж хувьцаанд хэчнээн төгрөгийн ногдол ашиг тараахаа олон нийтэд эхнээсээ мэдэгдэж байгаа. Компанийн засаглалын үндэсний тайлангаас харахад, хөрөнгийн биржид данстай зарим хувьцаат компани засаглалын үзүүлэлтээсээ болоод зангаа таниулж эхэллээ. Энэ байдал нь тухайн компанийн хувьцааны үнэлгээнд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хөрөнгө оруулагчдын итгэлд сэв суулгах хэмжээний эрсдэл болдог. Нэг компанийн жижиг алдаа эргээд нийт зах зээлийн өсөлтөд тээг тавих сул талтай. Компанийн энгийн болон давуу эрхийн хувьцааг эзэмшсэн этгээд тухайн компанийн хувьцаа эзэмшигч болдог. Хувьцаа эзэмшигч мэдээлэл авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал өгөх эрхтэй. Гэтэл Монголд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгийн их зөрчигдөж буйг тайлангаас харж болно. Энэ талын гомдол Санхүүгийн зохицуулах хороонд байнга ирдэг байна.
Тухайлбал, өнгөрсөн онд иргэд, хөрөнгө оруулагчаас нийт 267 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд үүний 26 хувь нь үнэт цаасны зах зээлтэй холбоотой байв. Хүний итгэлийг олох гэж яваа зах зээлд бүртгэлтэй компаниудад тунгалаг, ил тод засаглал үгүйлэгдэж байгаа нь энэ. Гомдол, өргөдлийн дийлэнх нь хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй хийгдсэн арилжаатай холбоотой байгаа юм. СЗХ-ноос энэ талын зөрчил гаргасан 17 брокер, дилерийн компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг өнгөрсөн онд хүчингүй болгожээ. Зөвхөн нэг жилд 17 компани зөрчил гаргадаг гэхээр хувьцаа эзэмшигчид хэрхэн хохирч байгаа нь ойлгогдоно. “Компанийн засаглалын үндэсний тайлан”-д олонх компани хувьцаа эзэмшигчдийн үндсэн болон бусад эрхийг маш бага хувиар эдлүүлэх хандлагатай байна хэмээн дурджээ. Хэдийгээр хууль, тогтоомжид хувьцаа эзэмшигчдийн эрхийг харьцангуй сайн тусгаж өгсөн ч үүнийг хэрэгжүүлэх тал дээр компаниуд хангалтгүй үнэлгээ авсан хэвээр. Ногдол ашиг болон үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ил тод байлгах нь тухайн компани хэр засаглал сайтайг илтгэдэг. Тэгвэл хөрөнгийн биржид бүртгэлтэй 200 гаруй компанийн 123 нь өнгөрсөн оны байдлаар үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа тогтмол ирүүлж хэвшиж эхэлж байна.
• Ногдол ашиг болон үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ил тод байлгах нь тухайн компани хэр засаглал сайтайг илтгэдэг.
• Компаниудын санхүүгийн тайлантай холбоотой дутагдал, зөрчил маш их гарах болов.
• Хяналтын багц ийнхүү цөөн тооны хөрөнгө оруулагчдын мэдэлд байгаа нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдөх эхлэл болсон
Үлдсэн 60 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь тодорхой бус, х тайлан гаргажээ. Тайлангаа өгөх хуулийн хугацаа хэдийнэ өнгөрсөн ч хэл ам дагуулж байж сая нэг хагас дутуу тайлан илгээдэг байна. 60 компанийн цаана хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөж буй. Компанийн сайн засаглалыг нэвтрүүлж, соёл болгон хэвшүүлж чадаагүй, нэг ёсондоо хүй нэгдлийнхээ түвшинд байна гэсэн үг. Ийм компаниудаас хөрөнгө оруулагчид дөлдөг. Тэрчлэн олон улсын зах зээлд гарах тухай яриад ч яахав. Тухайн хувьцаат компанийг хөрөнгө оруулагчид ихэвчлэн хагас жилийн болон жилийн тайлангаар нь дүгнэж ирсэн. Гэхдээ компанийн тайлан бүхнийг 100 хувь харуулж чадахгүй болж байна. Учир нь, компаниудын санхүүгийн тайлантай холбоотой дутагдал, зөрчил маш их гарах болов. Тухайлбал, тайланд хөндлөнгийн аудитор оролцоогүй байх тохиолдол цөөнгүй гарчээ. Уг нь хувьцаа эзэмшигчдийн итгэлийг бий болгох зорилгоор компанийн санхүүг Манай улсад бүртгэлтэй байгаа компаниудын хувьцааны ихэнх нь цөөн тооны хөрөнгө оруулагчдад төвлөрсөн. Хяналтын багц ийнхүү цөөн тооны хөрөнгө оруулагчдын мэдэлд байгаа нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдөх эхлэл болсон гэж үздэг. Энэ нь хөрөнгийн зах зээлийн талаарх сөрөг ойлголт олон нийтийн дунд газар авахад хүргэж буй. Тэдний эрх ашигтай холбоотой мэдээлэл авах, санал өгөх, ногдол ашиг авах, компанийн засаглалтай холбоотой зөрчил голлосон хэвээр байна. Хөгжиж буй зах зээлийн хамгийн чухал оролцогч нь чухамдаа жижиг хувьцаа эзэмшигч. Үүнийг сүүлийн хоёр жилд амжилттай болсон компаниудын IPO бага багаар харуулсан гэж хэлж болно.
Тухайлбал, энэ оны гуравдугаар сард хөрөнгийн зах зээлд хөл тавьсан “ЛэндМН ББСБ” олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчдад нийт хувьцааныхаа 25 хувийг санал болгосон. Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дундаас хамгийн их захиалга авсан тус компани 5823 хувьцаа эзэмшигчтэй болж, хөрөнгийн зах зээлээс богино хугацаанд таван тэрбум төгрөг татан төвлөрүүлж чадсан. Энэ нь хөрөнгийн зах зээлд ямар их нөөц, боломж байгааг бодитоор үзүүлэв. Үл хайхарч байсан жижиг хувьцаа эзэмшигчдээ гаднын компаниуд хүртэл аргадаж, тэдний өмнө бөхийж байна. Тухайлбал, жилийн тайлангийн хурал ойртох тусам өмнөд Солонгосын компаниуд жижиг хувьцаа эзэмшигчдийг санал өгөх эрхээ эдлэхийг уриалах болов. Өмнө нь тус улсын компаниуд тайлангийн хуралдаа жижиг хувьцаа эзэмшигчдийг урилгүй, хурлаа түргэхэн дуусгаж, хөрөнгө оруулагчдын шүүмжлэлийг сонсохоос зайлсхийдэг байсан бол нөхцөл байдал одоо 360 градус эргэжээ. Тайлангийн хурлаа ёс төдий хийдэг компаниуд хувьцаа эзэмшигчдийн ирц бүрдүүлэх шинэ журам мөрдөх болсон нь компанийн засаглал шат ахих боломж хэмээн харж байна. Монголд ч ялгаагүй хувьцаа эзэмшигчдийг үл тоомсорлодог, олон компани нэг өдөр тайлангийн хурлаа зэрэг хийдэг хуучинсаг байдал үргэлжилсээр. Хөрөнгийн зах зээл хөгжөөд 28 жил өнгөрөхөд дөнгөж 20 гаруйхан компани IPO хийсэн. Илүү олон компани хувьцаагаа олон нийтэд санал болгох боломж байсан ч компанийн тааруу засаглал үүнд чөдөр болсоор ирлээ. Харин одоо үүнийг хөрөнгийн зах зээлд шинээр гарч буй компаниуд өөрчилж магадгүй юм. Тэд илүү олон хувьцаа эзэмшигчтэй болж, тэлж томрохын тулд компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах хэмжээнд төлөвшиж байна. Энэ ололтоо хадгалж чадвал өмнөд Солонгос болон Британийн сайн жишээ Монголоос хол биш.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй