S&P-ийн мэдэгдэл Рио- гийн шахалтын эхлэл үү?

Зах зээл


Улс төрийн тогтворгүй байдал зээлжих зэрэглэлийг хойш нь татаж байна



Монголын эдийн засагт тулгарсан хүнд үед ард үлдэж, өсөлтийн төлөвт шилжиж буйг Азийн хөгжлийн банк болон дэлхийн банк ээлжит тайландаа онцолсон. Тэд манай улсын ДНБ-ийг энэ онд 3.8-5.3 хувиар өсөх төлөвтэйг олон улсад зарласан юм. Энэхүү өсөлтийг бий болгоход гадаадын шууд хөрөнгө оруулалт болон таваарын ханш, улс төр, эдийн засгийн тогтвортой орчин голлох нөлөө үзүүлэхээр байгаа. Хилээр нэвтрэх нүүрсний экспорт нэмэгдэж буй энэ үед зээлжих зэрэглэл тогтоогч олон улсын үнэлгээний S&P агентлаг манай улстай холбоотой хөрөнгө оруулагчдад илүү хамааралтай байх шийдвэр гаргалаа. Тус агентлаг Монгол улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B-“түвшинд, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “B” түвшинд тус тус баталгаажуулав. Хөрөнгө оруулагчид зээлжих зэрэглэлийн үзүүлэлтээр нь тухайн улсад хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийддэг. S&P агентлаг Монгол улсын санхүүгийн нөхцөлийг энэ удаад тааруу гэж дүгнэсэн байна. Мөн улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал зээлжих зэрэглэлийн шийдвэрт нөлөөлж байгааг дурджээ. Хэдий тийм боловч түүхий эдийн үнийн өсөлт, зардал танах хөтөлбөр санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг болно гэдгийг S&P-ийн шинжээчид үзсэн байна. Тэрчлэн Монгол улсын зээлжих зэрэглэл өсөх боломж байгааг мөн онцолжээ. Хэрэв ирэх саруудад экспортын голлох түүхий эдийн үнэ өсөж, одоогийн ханш тогтвортой байвал зээлжих зэрэглэл ахих боломжтойг S&P агентлаг тодотгов. Мөн “Оюутолгой” болон “Тавантолгой” зэрэг мега төслийн цаашдын төлөв хэр сайн байхаас зээлжих зэрэглэл хамаарна гэдгийг тус агентлаг мэдэгдэлдээ дурдсан байна. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг шалгаж байгаа энэ үед дээрх мэдээлэл олон улсын хөрөнгө оруулагчдад хүрлээ.


• Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал зээлжих зэрэглэлийн шийдвэрт нөлөөлж байгааг дурджээ.
• S&P агентлаг 2018-2021 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 5.5 хувиар өснө гэж тооцоолж буй. Энэ нь Азийн хөгжлийн хөгжлийн банкны таамгаас давсан өсөлт.
• Зээлжих зэрэглэл тогтвортой өсөх тусам гадаад, дотоодын зах зээлд арилжаалах Засгийн газрын бондын хүү буурах талтай.


S&P агентлаг 2018-2021 онд монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 5.5 хувиар өснө гэж тооцоолж буй. Энэ нь азийн хөгжлийн хөгжлийн банкны таамгаас давсан өсөлт. Харин дэлхийн банктай ойролцоо түвшинд монголын эдийн засгийн төлөвийг тус агентлаг зураглажээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд зээлжих зэрэглэл буурсан улсуудын туршлагаас харахад, төсвийн сахилга бат, нэгдмэл байдал алдагдсан болон валютын нөөцийн түвшин бага байгаагаас гадаад өр төлбөрөө барагдуулахад хүндрэл үүссэн зэрэг манай оронтой нийтлэг дүр зураг ажиглагдаж байна. Олон улсын шинжээчдийн дүгнэлт, бусад орны зээлжих зэрэглэлийн өөрчлөлтийг харахад зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд зэрэглэлийг өсгөхдөө дунд, урт хугацааны хандлага, цаашдын тогтвортой үргэлжлэх төлөвт голлон анхаарч байна. Харин бууруулахдаа богино хугацааны өөрчлөлт, эрсдэлийг нэмж харгалзах нь давамгайлах аж. Монгол улсын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсөж, гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс гадна тулсан өрийн дарамтаа шинэ бонд гаргах замаар хойшлуулж, өр төлөх хугацааг сунгасан.


Зээлжих зэрэглэлээ ахиулахад “Тавантолгой” төсөл чухал


Мөн төсвийн алдагдал буурч, инфляц тогтворжсон нь хөрөнгө оруулалтын орчинд эерэг дохио өгсөн юм. Эдгээрээс гадна ОУВС-гийн “өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж байгаа нь зээлжих зэрэглэл тогтвортой өсөх, улмаар хөрөнгө оруулалт нэмэгдэх гол баталгаа болж байна. Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй тус хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээг ОУВС өнгөрсөн сард хэлэлцэн баталж, монгол улсад 30.55 сая ам.долларын санхүүжилт нэмж олгосон. Ингэснээр манай улс тус сангаас нийт 152.7 сая ам.доллар санхүүжилт аваад байна. Зээлжих зэрэглэлээ ахиулахад мега төслүүдийн хэрэгжилт хамгаас чухал нөлөө үзүүлэхээр байгаа юм. Учир нь, S&P агентлаг болон Moody s, Fitch-ийн зүгээс эдийн засгийн өсөлтийг тэтгэх төслүүдээ хөдөлгөх нь илүү ач холбогдолтойг монгол улсад зөвлөж байна. Олон улсад монгол улсын зээлжих зэрэглэл сайжрах хэрээр томоохон долоон банкны зээлжих зэрэглэл болон хувийн хэвшил гадаад зах зээлээс харьцангуй хямд эх үүсвэр босгох боломж бүрдэх юм. Зээлжих зэрэглэл тогтвортой өсөх тусам гадаад, дотоодын зах зээлд арилжаалах Засгийн газрын бондын хүү буурах талтай.






САНАЛ БОЛГОХ