Тавантолгой цахилгаан станц төслийн түгжээ нь Rio Tinto

Нийтлэлчийн булан


Өмнөд бүсийн эрчим хүчний шинэ эх үүсвэр “Оюутолгой”- гоос болж хойшилсоор ирсэн


Монголын эдийн засгийн ойрын болон дунд хугацааны хөгжлийн төлөв байдлыг тодорхойлох мега төслүүдийн томоохон нь өмнийн говьд хэрэгжиж байгаа. Эдгээр төслийн түүчээ нь Оюутолгой, Тавантолгой. Экспортын болон төсвийн орлого бүрдүүлэхэд өмнөд бүсийн үүрэг, оролцоо энэ хэрээр нэмэгдсэн. Тэгвэл өмнөд бүс нутагт эрчим хүчний найдвартай эх үүсвэр өнөөг хүртэл үгүйлэгдэж байна. Цаашдаа ч хүлээгдэж байгаа төслүүд өмнөд бүсэд олон. Төсөл болгон эрчим хүчээр тэжээгдэнэ. Эдийн засгийн ач холбогдлоо дагаад төмөр зам, эрчим хүч, баяжуулах үйлдвэр яах аргагүй уурхайн бүсэд байх ёстой дэд бүтэц. Энэ гурав байснаар олборлох түүхий эдээ бид нэмүү өртөг шингээж, бага зардлаар тээвэрлэх боломжтой. Тэрчлэн дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулна гэсэн үг. Цахилгаан станцгүйгээр уул уурхайн ордын өгөөжөө өөдрөг төсөөлөхөд бэрх. Засгийн газар хоёр сарын өмнө “Оюутолгой” компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалж, дөрвөн жилийн хугацаанд эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс худалдан авах шаардлагыг тавьсан.

Энэ бол 2009 онд байгуулсан “Оюутолгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан заалт. Үүнийг мөрдөх даалгавар өгснөөр “Оюутолгой” эрчим хүчний эх үүсвэрийн эрэлд одоо л гарч байна. Угтаа “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд Тавантолгой цахилгаан станцын төсөлд “Оюутолгой” 2015 он гэхэд баталгаа гаргах байсан. Гэвч “Оюутолгой” төслийг Монголын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй Rio Tinto энэхүү төсөлд баталгаа гаргалгүй сунжирсаар өдийг хүргэсэн билээ. Өнөөдөр уг төслийн “түгжээ”-г эргэн харвал, Монгол Улсын Засгийн газар бус “Оюутолгой” болохоор байгаа юм. Ил уурхай үйл ажиллагаа явуулж, анхны баяжмалаа “Оюутолгой” экспортолсон 2013 оноос хойш БНХАУ-аас жилд 130-140 сая ам.долларын эрчим хүч худалдан авч байна. Гүний уурхайн олборлолт 2021 оноос эхэлнэ. Тэр үед жилд бараг 200 орчим сая ам.долларын эрчим хүч хэрэглэх тооцоо бий. Тавантолгойн цахилгаан станц үүнээс өмнө ашиглалтад орж, эрчим хүчээ өгөх боломж байсан. Харамсалтай нь, Rio Tinto группийн алгуурлал уг төсөл хэрэгжихгүй байхад гол саад тээг боллоо. Харин “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” эрх зүйн чадамжгүй болсноор Монголын тал “Оюутолгой”-д шахалт үзүүлэх давуу эрхтэй болж, Хөрөнгө оруулалтын гэрээний заалт хэрэгжих нөхцөл бүрдсэн.

2014 онд байгуулсан дээрх гэрээг хүчингүй болгосноор Тавантолгой цахилгаан станцын төсөл хэвээр үргэлжлэх, эсэх нь эргэлзээтэй болж, шинэ хувилбар яригдаж эхэлсэн. Үүнээс хамгийн бодитой нь, Засгийн газар нэг тэрбум ам.долларын өртгөөр өндийх цахилгаан станцыг “Оюутолгой” компанид нэг мөсөн даатгаж, төслийн ТЭЗҮ-д задаргаа орох. Ингэснээр өмнөд бүсийн эрчим хүчний системд голлох үүрэг гүйцэтгэх 450 МВт- ын хүчин чадалтай станцын ашиглалтад орох хугацаа хойшилсон ч хэрэгжинэ гэсэн үг. Тэрчлэн станцын хүчин чадал болон хөрөнгө оруулалтын дүн ч энэ байдлаар өөрчлөгдөж мэдэхээр байна. Хэрэв “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээр манайх замнасан бол Тавантолгойн цахилгаан станц 2022 он гэхэд ашиглалтад орох нь эргэлзээтэй. Учир нь энэхүү гэрээнд хэзээ цахилгаан станцтай болох хугацааг нарийн тодорхой заагаагүй нь Rio Tinto групп хугацаа алдах сул талыг олгосон. Тавантолгой цахилгаан станцын төслийн нэгж Rio Tinto баталгаа гаргачихвал төсөл хөдлөхөд бэлэн байна гэж сүүлийн гурван жилийн турш ярьж байна. Гэвч тус групп дотоодын эрчим хүчний төсөлд баталгаа гаргах бус өмнөд хөршөөс эрчим хүчээ авахаа илүүд үзсээр 2018 онтой золгосон юм. Одоо нөхцөл өөрчлөгдөж, урьдын тооцоо, судалгааг дахин хийхээс аргагүй болсон тул цахилгаан станц ойрын хугацаанд бүтэх ажил биш болчихоод байна. “Оюутолгой”-н зүгээс дөрвөн жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрийн эрэлд өөрсдөө гарч, уурхай дээрээ цахилгаан станц барих хувилбар судлахаа хэдийнэ мэдэгдсэн.

Тус компани өөрийн эзэмшлийн станцтай болсноор Тавантолгойн цахилгаан станц гол хэрэглэгчээ алдана гэсэн үг. Ийм байдал үүсвэл олон жилийн турш үргэлжилсэн эрчим хүчний мега төсөлд цэг тавихад хүрнэ. “Оюутолгой” компани цахилгаан станцын бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажлаа эхлүүлж, Эрчим хүчний яаманд хандахаа илэрхийлсэн. Тэдний хэлж буйгаар өөрсдийн уурхайн дэргэд цахилгаан станц байгуулбал энэ нь манай улсын хувьд төдийлэн ашигтай хувилбар биш. Нөгөө талаасаа өөрийн эзэмшлийн цахилгаан станц барих зардал гүний уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд багтаагүй тул хаанаас мөнгө хэрхэн босгохоо эхэлж судална. Энэ нь “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын өртгийг нийтэд нь нэмэгдүүлэх төдийгүй хувь эзэмшигчдийн хүртэх ногдол ашиг хүлээх хугацааг хойшлуулж, өр зээлийг нэмэгдүүлэх сул талтай. Гүний уурхайн хөрөнгө оруулалт 5.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа. Тэгвэл цахилгаан станцын өртгийг нэг тэрбумаар тооцсоноор даруй 6.3 тэрбум ам.доллар болж, өсөхөөр байна. Засгийн газрын хувьд “Оюутолгой”- г Хөрөнгө оруулалтын гэрээгээр дамжуулан шахаж буй. Ийм боломжийг “Өмнөд бүсийн Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалснаар олж авсныг дээр дурдсан. Хэрэв цахилгаан станцаа дөрвөн жилийн хугацаанд барьж чадахгүй бол 2009 онд байгуулсан үндсэн гэрээг эргэж харахаа хүртэл салбарын сайд хатуухан мэдэгдсэн удаатай. Засгийн газрын хувьд хугацааны хязгаар тавиагүй гэрээг цуцалсан нь нөгөө талдаа Rio Tinto яаравчлахад хүргэсэн юм. Тавантолгой цахилгаан станцын төсөл ашигтай байх гол баталгаа нь “Оюутолгой”.

•“Оюутолгой” дотоодын эрчим хүчний төсөлд баталгаа гаргах бус өмнөд хөршөөс эрчим хүчээ авахаа илүүд үзсээр 2018 онтой золгосон юм.
• Өмнөд бүс нутагт эрчим хүчний найдвартай эх үүсвэр өнөөг хүртэл үгүйлэгдэж байна.
•“Оюутолгой” компанид дөрвөн жилийн хугацаанд эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс худалдан авах шаардлага тавьсан.

Гэвч “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” хүчингүй болсноор Тавантолгойн цахилгаан станцад “Оюутолгой” баталгаа гаргах, эсэх нь бүрхэг болсон. Эндээс л Засгийн газар болон “Оюутолгой”-н өгч буй мэдээлэл хоорондоо зөрж эхэлсэн юм. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т зааснаар “Оюутолгой” компани өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээг зөвхөн дотоодын эх үүсвэрээр хангах ёстой. Rio Tinto групп 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг түшиглэн Тавантолгойн цахилгаан станцын төсөлд баталгаа гаргаж өгвөл Тавантолгойн цахилгаан станц 2022 он гэхэд сүндэрлэх боломж бий. Rio Tinto төсөлд баталгаа гаргасан нөхцөлд Тавантолгой цахилгаан станц хөрөнгө оруулагчдын анхаарал татах магадлал илүү өндөр. Уг станц өмнөд бүсийн уурхай болон үйлдвэр, сууринг эрчим хүчээр хангах стратегийн ач холбогдолтойг нийтлэлийнхээ эхэнд дурдсан.

Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ Rio Tinto “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”- гээр үгүйсгэх бус биелүүлбэл Тавантолгой цахилгаан станц бодит ажил болох юм. “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” болон Хөрөнгө оруулалтын гэрээний заалт хоорондоо зөрчилдөх тохиолдол байсан. Харин одоо Хөрөнгө оруулалтын гэрээгээр бүх зүйл шийдэгдэх учиртай. Тавантолгой цахилгаан станцын төслийн хувьд багагүй ажил урагшилсан. Төслийн хөрөнгө оруулагчаар тодорсон Японы “Марубени” болон дотоодын аж ахуйн нэгж болох “Эм-Си- Эс Энержи” уг төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг 2016 онд үзэглэсэн. Уг гэрээ тодорхой бус байсан олон зүйлийг цэгцэнд оруулж, томоохон хэлэлцээрийн эхлэл тавьсан юм. Гэвч эдгээр ажил төслийн хамт нурахгүй байх баталгаа нь “Оюутолгой” болж байна. Тавантолгойн цахилгаан станцын “түгжээ” нь болж ирсэн Rio Tinto өнөөдөр нэг тэрбум ам.долларын өртөгтэй төслийг дэмжих нь илүү цаг хугацаа хэмнэхээр харагдаж байгаа. Хэрэв шинэ төсөл эхлүүлнэ гэвэл тоолуур нь гүйж эхэлсэн дөрвөн жил богинохон хугацаа. Үүнд амжлаа ч гэсэн Монголд ашигтай байх, эсэх нь улам эргэлзээ төрүүлж байна. Харин ТЭЗҮ нь бэлэн болсон, хөрөнгө оруулагч нь хэдийнэ тодорсон Тавантолгой цахилгаан станц төслийг өөд татах нь илүү ашигтай хувилбар биш гэж үү.


САНАЛ БОЛГОХ