Ядарсан хэдэн сэтгуулчдээ тагнаж чагнаад юун ч дээрэлхүү юмбэдээ Ц.Нямдорж сайдаа!

Улс төр


Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн заавраар цагдаагийн байгууллагын зарим албан тушаалтан гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчин, нэр бүхий сэтгүүлчид болон тэдний ар гэрийнхнийг тагнаж, чагнасан тухай асуудал үүслээ. Тодруулбал Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уг албан тушаалд очсоныхоо дараа ЦЕГ болон ЭЦА-ны удирдлагад үүрэг өгч, нэр бүхий есөн сэтгүүлч, тэдний ар гэрийн 30 хүний мэдээллийг хууль бусаар олж аван тагнасан талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Түүгээр зогсохгүй нэг сэтгүүлчийн автомашин руу буудан айлгасан байна. Гүйцэтгэх ажлын тухай мэдээ, тайлангаа ЭЦА-наас Тагнуулын Ерөнхий газарт өгдөг аж. Тэр тайлан дунд сэтгүүлчдийн тухай мэдээлэл байсныг тагнуулынхан шалгаснаар энэ хэрэг илэрсэн юм. Харин сайд Ц.Нямдорж өөрөө уг асуудлыг үгүйсгэв. Тэгэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сэтгүүлчийн автомашинруу буудсан хэмээн мэдээлэгдсэн асуудлыг дугуйруу нь хэмээн тодотгосон юм. Сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, хэд хэдэн асуудалд олон нийтэд хэдийнэ ил болсон мэдээллийг дэлгэрүүлж, энэ асуудлаар илүү мэдээлэлтэй байсан нь илүүтэй анхаарал татсан юм. Улмаар М.Зэнээ, О.Дашбалбар, С.Зориг нарын амьдралын сүүлийн жилүүдэд тохиосон үйл явдлуудыг эш татаад, өөрийгөө тэдгээр хүмүүстэй зүйрлэн ярив.

Гэвч Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой хэргийг Нийслэлийн прокурорын байгууллага үгүйсгэсэнгүй. Бүр уг асуудалд холбогдсон цагдаагийн байгууллагын алба хаагчдад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг Тагнуулын ерөнхий газраас прокурорт ирүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман "Энэ асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, Прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос энэ асуудал дээр хэргийг хянаж байна" гэв. Монголын төрийн түүхэнд улстөрчидтэй холбоотой тагнаж, чагнасан асуудлууд нэг бус удаа гарч байсан. Сануулахад 1992-1996 оны П.Жасрайн Засгийн газрын үед багш нарыг тагнасан хэрэг мандаж байлаа. Энэ үед Ц.Нямдорж Их хурлын гишүүн байсан. Мөн 1997 оны сүүлчээс тухайн үеийн МАН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд П.Жасрай нарыг мөн тагнаж чагнасан гэх дуулиан гарч байв. Энэ талаар МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэн, Ц.Нямдоржид уг асуудлыг УИХ-д тавих үүргийг өгсөн байдаг.

Харин үүнээс нэлээн хожуу буюу 2003 онд сайд Ц.Нямдоржийг БНХАУ-ын тагнуул гэх асуудлыг УИХ-ын гишүүн Л.Гүндалай олон нийтийн өмнө гарган тавьсан юм. 1990 оны эхээс Ц.Нямдорж хятадын тагнуулын албаны ажилтнуудтай холбогдох болсон, тэднээс бэлэг сэлт авч, үе үе Бээжин нисдэг байсан тухай Тагнуулын газрын нууц материал 2000 оны эхээр олон нийтэд ил болж, тэр цагаас хойш өөрийнхөө буруугүйг нотлох гэсэн Ц.Нямдорж, хэрэг явдлыг шалгуулахыг хүссэн генерал Ж.Баатарын хооронд хүчтэй тэмцэл өрнөж байсныг монголчууд санаж байгаа. Гэвч генерал Ж.Баатар улсын нууц задруулсан хэргээр шоронд хоригдсоноор хэрэг хаагдсан гэхэд болно. Харин Ж.Баатар генерал “Ц.Нямдоржийг Хятадын тагнуултай уулзаж байсныг харсан гэрчүүд байдаг. Мөн түүнийг гэрчлэх гэрэл зураг ч бий. Гэвч энэ баримтыг шүүх хурал авч хэлэлцээгүй” хэмээн ярьсан байдаг юм. Мөн 2000 онд Ардчилсан намын байрнаас чагнах төхөөрөмж олдлоо гэх дуулиан дэгдэн, тухайн үеийн АН-ын дарга Д.Дорлигжав энэ талаар хэвлэлийнхэнд мэдэгдэж байлаа. Харин энэ үед Ц.Нямдорж Хууль зүй, Дотоод хэргийн сайд байсан юм. 2017 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тагнасан, мөрдөж мөшгисөн хэрэг гарсан. Тухайн үед У.Хүрэлсүх Шадар сайд байсан бол, Ц.Нямдорж нь УИХ-ын дэд дарга байлаа. Харин өнөөдөр Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн заавраар сэтгүүлчид болон тэдний гэр бүлийг тагнаж, чагнасан дуулиан дэгдэж байгаа нь энэ юм. Ингэснээрээ сайд Ц.Нямдоржийг эдгээр бүх үйл явдалтай холбоотой гэсэнгүй. Гэхдээ Монголын тагнаж, чагнахтай холбоотой асуудалд тэрбээр анх удаа нэр холбогдож байгаа хэрэг биш гэдэг нь харагдаж байна.


САНАЛ БОЛГОХ