Хөлбөмбөгийн ДАШТ дотоодын компаниудад өгөөжөө өгнө

Нийтлэлчийн булан


Бусад орноос МИАТ компанид хандсан захиалга их ирж байна


FIFA буюу олон улсын хөлбөмбөгийн холбоо ДАШТ-ий алтан цом аялуулах “FIFA World Cup Tour” хөтөлбөрийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ нь хөлбөмбөгийн спорт болоод тэмцээнийг олон улсад сурталчлан дэлгэрүүлэх, хөгжөөн дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх, тэдэнд “Алтан дагина”-тай зургаа авахуулах боломж олгох гээд олон талын ач холбогдолтой. Анх 2006 онд 29 орноор аялж, 175 мянган фанат хамрагдсан бол 2014 онд 84 орны нэг сая, 2014 онд 90 орноор аялахдаа 1.3 сая хөлбөмбөгийн хорхойтонтой “уулзжээ”. Тэгвэл энэ жил хойд хөрш ОХУ-д зохиогдох 21 дэх удаагийн ДАШТ-ий цом даваа гарагт Монголд анх удаа ирлээ. Хөл бөмбөгийн холбооны байранд “Алтан дагина”-ыг угтан авах ёслолын ажиллагаа болоход Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн юм. Энд зохиогдсон арга хэмжээнүүдийн талаар хэвлэлд хангалттай их бичсэн тул дахин давтаж, нурших нь илүүц биз. Харин хөрш оронд болж буй тэмцээнийг Монголчууд үзэх боломж хэр байна, энэ том арга хэмжээ манай тээврийн салбарт ямар нөлөө үзүүлэхийг сонирхож үзье. Юуны өмнө энэ удаагийн ДАШТ-ийг үзэх хүсэлтэй хүн маш их байгааг сануулъя. Өмнөх хоёр тэмцээн Африк болон Өмнөд Америк тивд зохиогдсон болохоор бусад тивийнхэн газар дээр нь очиж үзэхэд хүндрэлтэй байсан.

Харин 21 дэх удаагийн Мундиаль Европ, Азийн зааг дахь орост болох нь үзэгчдийг уриалан дуудах хөшүүрэг болжээ. Ялангуяа дэлхийн хүн амын талаас илүү нь амьдран сууж буй Ази тивийнхэнд ховорхон олдох боломж. Тиймдээ ч тоглолтын тасалбар эрэлт ихтэй байна. Зохион байгуулагчид нийт 2.7 сая тасалбар борлуулахаар тооцсон ч таван саяыг худалдаж авах хүсэлт иржээ. Тиймээс тасалбарын зарим хэсгийг сугалаагаар зарахаас аргагүйд хүрсэн юм. Ялангуяа Португал-Испани, Англи-Бельги зэрэг шилдэг багуудын халз тулааны тасалбар хамгийн эрэлттэй байгаа. Зохион байгуулах хорооноос хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 18-нд тасалбар борлуулалтын сүүлийн шатыг эхлүүлсэн. Үүнээс хамгийн хямд үнэтэй нь 1280 рубль бол бага шөвгийн тоглолтынх дунджаар 2240, дунд шөвгийн тоглолтуудынх 3800, хагас шигшээгийн тасалбар 4480 рублийн үнэтэй байх аж. Эндээс харвал хэсгийн шатны хамгийн хямд тасалбар Монгол мөнгөөр 50 мянга гаруй төгрөг байх нь. Гэхдээ эрэлт их, олдоц бага болохоор энэ үнээрээ бараг зарагдахгүй дээ. Тэгээд ч хүмүүс үзэх тоглолтынхоо тасалбарыг хэдэн сарын өмнөөс захиалчихдаг учраас хугацаа тулгаж хайсан хүмүүст “шагийн” тасалбар л олдоно.


• Зохион байгуулагчид нийт 2.7 сая тасалбар борлуулахаар тооцсон ч таван саяыг худалдаж авах хүсэлт иржээ.
• Тэмцээнийг очиж үзэхээр бол тоглолтын тасалбар, замын зардал, хоол хүнс нийлээд нэг хүнээс хамгийн багадаа гурван сая төгрөгийн зардал гарахаар байна.
• Москва хотын ойр орчмын 20 гаруй зочид буудал тэмцээнийг далимдуулж үнээ нэмсэн нь тогтоогдож, 860 мянган рублиэр торгуулжээ.


Манайд хэд хэдэн аяллын компани ДАШТ үзэх багц хөтөлбөрийг санал болгоод буй. “Ориг трэйвэл” компанийн тухайд Португал, Бельгийн тоглолтуудыг үзэх аяллыг хөлбөмбөгийн хорхойтнуудад санал болгож байв. Тус компанийн ерөнхий захирал Д.Дөлгөөн “тоглолтын тасалбараа авсан хүмүүсийг манай компани аль ч хотруу аялуулах боломжтой. Ер нь Москва, Санкт-Петербург, Волгоград, Сочи гэсэн чиглэлрүү голдуу аялж байна. Сая борлуулалтын сүүлийн шат эхлэхэд манайх 16 хүнд тасалбар авч өглөө. Нийт 30 гаруй хүн манай компаниар дамжиж явахаар болоод байна. Одоо нэмж захиалья гэвэл боломжтой. Бид Орост очоод тасалбар хэрхэн олж авах вэ гэдгийг судалж байгаа. Ер нь хэсгийн тоглолтууд онлайнаар 210 орчим ам.долларын үнэтэй байсан. Харин газар дээр нь очиж авбал нэмэгдэх юм шиг байналээ” гэсэн юм. Манайхны хувьд Португал, Испанийн тоглолтыг хамгийн их сонирхож байгаа ч тасалбар аль хэдийнэ зарагдаад дуусчээ. Мөн Англи, Португалын шигшээг үзэх хүсэлтэй хүний тоо их байгааг Д.Дөлгөөн тайлбарласан юм. Оросын дотоодын нислэгийг ашиглавал замын зардал, байр, хөтчийн үйлчилгээ нийлээд 2.2 сая төгрөг байв. Одоо энэ дүн нэмэгдэх магадлалтай байгаа аж. “Өмнөх хоёр ДАШТ-д тоглолтын тасалбарыг газар дээр нь очоод авч болдог байлаа. Харин одоо Орост зохиогдох тэмцээний үеэр террорист халдлага гарч магадгүй гэсэн болгоомжлол бий.

Тиймээс тасалбарыг нэлээд нарийн шалгуураар өгч байгаа. Ингэснээр үнэ нь нэмэгдчихээд байна. Тасалбар, нислэгээ одоо л захиалахгүй бол дөхөөд ирэхээр олдоход улам хэцүү болно. Сочи, Саранск хотод гэхэд зочид буудал олдохгүй байгаа. Тоглолтын тасалбар, замын зардал, хоол хүнс нийлэхээр нэг хүнээс хамгийн багадаа гурван сая төгрөгийн зардал гарахаар байна” хэмээн “Нью гловер трэйвэл” компанийн захирал Б.Алтай ярьсан юм. Сонирхуулахад, саяхан Москва хотын ойр орчмын 20 гаруй зочид буудал торгууль хүлээжээ. Тэмцээнийг далимдуулж үнээ нэмсэн нь торгуулах шалтгаан болсон байна. Тэдэнд нийт 860 мянган рублийн торгууль оноов. Түүнчлэн Москва хотын захиргаа зуны цагт халуун ус таслах хуваариа 10 хоногоор хойшлуулах шийдвэр гаргав. Ингэснээр ДАШТ-ий үеэр халуун ус тасарч, иргэд, зочид, тамирчдыг зутраахаас сэргийлж байгаа юм. Дэлхийн хэмжээний спортын том арга хэмжээ хүлээн авчихаад нийслэл хотод нь халуун ус тасрана гэдэг ямар л олиг байх вэ дээ. ДАШТ эхлэх хугацаа ойртох тусам нислэгийн үнэ нэмэгдсээр байгаа нь олон орны фанатуудын уурыг барж байна.

Тухайлбал, ОХУ-ыг зорих хамгийн их захиалгатай 30 чиглэлийн 29-ийнх нь үнэ нэмэгдээд байгаа юм. Өмнөд Солонгос, Панам, Мароккогоос Москва орох нислэг хамгийн бага буюу 7.7-10 хувь нэмэгдсэн бол Герман, их Британи, Испани, Иран, Мексикээс Москвад ирэх нислэгийн тийз бараг хоёр дахин нэмэгджээ. Гэхдээ өмнө захиалсан тийзэнд шинэ үнэ хамаарахгүй юм. Хөрш орныг зорих нислэгийн хэмжээ нэмэгдэх нь манай МИАТ компанид ч сайнаар нөлөөлөх учиртай. Энэ талаар МИАТ компанийн үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболдоос тодруулахад “Манайд нэмэлт нислэгийн захиалга зөндөө ирж байна. Гэхдээ Улаанбаатараас Оросруу чиглээд буцах нислэг биш, өөр хоёр орны хоорондын нислэг байгаа юм. Жишээ нь, манай онгоц Сингапур очиж хүмүүс аваад Оросруу хүргэж өгчихөөд буцаад Сингапурруу явах гэх мэт нислэгийн захиалгууд ирж байна. Хэрэв захиалгыг нь хүлээн авбал нэг талдаа хоосон явах гээд байгаа юм. Энэ нь манай компаниад алдагдалтай. Гэхдээ бид зардал нөхөж, ашиг өгөхөөр санал ирвэл үндсэн нислэгийнхээ хажуугаар хийх нь мэдээж.

Москва хот зуны цагт халуун ус таслах хуваариа 10 хоногоор хойшлуулжээ


Өмнө нь том тэмцээний өмнө иймэрхүү захиалга ирж байгаагүй. Энэ жил л их байна” гэсэн юм. Сонирхуулахад, 2017 оны 6-7 дугаар сард УБ-Москва-УБ чиглэлд 982 зорчигч хоёр талдаа зорчиж байжээ. Харин энэ жил дээрх үеэс бараг хоёр сарын өмнө 968 захиалга аваад байгаа аж. Цаашид тэмцээн эхэлтэл энэ тоо нэлээд өсөх тооцоо бий. Хойд хөршид болох ДАШТ дотоодын нислэгийн компаниудад үр өгөөжөө өгч эхэлсэн нь энэ. Түүнчлэн тэмцээний үеэр Оросыг зорих галт тэрэгний ачаалал эрс нэмэгдэх нь тодорхой юм.






САНАЛ БОЛГОХ