Улстөрчийн ёс зүй хуулиас хүчтэй үйлчлэх ёстой

Улс төр


Мухардлаас гаргах хуулийн төслөө дэмжсэнгүй


Мухардлаас гаргах хуулийн төслөө дэмжсэнгүй Туршлагатай парламентч Д.Лүндээжанцангийн боловс­руулан, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд буй УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хууль болж батлагдах нь юу л бол. Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа энэ төслийг зарчмын хувьд дэмжсэн. Харин төрийн байгуу­лалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд, гишүү­дийн олонх нь дэмжсэнгүй. Эндээс хуулийн мухардлыг арилгах зорилго нь үндсэндээ хугацаа хожих арга байжээ гэдэг нь нотлогдлоо. УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсоноос хойш жил орчим хугацаа өнгөрөөд буй. Хаврын чуулганы нээлтийн өдөр улсын Ерөнхий Прокурорын газраас түүнийг УИХ-ын гишүү­нээс нь түдгэлзүүлэх хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтийг хан­гахын тулд УИХ хуулиараа 48 цагийн дотор хэлэлцэх шаардлага бий болсон юм. Харин УИХ дахь МАН-ын бүлэг Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцээд, хуулийн мухардалд орлоо гэсэн тайлбар өгсөн. Мөн мухардлыг арилгах төслийг Д.Лүндээжанцан гишүүн санаачилж байгааг нэмж дуулгав. Намын бүлэг бол УИХ дахь бүтцийн байгууллага.

Тэгэхээр Д.Гантулгын асуудлыг УИХ бүтцийн байгууллагаараа 48 цагийн дотор хэлэлцсэн үү, хэлэлцсэн. Харин шийдвэр нь ард иргэдийн зүгээс хүчтэй шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарах тул “Мухардлыг арилгах аргыг Д.Лүндээжанцан гишүүн боловсруулж байгаа” гэсэн тайлбараар намжаасан нь тэр юм. Үндсэндээ 65-ын бүлэг “Хонь бүрэн, чоно цатгалан” зарчмаар асуудалд хандлаа. Өчигдөр хууль санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан өөрөө “Их хурлын гишүүний халдашгүй байдал хэвээр үйлчлэх ёстой. Харин их хурлын гишүүн хэрэгт холбогдсон гэдэг нэрийн доор төрийг тогтворгүй болгох, их хурлын гишүүдийн эрхэнд халдах асуудалд манай гишүүд туйлын болгоомжтой хандаж, томъёлол хийх ёстой” хэмээн бөөрөнхийлөв. Харин хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Гишүүдийн холбогдож буй хэргийг нь ангилаад өгч болохгүй юу. Хонгил заагийг нь гаргахгүй бол нэлийсэн том хонгил дундуур яваад байна. Гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэх тохиолдолд бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа хэргийг эргүүлэн сэргээдэг гэх мэт нарийн зохицуулалт байдаг шүү дээ. Түдгэлзүүлнэ гэдэг нь нийгэмд маш том сэдэв босгоод өгчихөж байгаа юм.

Тэр сэдэв нь зөв ч бай, буруу ч байтуугаад байхаас өөр арга байхгүй” гэсэн юм. 2008-2012 оны парламентад УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн тухай хуулийн төслийг “Нээлттэй нийгэм” форумаас боловсруулан, олон нийтээр хэлэлцүүлж байв. Энэ үеэр УИХ-ын гишүүн бол нийгмийн зүтгэлтэн юм гэсэн тодорхойлолт гарч ирж байлаа. Парламентад суух эрхийг ард түмнээс олж авсан, тэдний нэрийн өмнөөс хууль тогтоох эрх мэдэлтэй болж байгаа гэдэг утгаараа өөртөө өндөр хариуцлага, хувь хүний үйл байдлын хувьд хатуу хязгаарлалтыг ухамсартайгаар сонгох ёстойг ч ахмад хуульч Б.Чимид агсан хэлж байлаа. Харин УИХ дахь бүлгүүд “Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, гэмт хэрэгт холбогдуулан шалгах нь цаад утгаараа төрийн дархлааг бууруулах, төрийг хүчгүй болгох талтай хэмээн үзэж байна. Энэ удаа Д.Гантулгыг явууллаа гэхэд дараа нь өөр хэн нэгэн гишүүнийг ямар нэгэн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа нэрээр унагадаг болох замыг нээнэ хэмээн тэд болгоомжилж байгаа нь өчигдөр тодорхой болсон.

Ард түмний хүндлэл даадаг төрийг, улстөрчийг хүчтэй төр, хүчтэй улстөрч гэж үзмээр

Уг нь хуулийн халдашгүй хамгаалалтад байгаа бус ард түмний хүндлэл даадаг төрийг, улстөрчийг хүчтэй төр, хүчтэй улстөрч гэж үзмээр. Мөн нийгмийг хууль удирдахгүй зарчим, ёс суртахуун удирддаг гэж ч ярьдаг. Харин хууль бол нийгмийг зохицуулах учиртай. Ялангуяа, улстөрчид нийгмийн зүтгэлтнийхээ хувьд зарчим, ёс зүй, ёс суртахууны үнэлэмж нь хуулиас хүчтэй үйлчлэх ёстой юм. Ингэхээр Д.Гантулга гишүүний асуудлаар мухардсан хууль дээр гарц хайх бус ёс суртахууны хариуцлага тооцож, өргөдлөө өөрөө өгөх зам байна. Эсвэл ёс зүйн хариуцлагыг тооцох улс төрийн шийдвэрийг намын бүлэг гаргаж болно. Жишээ нь, хууль зөрчсөн жирийн хүн шоронд ордог. Тэгвэл ёс суртахуун зөрчсөн улстөрчид энгийн иргэн болох нь наад захын жишиг. Улстөрчид хулгай хийснийг, хуйвалдсаныг, эсвэл хүн хүчиндсэнийг нь иргэн хүн, эсвэл сэтгүүлч нотлох албагүй. Үгүй гэдгээ улстөрч өөрөө л батлах ёстой. Хуулиар шийтгэх боломжгүй ийм “хэрэг”-үүдийг олон орон ёс суртахуунаар шийдэж байна.

Хэрвээ Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн, биеэ ёс бус авч явсан гээд муу нэрээр ард түмэнд харагдаж л байгаа бол энэ нь ёс суртахууны алдаа. Ард түмнийг араасаа дагуулах хүндлэл, итгэлээ алдсан хэрэг. Итгэл алдана гэдэг ёс суртахууны зөрчил. Өмнөд Солонгост иргэдийн жагсаалын үеэр завгүй гэж явсан төрийн сайд гольф тоглож байгаад хэвлэлийнхний хараанд өртсөн. Үүнийхээ төлөө тэр огцорсон. Японд парламентын гишүүн бусдын өмнөөс санал өгөх товчлуур дарж байгаад камерт өртөж, мөн л сайн дураараа огцорлоо. Энэ бол ардчилал өндөр хөгжсөн орнуу­ дад улстөрчийн ёс зүй хуулиас хүчтэй үйлчилдгийн жишээ. Сайд гольф тогловол, парламен­тын гишүүн бусдын товчлуураар санал өгвөл огцорно гэсэн хууль Солонгост ч, Японд ч байхгүй. Тэнд ганцхан улстөрчийн ёс суртахуун л бий.


САНАЛ БОЛГОХ