“Тавантолгой” төслийн хувь заяаг УИХ шийднэ

Нийтлэлчийн булан


Улс төрийн шийдэл хүлээж буй Тавантолгой



Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өмнөд хөршид хийсэн айлчлалын албан мэдээлэл хэдийнэ хуучирсан ч эндээс үлдсэн ач холбогдол нь анхаарлын төвд байна. Түүний БНХАУ-ын нам, засгийн удирдлагуудтай өрнүүлсэн яриа, хэлэлцээ одоо эдийн засагт тусгалаа олж, айлчлалын үр дүнг бодит ажлаар хэмжих цаг дахин ирлээ. Айлчлалаас хойш хагас сар өнгөрөхөд Гашуунсухайт боомтын нүүрсний нэвтрэлт эрс сайжирч, өдөрт хилээр гарах автомашины тоо нэмэгдэж байгаа. Энэ нь нүүрсний экспорт болон үүнээс олох төсвийн орлого жилийн эцэст өсөхөд нөлөөлөхөөр байна. Ялангуяа, тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй компаниудад экспортоо ахиулах боломж гарсан. Харагдаж байгаа үр дүнг зах зухаас нь өгүүлэхэд ийм байна. Ерөнхий сайд хятад дахь айлчлалын жолоогоо эвхээд шууд дотоодын айлчлалаа Өмнөговь аймгаас эхэлсэн нь олон хүний сонирхлыг энэ зүгт хандуулсан. Үүний цаана “Тавантолгой” төсөл хөдлөх нь гэсэн дохио ч нэг хэсэг өрнөсөн юм. Тэгвэл Тавантолгойн ордыг түшсэн компаниудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан Ерөнхий сайд тус ордын ашиглалтыг сайжруулахаар ойрын үед улс төрийн шийдвэр гаргахаа мэдэгдсэн. Тодруулбал, “Тавантолгой” төслийг УИХ-аар дахин хэлэлцүүлэх бөгөөд эдийн засгийн эргэлтэд оруулах гээд найман жил саатсан төсөл энэ засгийн өнгөн дээр ашгүй нэг урагшилж магадгүй нь. Тэрчлэн төмөр зам, автозам, цахилгаан станцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Тавантолгойн ордод баримтлах Засгийн газрын чиг ийнхүү тодорсноор уг төслийн “хувь заяа”-г УИХ шийдэхээр болж байна. 2010 оноос хойш саатаж буй мега төсөл бүрэн эдийн засгийн эргэлтэд орж, хөдлөх эсэх нь Монголчууд биднээс 100 хувь шалтгаалж ирсэн. Улс төрийн дотоод зөрчил, ойлгомжгүй байдал “Тавантолгой”-г сонирхох хөрөнгө оруулагчдыг цааш нь түлхсэн удаатай.

Энэ байдлаас болж тендерийн хэлэлцээр ихээхэн төвөгтэй болж байлаа. Өнгөрсөн хугацаанд төсөл унах хамгийн том саад нь УИХ байсан. Хамгийн ойрын жишээ гэхэд, одоогоос хоёр жилийн өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-д “Тавантолгой” төслийг өргөн мэдүүлсэн ч төслөө буцаан татсанаар “Тавантолгой”-г эргэлтэд оруулах мөрөөдөл талаар болж байв. Тухайн үед УИХ-аар хэлэлцүүлэхгүй “Тавантолгой” төслийн гэрээг байгуулбал Засгийн газрыг огцруулна гэж УИХ-ын дарга асан З.Энхболд мэдэгдэж байлаа. Тэрбээр ардчилсан намын даргаар ажиллаж байхдаа Засгийн газраа айлгах хэмжээнд асуудал хурцадсан юм. Гэвч энэ мэдэгдэл “Тавантолгой” төсөлд хамтрах болсон Хятадын “Шинхуа Энержи”, Японы “Сумитома”, Монголын “Энержи ресурс” гэсэн гурвалсан нэгдлийг задалж, төсөл цааш үргэлжлэх боломжгүйд хүргэсэн юм. Ийм байдал дахиад “Тавантолгой” төслийн өмнө тулгарч мэдэх талтай. Мега төслийн бодит эрсдэл гэж үүнийг хөрөнгө оруулагчид үздэг. Гэхдээ УИХ-д 65 суудал өвөртөлж, эрх барьж буй намын толгойлсон засагт ийм эрсдэл хол байж болох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд намын даргаа “авсан” нь түүний эрх мэдэл УИХ-д илүү зангарагтай болсон ч УИХ хэрхэн шийдэх нь таашгүй. “Тавантолгой”-г эдийн засгийнэргэлтэд оруулахаар сүүлийн таван Засгийн газар тодорхой алхам хийсэн. Тухайлбал, С.Батболдын Засгийн газар 2010 онд “Тавантолгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулах анхны тендерийг олон улсад зарлаж, 15 оролцогч хүсэлтээ ирүүлж байв. Үүнээс тендерийн ялагчийг тодруулсан ч УИХ-аар хэлэлцэж чадалгүй сонгуультай золгосон юм. “Тавантолгой” төслийг сонгуулийн өмнөх жилүүдэд хэрэгжүүлэх гээд унадаг зүй тогтол бий болчихсон гэж болно. Энэ байдлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрчилж, УИХ “Тавантолгой” төсөлд тээг тавих бус эдийн засгаа бодсон шийдвэр энэ удаа гаргаж чадах болов уу. Мөн хөрөнгө оруулагчидтай Засгийн газраас байгуулагдах ажлын хэсэг ширээний ард сууж ямар хэлцэл хийхээс төслийн ирээдүй шалтгаална.


Бид өөрсдөө тогоон дотроо учраа олохгүй хадарсаар мега төслөө унагадаг

Уг нь “Тавантолгой” төсөл “Оюутолгой”-гоос ч өмнө хөдлөх боломжтой байсан. Гэвч хөдөлгөнө гэж хүлээлгэсээр 10 гаруй жил болж байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар мөн л Тавантолгойг эргэлтэд оруулах ээлжит оролдлого хийсэн ч үр дүнд хүрч чадаагүй. Тавантолгойн ордод олборлолт хийж буй “Эрдэнэс Тавантолгой” компани өрийн “хавх”-наас салж, түүхэндээ анх удаа өнгөрсөн жил 438 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. “Тавантолгой” төсөлтэй тус компани стратегийн хувьд шууд холбогддог. Төмөр зам, цахилгаан станц, авто зам, баяжуулах үйлдвэрийн дэд төслийг хэрэгжүүлэх шаардлага “Тавантолгой”-д тулгарч байгаа. “Эрдэнэс тавантолгой”-н дөрвөн лицензийн хүрээнд таван тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. “Тавантолгой” төслөөс болж “Эрдэнэс тавантолгой” хэлмэгдэж байгаа гэхэд хилсдэхгүй. Учир нь, хэзээ мөдгүй стратегийн хөрөнгө оруулагчтай болсноор дээрх дэд бүтцийн хүндрэлийг шийднэ гэсээр “Эрдэнэс тавантолгой” өнөөг хүргэсэн. Ерөнхий сайдын мэдэгдлээс харахад, УИХ-ын хаврын чуулганы халуун сэдвийн нэг нь “Тавантолгой” төсөл байхаар харагдаж байна. БНХАУ-ын хувьд “Тавантолгой” төслийг дэмжихээ эртнээс илэрхийлж буй. Харин бид өөрсдөө тогоон дотроо учраа олохгүй хадарсаар мега төслөө унагадаг.




САНАЛ БОЛГОХ