А.Очирболд: Монголын нийгэм уран бүтээлчдийг тэжээж чадахгүй байна
ЗГМ: Зочин
Москвад тавигдсан монгол морины хөшөө 300 сая төгрөгөөр бүтсэн
Уран барималч А.Очирболд Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа цөөн уран бүтээлчийн нэг. Түүний урласан монгол морьдын хөшөө эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болж Москвад заларсан бол өөр нэг бүтээл нь НҮБ-ын төв байрны талбайд сүндэрлэж байна. Авьяаслаг энэ эрхмийг сониныхоо зочноор урьж ярилцлаа.
Таны бүтээлүүд хүмүүст хэдийнэ танил болсон. Анх барималч болсон түүхийг тань сонирхож, ярилцлагаа эхэлье?
Би Дүрслэх урлагийн дээд сургуульд таван жил суралцаж, 1998 онд төгссөн. Тэр үеэс хойш 20 жил уран баримал гэдэг урлагтай салшгүй холбоотой явна. Ер нь хүүхэд болгон л өөрийнхөө хэмжээнд зурдаг, баримлын шавраар тоглодог шүү дээ. Би ч тэдний л адил. Бусдаас онцгойрсон авьяас байгаагүй. Харин өөрөө сонирхолтой байсан болохоор Дүрслэх урлагийн дээд сургуульд орсон юм. Гэхдээ яваад ороход төсөөлснөөс огт өөр ертөнц угтсан. Уран барималч гэдэг бусдаас онцгой мэргэжил учраас их хэцүү гэдгийг нь сургуульд орсон хойноо л ойлгосон.
-Анх өөрөө гардан хийсэн ямар бүтээл байна вэ?
-Оюутан байхад курсийн ажлын хүрээнд удирдаач Ж.Чулуун гуайн баримлыг бүтээж байлаа. Тэр хүний төрхийг хийл дарж байгаагаар дүрсэлж бүтээсэн нь амжилттай болсон. Үүнээс хойш янз бүрийн хөшөө дурсгал хийж явсаар 2010 оноос хойш яг өөрийнхөө уран бүтээлийг хөөж эхэлсэн.
-Төгссөнөөс хойш хийсэн бүтээлүүдээ тоолж үзсэн үү. Хэр их вэ?
-Ерөөсөө тоолж үзээгүй юм байна. Их олон байх аа. Зөвхөн том хөшөө дурсгалууд гэхэд АНУ, Москва, Германд байгаа. Монголд бас арваад бий. Жижигхэн баримлуудыг бол тоолохын аргагүй олон.
-Нэг томоохон баримал урлахад ойролцоогоор хэдий хугацаа зарцуулдаг вэ?
-Ер нь хэдэн сараар л яригдана даа. Тав зургаан сар, бүтэн жил ч хийдэг баримал байна. Жишээ нь, Яармагийн морин тойруулга дээр байдаг морины баримлыг жил гаруй хийсэн. Түмэн хишигтний есөн баримлын зөвхөн загварыггаргахад хоёр жил гаруйн хугацаа зарцуулж байлаа.
-Таны урласан монгол морьдын хөшөө өнгөрсөн жил Москва хотод сүндэрлэсэн. Энэ хөшөөг барихаар болсон түүхээ сонирхуулаач?
-“Монгол глобал” компанийн захирал Б.Ганбаяр ах анх санаачилж, надаар хийлгэсэн юм. Гэхдээ хөшөө яг ийм байх ёстой гэсэн шаардлага тавиагүй л дээ. Нэг ёсондоо уран бүтээлч хүний эрх чөлөөг өгсөн гэсэн үг. “Монгол морь яаж тэмцэж, ялалтруу хэрхэн тэмүүлсэн тэр л хүчийг харуулаад өг” гэсэн юм. Өөрийнхөөрөө бүтээх эрх чөлөө олгосон нь аятайхан бүтээл болоход нөлөөлсөн гэж боддог. Ингээд ялалтын баярын ойгоор Монголын ард түмний бэлэг болгож өгсөн шүү дээ. Ямар ч байсан Оросын дарга нарт их таалагдсан гэсэн. Анх Москва хотын дарга нь “Баримал хийц болон материалын хувьд нийцэхгүй бол байршуулах боломжгүй” гэсэн юм билээ. Харин бэлэн болсны дараа ирж шалгаад, бүх шаардлагад нийцсэн гэж таалаад тавихаар болсон юм.
-Таны бас нэг бүтээл “Ухамсар” хөшөө НҮБ-ын төв байрны өмнө тавигдсан. Энэ бүтээлийн талаар сонирхуулна уу?
-Энэ бол Монголын ард түмнээс өгч буй бэлэг. Гэхдээ НҮБ-д өгөх бэлэг тодорхой шалгууртай байдаг. Улс орон бүр өөрсдийн бүтээлээ НҮБ-д бэлэглэх уралдаан шахуу юм болдог юм байна. Тэр жил гэхэд НҮБ-д бүртгэлтэй бүх л улс бүтээлээ ирүүлсэн байсан. Харин энэ дундаас Монголын уран баримал үзэл санаа болон хийцийн хувьд нийцэж шалгаруулалтад тэнцсэн юм билээ. Нью-Йоркт, тэр дундаа НҮБ-ын төв байрны урд талбайд бүтээлээ тавина гэдэг миний хувьд хамгийн том мөрөөдөл, гайхалтай том хүндэтгэл байлаа. “Ухамсар” нэртэй энэ баримал даа хүн төрөлхтний бүх сэдвийг шингээхийг зорьсон. Бид мэдсээр байж буруу үйлдэл хийдэг. Энэ нь эргээд хүн төрөлхтөндөө сөргөөр нөлөөлж байна гэсэн санааг илэрхийлэхийг хүссэн юм. Тиймээс хүн ухамсраа л өндөр байлгах ёстой. Тэр зогсоод байгаа нь хүний ухамсар байгаа юм. Харин хүний улын мөр нь материаллаг бие буюу бид өөрсдөө. Хүмүүс байгаль дэлхийг хайр гамгүй эдэлж хэрэглэж байгаад яваад өгдөг. Харин ухамсар нь бидний буруу юм хийж байгааг мэддэг, байгальтайгаа мөнхөд оршдог гэсэн санаа.
-НҮБ-ын байранд хөшөөгөө тавиулсны дараа гаднаас хамтран ажиллах саналууд ирсэн үү?
-Ер нь Очирболд гэдэг уран бүтээлчийг мэддэг хүн гадаадад олон бий. Жишээ нь, Германд миний бүтээлийг худалдаж авдаг хүн цөөнгүй. Гэхдээ НҮБ-ын байранд бүтээлээ тавьснаар илүү олон хүн мэддэг болсон байх. Тийм учраас сонирхох хүрээ ихсэж, янз бүрийн үзэсгэлэнд оролцох саналууд их ирж байгаа. Хүссэн хүн бүр уран бүтээлээ энд байршуулж чадахгүй гэдгийг урлаг сонирхогчид мэднэ л дээ.
-Та бүтээлээ хэрхэн үнэлдэг вэ. Мэдээж бүтээлээсээ шалтгаалаад үнэ хөлс нь янз бүр байх?
-Гарсан зардал дээрээ нэмээд өөртөө ашигтай байхаар бодно. Зарим баримал маш олон дамжлага давж, их хэцүү бүтнэ. Тэр хэрээр зардал нэмэгдэнэ гэсэн үг. Ер нь хамгийн олон дамжлагатай урлагийн төрөл шүү дээ. Би өөрөө үндсэн хийц загвараа гаргахаас гадна гүйцэтгэгч маш олон хүний хөдөлмөр ордог. Энэ болгоноос шалтгаалаад үнэ янз бүр.
-Жишээ нь, Москвад тавигдсан морины хөшөө ямар өртгөөр бүтсэн бэ?
-Тухайн үед 300 гаруй сая төгрөгийн өртгөөр бүтсэн санагдаж байна. Гурван жилийн өмнөх явдал шүү дээ. Харин одоо ийм баримал хийвэл ам.долларын ханшаас шалтгаалаад зардал улам л нэмэгдэх байх. Монголд хөшөө цутгах үйлдвэр байхгүй учраас гадагшаа явж, валютаар тооцоо хийдэг юм.
-Таны хувьд хийснийхээ дараа хамгийн их сэтгэл ханамж авч байсан бүтээл юу байв?
-Ер нь уран бүтээлч хүн сэтгэл ханатлаа л хийдэг юм. Тиймээс энэ нь сайн, энэ нь муу болсон гэж хэлэх аргагүй. Сэтгэл дундуур байвал янзалж, өөрчилсөөр байгаад гоё болгож санаа амарна. Гэхдээ захиалгын ажил, уран бүтээл хоёр тусдаа асуудал. Заримдаа захиалга өгч байгаа хүмүүс яг өөрийнхөө хүслээр хийлгэх гээд байдаг. Харин уран бүтээл бол өөрийнхөө зарчмаар явж байгаа учраас жинхэнэ “солиорч өгнө”.
-Яагаад реалист чиглэлээ өөрчилж, модерн хэв загвар руу орохоор болсон юм бэ?
-Ер нь дэлхийн урлаг реалист чиглэлээсээ татгалзаад эхэлсэн. Орчин үеийн хэв маяг гэдэг тухайн хүн яаж сэтгэж байна, түүгээрээ л хийдэг болсон. НьюЙоркт боссон баримал маань үндсэндээ ийм хэв маягтай шүү дээ. Ерөнхийдөө реалист урлаг бол эцэстээ тултал хөгжчихсөн гэдэг санааг илэрхийлэх гээд байна. Тиймээс заавал оргилдоо хүрчихсэн урлагаар дагнах хэрэг байна уу. Дэлхий хаашаа явж байна, түүнийг ойлгож мэдэх хүсэлдээ хөтлөгдсөн хэрэг. Хийгээд ирэнгүүт маш их сэтгэлийн таашаал, хүн байхын бахархлыг олж авдаг.
-Улаанбаатарын гудамжинд байгаа баримлуудыг хараад ямар бодол төрдөг вэ?
-Манай баримлууд бүгд реалист хэв загвартай шүү дээ. Би Улаанбаатар хотод илүү орчин үеийн баримал бүтээж тавиасай гэж боддог. Хэрэв хуучин социализмын үеийн хэв загвартай баримал хийж тавиад л байвал хүний оюуны хөгжил урагшлахгүй гэсэн үг. Тиймээс орчин үеийн урлагийг илүү таниулж байх хэрэгтэй.
-Жишээлбэл, "Ухамсар" шиг гүн гүнзгий утга агуулгатай хөшөө олон байвал хотын иргэдийн сэтгэхүйд ямар нэг байдлаар нөлөөлөх үү?
-Бусдад нэгийг бодогдуулсан баримал, хөшөө хүний сэтгэхүйд хүчтэй нөлөөлдөг гэж үздэг. Аль нэг хүний хөшөө байлаа гэхэд “Энэ тэрний хөшөө байна” гэж хараад л өнгөрнө. Харин орчин үеийн баримлаас арай өөрийг харж болно. Жишээ нь, хүн ямар үйлдэл хийхээ бодож байх хэрэгтэй гэсэн санааг “Ухамсар” баримлаар дамжуулан хүргэж байна гэсэн үг. Тиймээс илүү утга учиртай, орчин үеийн, хүмүүст нэгийг бодуулсан, өгөөжтэй бүтээл хэрэгтэй байгаа юм. Дэлхий нийтийн чиг хандлага ч энэ зүгт байгаа.
-Монголд уран баримлаар дагнасан хэдэн хүн байдаг вэ?
-Арав гаруй барималч байгаа болов уу. -Миний бодсоноос цөөхөн байна шүү?
-Яахав, сургууль төгссөн болгоныг тоолбол олон л доо. Гэхдээ тэр дундаас мэргэжлээрээ явж байгаа нь цөөхөн юм. Лав л намайг 1998 онд төгссөнөөс хойш их л цөөхөн барималчин гарсан.
-Чадаж байгаа нь амжилтад хүрч, чадахгүй нь шахагддаг хатуу ширүүн ертөнц бололтой?
-Хүнээс маш их тэсвэр тэвчээр шаарддаг урлаг л даа. Үүнд нь хүмүүс шантардаг байх. Уран сэтгэмжээс гадна биеийн хүч их шаарддаг, шат дамжлага ихтэй, нэг бүтээл хийхэд зардал их гээд бүх талаараа хэцүү.
-Уран баримлын дотоодын зах зээл хэр вэ. Та бүхний бүтээлийг ойлгож, худалдаж авдаг хүн хэр олон бэ?
-Би сүүлийн үед захиалгын баримал хийхээ больж, уран бүтээлдээ илүү анхаарч байгаа. Тиймээс дотоодын зах зээлийн талаар сайн мэдэхгүй юм. Миний хувьд хийсэн бүтээлийг маань хүмүүс удалгүй авчихдаг. Харин бусад барималчийн талаар мэдэхгүй байна. Анзаараад байхад сүүлийн үед суварга, хурдан морь л их хийлгэдэг болж.
-Хотын удирдлагуудын зүгээс гоё уран баримал хийлгэхээр танд хандаж байв уу?
-Манай хот одоохондоо уран баримал бодохтой манатай байгаа юм биш үү. Эхлээд зам, барилгаа янзлах гээд үзэж байх шиг байна. Харин дараа нь энэ талаар бодох байлгүй дээ. Уг нь том хотод боловсон бие засах газраасаа эхлүүлээд урлагийн бүтээл хүртэл бүх юм байх ёстой.
-Уран баримлын хөгжлөөр аль улс дэлхийд өнгөлж байна вэ. Манай Монгол Улс хаахна нь явдаг бол?
-Ер нь урлагийн тал дээр европууд л дэлхийд тэргүүлдэг. Хятадад уран баримал мундаг хөгжиж байна л гэдэг. Гэхдээ Европыг гүйцэж яагаад ч чадахгүй. Манай Монголын хувьд нэгийг хийж, түүнийгээ нураасаар ирсэн ард түмэн. Дахин давтагдашгүй сайхан бурхдыг бүгдийг эвдлэхийг нь эвдэлж, заримыг нь гадагш гаргаад дууссан байх. Өндөр гэгээн Занабазар гэж Ази түмний бахархал болсон гайхалтай уран бүтээлч байна. Гэвч энэ хүний асар их бүтээлийн тал хувь нь ч Монголд үлдээгүй байх. Манай Ази тивд уран баримлын хөгжлөөр Япон нэгдүгээрт ордог. Тэгээд араас нь Солонгос, Хятад, Энэтхэгийг гэж урлаг судлаачид үнэлдэг юм. Монгол Улс тивдээ эхний хэдэд орж чадахгүй байгаа юм чинь дэлхийд сураггүй л байхгүй юу. Гэхдээ яваандаа сураг ажиг гарч эхлэх байлгүй дээ.
-Та бүхний залгамж халаа хэр бэлтгэгдэж байна вэ?
-Яахав , мэргэжлийн сургуулийг хүүхдүүд төгсөж л байна. Харин төгссөний дараа уран бүтээлч болж байгаа нь ховор юм. Энэ нь нийгмийн байдалтай л холбоотой байх. Монголын нийгэм тэднийг тэжээж чадахгүй байна гэсэн үг. Германд гэхэд мөнгөний боломжтой хүмүүс авьяастай залуусыг сурч байхад нь ивээн тэтгэж, уран бүтээл хийх боломж олгодог. Залуугаас нь тордоод ирэхээр тэр хүмүүс улам сайжрах нь тодорхой. Урлагийг ойлгож, дэмжих соёл Европын орнуудад илүүтэй харагддаг. Хүүхдээ бүр цэцэрлэгт байхаас нь үзэсгэлэн, галерей үзүүлж, “нүдийг нь нээдэг”. Энэ том соёл Монголд хэрэгтэй байгаа юм. Саяхан нийслэлийн бүх музейг иргэдэд үнэгүй үзүүллээ. Энэ их аятайхан хөтөлбөр болсон. Ер нь дунд сургуулийн сурагчдад музей, галерейг байнга үнэгүй үзүүлдэг болмоор байгаа юм. Томчууд нь мөнгөө төлөөд үзнэ биз. Харин хүүхдүүдээсээ юу авах вэ дээ. Үзүүлэх тусам хүүхдийн оюун санаанд хоногшиж үлддэг юм. Тэр хэрээр урлагийг ойлгож, мэдэрдэг болно.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй