Гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй баримт, мэдээлэлтэй тул үргэлжлүүлэн хорив

Улс төр


Экс Ерөнхий сайдууд шүүх хуралд онлайнаар оролцсон байна


Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 30 хоногийн хугацаатай хорьж, шалгах шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргалаа. Тэднийг үргэлжлүүлэн хорих хүсэлтээ Нийслэлийн прокурорын газар энэ сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хүргэжээ. Шүүх хуралд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын өмгөөлөгчид оролцож, харин өөрсдөө Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар байцаагдсан юм. Харин яллагдагчаар татагдаад буй экс Ерөнхий сайдуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр үргэлжлүүлэн хорилоо. Үүнд “Гэмт хэрэг дахин үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн заалт хамаардаг. Мөн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах зүйл аж. Харин шүүх хурлын үеэр Ерөнхий сайд асан С.Баяр “Нэг сарын хугацаатай баривчлагдах, цагдан хоригдох нь надад сонин биш. “Оюутолгой”-н гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорих нь Монголын нэр хүнд дэлхий дахинд унах, “Оюутолгой”-н гэрээ хүчин төгөлдөр буст тооцогдох, “Оюутолгой” төслийн нэр хүнд унах нь Монголын эдийн засагт нөлөөлнө.

Тиймээс үүнийг харгалзан үзээч” гэж шүүгч нарт хэлснийг түүний өмгөөлөгч С.Ариунаа хэвлэлийнхэнд мэдээлэв. Мөн өмгөөлөгчдийнх нь хэлж буйгаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг зэргэлдээ өрөөнд байцаасан бөгөөд шүүгчийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорьсон гэнэ. Тэгэхдээ “Гэмт хэргийн ул мөр нотлох баримтыг үрэгдүүлэх, зөөвөрлөх, устгаж болзошгүй” гэсэн үндэслэлээр цагдан хорьжээ. Ерөнхий сайд асан Ч. Сайханбилэгийн өмгөөлөгч Л. Данзанням “Засгийн газрын тухай хууль болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиудад зааснаар төрийн тусгай хамгаалалт нь дуусаагүй хүнийг зөвхөн шүүхийн шийдвэрээр цагдан хорьдог. Гэтэл АТГ-аас түүнийг төрийн тусгай хамгаалалттай нь хамт хорьж, цагдсан нь хууль зөрчсөн үйлдэл” гэлээ. Мөн өмгөөлөгч нь АТГ-ыг хууль зөрчиж баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээнээс хамгийн хүнд хэлбэрийг сонгож байна хэмээн буруутгаж байв.



САНАЛ БОЛГОХ