Ш.Батхүү, Б.Мөнхжаргал, Ч.Ганзориг нарын мэдүүлэг зөрж эхлэв үү?

Мэдээ


“Эрдэнэт” үйлдвэрийг гаднын банкинд барьцаалж, их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдох этгээдүүдийг АТГ саатуулж, шалгаж эхлээд байгаа. Үйлдвэрийн төрийн мэдэлд хамаарах 51 хувийг барьцаалж зээл авсан, цаашлаад, энэ асуудлаар арбитрт ялагдаж, улс өрөнд орсон тухай мэдээлэл нийтэд ил болох үеэс тухайн үед шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан хүмүүс хэвлэлээр дамжуулан хэлэх, ярихаа нэгтгэсэн гэх хар хэд хэдэн удаагийн үйлдлээр нотлогдсон. Гэвч, АТГ-ын шалгалтын үеэр байцаагдаж байгаа хүмүүсийн мэдэгдлүүд хоорондоо зөрж, логик зөрчилдөөн үүсч эхэлсэн бололтой. Мэдэгдэл зөрнө гэдэг нь хэн нэгэн, эсвэл бүгд худал мэдүүлж байна гэсэн үг. Тиймээс ч одоогоор шалгагдаж байгаа Ш.Батхүү, Б.Мөнхжаргал, Ч.Ганзориг нар дор бүрнээ амиа хамгаалах арга хэмжээ авч эхлэв үү гэлтэй үйл явдлууд хөврөх болов. Саяхан л гэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын өмгөөлөгч нь гэнэтийн хэвлэлийн бага хурал хийж, Б.Мөнхжаргалыг хохирогч мэтээр харуулах гэж оролдлоо. Сүүлийн үед тэрээр сандран АТГ-ээр гүйгээд байгаагаас үзэхэд мэдүүлэг нь зөрж, хоорондоо толхилцож эхэлсэн гэх таамаг тийм ч үндэслэлгүй биш бололтой. Арбитрын шүүх дээр ч Ш.Батхүү, Б.Мөнхжаргал, Ч.Ганзориг нарын мэдүүлэг хоорондоо зөрсөн нь “Эрдэнэт” үйлдвэр ялагдал хүлээхэд ихээхэн хэмжээгээр нөлөөлсөн тухай тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн захирлаар одоо ажиллаж буй Д.Цэрэнбадам ярьсан байдаг. Ямартай ч хууль, хяналтын байгууллага нэгэнт шалгаж эхэлсэн хойно, хэн нэгэн нь, эсвэл бүгд худал ярьж байгаа эсэхийг шийдвэрлэх өдөр ойрхон гэдэгт найдаж байна.


САНАЛ БОЛГОХ