Өмч хувьчлалын “хар зураг” тодорлоо

Нийгмийн хариуцлага


Эдийн засаг сэргэж байгаа нь төрийн өмч үнэд хүрэх үнэ цэнийг өсгөж байна


Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг Засгийн газар ойрын хугацаанд хэлэлцэх товтой байна. Үндсэн чиглэлийн төслийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт өнгөрсөн сард өргөн мэдүүлсэн. Хэрэг эрхлэх газрын түвшинд одоогоор тухайн өмчтэй холбогдуулан Засгийн газрын хуралд танилцуулахаас өмнөх бэлтгэл ажил хангагдаж байгаа аж. Энэ хаврын чуулганаар өмч хувьчлалын үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм. Төсвийн ачааллыг багасгах, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор алдагдалтай ажиллаж байсан, үйл ажиллагаа нь зогссон төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж байгаа. Үндсэн чиглэлийн төсөлд тусгаснаар эрчим хүчний компаниуд хувьчлах шаардлагатай байгууллагын тэргүүн эгнээнд бичигджээ. Тухайлбал, “Дулааны IV цахилгаан станц”-ын нийт хувьцааны 30 хувийг олон нийтэд санал болгох хувилбар яригдаж байна. Өөрөөр хэлбэл, нийт хувьцааны 70 хувийг төрийн эзэмшилд үлдээж, 30 хувийг хувьчилна гэсэн үг. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцааг нь арилжиж, үүнээс олох орлогыг компанийн техник, технологийн шинэчлэлд зориулахаар төлөвлөжээ. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар хэрхэн шийдэх нь ойрын хугацаанд тодорхой болох юм.

Дээрх жишгээр дулааны II, III цахилгаан станцыг хувьчилж, хүчин чадлыг нь сайжруулахаар төлөвлөсөн байна. Мөн Орхон болон Дархан-Уул аймгийн дулааны цахилгаан станцын 30 хувийг хувьчлах, эсэхийг Засгийн газар хэлэлцэх аж. “Монгол Улсын компанийн засаглалын үндэсний тайлан”-гаас харахад, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компанийн засаглалын дундаж түвшин 36 хувьтай байна. Үүнийг Азийн зарим орны компаниудын засаглалын дундаж түвшинтэй харьцуулахад үлэмж доогуур байна. Жишээлбэл, Вьетнам гэхэд 43.9 хувиар үнэлэгдсэн бол Филипин, Тайландын компаниуд 72-77 хүртэлх хувийн үнэлгээ авчээ. Эрчим хүчний компаниуд өнгөрсөн онд улсын төсвөөс нийт 15.8 тэрбум төгрөгийн татаас авсан гэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээлсэн. Хамгийн өндөр дүн буюу 8.6 тэрбум төгрөгийн татаасыг “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани авсан байна. Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлтэй зэрэгцэн “Эрдэнэс Монгол” компани өөрийн хувь эзэмшиж буй охин компаниудын бүтцийг өөрчлөн байгуулахаар төлөвлөж эхэлсэн. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод үйл ажиллагаа явуулж буй “Шивээ-Овоо” компанийн 51 хувийг төрийн эзэмшилд үлдээж, үлдсэн 49 хувийг хувьчлах яриа гарч эхэлсэн.

Тус компанийн хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан арилжих бөгөөд төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажилд орсныг “Эрдэнэс Монгол” компанийн Санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболд мэдэгдсэн юм. “Шивээ-Овоо” компани 2016 онд 2.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол өнгөрсөн онд 2.04 сая тонн нүүрс олборлож, 2.02 сая тонныг борлуулжээ. Энэ нь 2016 оны борлуулалтын дүнгээс 7.4 хувиар өссөн байна. Тус компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирсан боловч 2010 оноос хөрс хуулалтын ажил хоцрогдож эхэлжээ. Үүний шалтгааныг уурхайд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжийн насжилттай холбон тайлбарлаж байна. “Шивээ-Овоо” компанийн хувьчлалын орлого нь уурхайн насыг уртасгах, шаардлагатай техникийн шинэчлэлд хөрөнгө оруулалт болох аж. Уул уурхайн төрийн өмчит компанийн засаглалын дундаж түвшин 28 хувьтай байна. Энэ нь хангалтгүй үзүүлэлт. Тиймээс хөрөнгийн зах зээлийг горилж буй компаниудын засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлагнал ил тод байлгах шаардлага тулгарч байгаа юм. Өмч хувьчлалын жагсаалтад, Хөдөө аж ахуйн бирж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан оржээ. Эдгээр төрийн өмчит хувьцаат компанийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулахаар УИХ-д тухайн үеийн Засгийн газар оруулж ирж байсан.

• Эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа манай улсын төрийн өмчит компанийн засаглалын дундаж түвшин 36 хувьтай байна.
• Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 86 хуулийн этгээд бий.
• Өнгөрсөн оны байдлаар эдгээр компани, үйлдвэрийн газрын өглөг 3.9 их наяд төгрөг бол авлага нь 415.5 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.


Энэ жагсаалтад багтсан “Оргил рашаан сувилал”-ыг өнгөрсөн онд 15 тэрбум төгрөгөөр хувьчилсан юм. 2018-2020 онд хувьчлах, өөрчлөн байгуулах компанийн дийлэнх хэсгийг хөрөнгийн биржээр борлуулна. Одоо төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 86 хуулийн этгээд байна. Өнгөрсөн оны байдлаар эдгээр компани, үйлдвэрийн газрын өглөг 3.9 их наяд төгрөг бол авлага нь 415.5 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь 2016 онтой харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлт боловч өглөг, авлагын хэмжээ өндөр хэвээр байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас одоо таван компанийг татан буулгах, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг 10 орчмыг нь нэгтгэх, 20 гаруйг нь хувьчлах санал гаргаад буй. Бүх компанийг олон нийтэд нээлттэй хэлбэрээр хувьчилна гэж тус газар үзэж байгаа. 2018-2020 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслөөс харахад, одоо байгаа 80 гаруй компани, үйлдвэрийн газар хоёр дахин буурах, энэ хэрээр төсөвт ирэх дарамт багасахаар байна. Сангийн яам, Монголбанкны зүгээс Төрийн банк, Монголын хөрөнгийн биржийг хувьчлах, эсэхээ дангаар шийдэх эрхтэй.

Банк, санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй эдгээр байгууллагыг сүүлийн таван жилийн турш хувьчлах, өөрчлөн байгуулах талаар ярьж буй. Хэд хоногийн өмнө “Монголын цахилгаан холбоо” компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт орж, төр тус компанийн 94.67 хувийг эзэмших болсон. Тэгвэл “Монголын цахилгаан холбоо” компанийн 51 хувийг төрд үлдээж, үлдсэн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилна гэсэн төсөөлөлтэй байна. УИХ-аас тухайн компанийг бүхэлд нь худалдах, дуудлагаар борлуулах, хувьцааг нь олон нийтэд арилжих, эсэхийг тогтоох юм. Хаврын чуулганаар үндсэн чиглэлийг батласнаар хувьчлах компаниудад хөндлөнгийн болон хөрөнгийн үнэлгээ хийгдэж, үнэлгээг аудитын байгууллага шалгах зэрэг бэлтгэл ажил эхэлнэ. Мөн бизнесийн үнэлгээ тогтоож, хувьчлалын үнэ тодорхой болох юм. Эдийн засаг сэргэж байгаа нь төрийн өмч үнэ хүрэх, үнэ цэнэ нь өсөх магадлалыг нэмж байна. Тэрчлэн өмч хувьчлалыг сонирхох том, жижиг хөрөнгө оруулагч зах зээлд цөөнгүй. Улсын төсөвт 2016 оны төсвийн тодотголоос хойш хувьчлалаас орж ирэх орлогыг албан ёсоор тавихаа больсон. Хэдий ийм боловч урьдчилсан байдлаар өмч хувьчлалаас 100 орчим тэрбум төгрөгийн орлого олох тооцооллыг Сангийн яам хийжээ. Өмч хувьчлал өнгөрсөн онд зогсонги байсан бол энэ оноос ийнхүү эрчимжих нь.


САНАЛ БОЛГОХ