Нийтийн тээврийн салбарт шинэ бодлого үгүйлэгдэж байна
Байр суурь
Өдөрт 500 мянга орчим хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг
Би нийтийн тээврийн үйлчлүүлэгч. Өглөө орой автобусны буудал “манаж”, товлосон чиглэлдээ амжиж суухаар уралдан гүйлддэг мянга мянган үйлчлүүлэгчийн нэг нь. Тиймдээ ч нийслэлийн нийтийн тээврийн алдаа, асуудал хоёрыг илүү бодитоор уншигчдад хүргэхийг зорилоо. Зорчигч бууж, суугаагүй байхад хөдлөх, буудал зарлахгүй байх, жолооч замын хөдөлгөөнд оролцож явахдаа утсаар ярих, чихэвчээр хөгжим сонсох, тамхи татах, ёс бус үг хэллэг хэлэх, эргэлтийн цагаасаа 30-50 минутаар хоцрох, хурд хэтрүүлэн давхих, эгнээ байр сольж сүлжих, жирэмсэн болон хүүхэдтэй хүмүүсийн суудал зориулалтаараа ашиглагддаггүй, иргэдэд зүйлсээ алдах, хяналтын камер нь ажиллахгүй байх гэх мэт тоочоод байвал дуусхааргүй нөхцөлд иргэд зорчдог. хэн бүхний мэддэг ч чимээгүй эвлэрдэг зөрчлүүд нийтийн тээврийн өнөөдрийн өнгө, нүүр царай болжээ. Хэдийгээр нийслэлийн нийтийн тээврийн газрын байцаагч нар шалгалт хийдэг ч зөрчил дутагдал цэгцрэхгүй байгаа нь энэ салбарт бодлогын шинэ менежмент хийх цаг болсныг харуулах шиг.
Тухайлбал, харилцаа үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, тээврийн хэрэгслийн бэлэн байдал, парк шинэчлэлт, цэвэрлэгээ ариутгал, эргэлтийн хугацаа, хүртээмж гэх мэтэд анхаарахад л асуудал цэгцэрнэ гэдгийг нийтийн тээврийн соёлын талаар саналаа хэлсэн иргэд дайж байгаа юм. Нийслэлийн тухайд өдөрт дунджаар 500 орчим мянган хүн нийтийн тээврийн үйлчилгээ авдаг гэсэн судалгаа байна. Эдгээр иргэнд энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 21 аж ахуйн нэгжийн 937 их, дунд, угсраа буюу троллейбус 88 чиглэлд үйлчилж байгааг нийслэлийн Нийтийн тээврийн газрын улсын ахлах байцаагч Х.Нарангэрэл онцоллоо. Тэрбээр мөн “Манай иргэд үйлчлүүлэхдээ хотын соёлыг чухалчилдаг байна. Ундааны сав, элдэв хоол хүнснийхээ уут савыг сууж байгаа газраа хаячихдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоочийн шаардлагыг биелүүлэхгүйгээр дайрч орж ирдэг, суудлын бүрээс бохирдуулдаг гэх мэт зөрчил байнга үүсгэдэг. Хэдийгээр шалгалт хийдэг ч зөрчил байсаар байна. Тэгэхээр иргэдэд анхааруулахад Зөрчлийн шинэ хуулиар нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явсан, нийтийн тээврийн хэрэгслийн эд ангийг эвдсэн, эсхүл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүнийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Тиймээс нийтийн соёлоос тээврийн үйлчилгээний чанар хамаарна” гэсэн юм. Харин уг хууль тогтоомжийг иргэд мэддэг эсэх, нийтийн тээврийн үйлчилгээнд хэрхэн сэтгэл хангалуун байдгийг иргэдийн төлөөллөөс тодрууллаа.
ХҮҮХЭД ХӨГШДИЙГ АВДАГГҮЙ
Х.Цэнд-Аюуш: (Чингэлтэй дүүргийн XVII хорооны иргэн)
-Нэг үеэ бодвол ухаалаг картын системд шилжээд үйлчилгээ нь сайжирсан. Би Чингэлтэйн эцэс хүртэл явдаг. Манай чиглэлд хоёр компанийн автобус хоёрхон чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. иргэд бид компанийнх нь нэрийг мэдэхгүй юм. гэхдээ цэнхэр автобус нь арай дээр. Нөгөө чиглэлийнх нь автобус хүүхэд хөгшдийг ерөөсөө авдаггүй. Орхиод явчихдаг. Сая бас л орхигдчихоод дараагийн автобусыг хүлээж сууна. Өвлийн хүйтэнд чиглэлийнхээ автобусыг нэг хоёр цаг хүлээх тохиолдол гарч байлаа. Хотоос алслагдсан дүүргүүддээ автобусныхаа хүрэлцээг сайжруулаасай. аль болох хүмүүсээ бүрэн суулгадаг байгаасай. Иргэд бууж суух хугацааг ядаж 40 секунд болгомоор байна. Зогсонгуут хүнээ дутуу хагас буулгаад л хөдөлчихдөг. Настай болон хүүхдүүд амжиж бууж, сууж чаддаггүй. ЭРГЭЛТИЙН
ХУГАЦААГАА ШИНЭЧЛЭЭСЭЙ
Д.Алтанцэцэг: (Сүхбаатар дүүргийн X хорооны иргэн)
-Аль ч чиглэлийн автобусуудын нийтлэг бэрхшээл нь буудал дээр ирэхээрээ бөөнөөрөө ирдэг. Ирэхгүй болохоороо 30-50 минут ч хүлээлгэдэг. Цагийн хуваарийн буруу төлөвлөгөөтэй байдаг шиг санагддаг. Нийслэлийн хүн ам цөөн байх үеийн хуваарь, загвараар эргэлтийн тооцооллоо хийчихсэн. Гэтэл өнөөдрийн улаанбаатарт замын ачаалал тодорхой цагуудад хэтэрдэг. Үүнийг удирдлагууд нь мэдсээр байж иргэдийн ачаалалгүй цагуудад тээврийн хэрэгслүүдээ ойр ойрхон зам дээр гаргачихдаг шиг санагддаг. Өндөр ачаалалтай, ажил, цэцэрлэг, сургууль тарах үеэр бүх чиглэлийн автобус нэг талдаа гараад хэдэн километрийн урт цуваа үүсгээд түгжирчихдэг. Нэг үеэ бодвол авто замын ачааллыг камераар хянаад байж болдог болсон. Тэгэхээр камерынхаа тусламжтайгаар хөдөлгөөнөө зохицуулаад байж болмоор санагддаг. Үүнээс болж хүүхэд, хөгшид буудал дээр удаан хугацаанд даарах, ажил хичээлээсээ хоцорч бухимдал үүсдэг. тэгэхээр цагийн хуваарь, үйлчилгээний хүртээмжээ сайжруулах л хэрэгтэй байна.
ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРГАДАГ БАЙМААР САНАГДДАГ
С.Баяр: (Баянгол дүүргийн оршин суугч)
-Манай нийслэл сая гаруй хүн амтай том хот болсон. Гэтэл гол үйлчилгээний салбар болох нийтийн тээвэрт сэтгэл хангалуун байж чаддаггүй. Маш бохир. Сандал суудал, танхим нь шороо тоос хир буртагтай. “Ривер гарден” чиглэлийн автобусаар үйлчлүүлдэг. Гэтэл энэ чиглэлийн тээврийн хэрэгсэл цөөн, их удаан хүлээлгэдэг. төвийн чиглэлийн автобуснууд хэд хэд ирсний дараа арай гэж ганц ирдэг. Ирэхдээ маш их хүнтэй байдаг. Жолооч нарынх нь харилцаа их сул. Нэг үеэ бодвол залуучууд настайчуудад суудал тавьж өгдөг болсон ч автобус үйлчилгээний компаниудаас хамаарсан соёл үйлчилгээ нь бухимдуулдаг. Өглөөд ажлаа эхлэхдээ цэвэрлэгээ хийснийг нь үйлчилгээнд гаргадаг баймаар. Тэд ийн ярилаа. Мэдээж тэр бүр сайшаал хүртээд байдаггүй энэ салбарт шийдвэл зохих асуудал бишгүй ч хувийн компаниудын бодлого, эрх ашгийн давамгайллаар өнөөдрийг хүртэл хотын нийтийн тээврийн салбар оршин тогтносоор ирснийг олон хүн хэлдэг. Тиймээс алдааг нь тоочихгүйгээр хэрхвэл зохих давуу талыг нь онцлоход илүү хялбар болов уу. Хотын соёлын нүүр царай болсон нийтийн тээврийн салбарт бодлогын хувьд ч үйл ажиллагааны зөв хуваарилалтын хувьд ч шинэлэг менежмент хэрэгтэй байгааг хаа хаанаа анхаарах цаг болжээ. Цөөн үгээр бол энэ салбарт хийх ёстой хамгийн чухал хөрөнгө оруулалт нь соёлын довтолгоо гэдгийг энэ удаад хөндлөө.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй