Монголын эдийн засаг хувийн хэвшлийн нуруун дээр өндийнө

Зах зээл


“Топ-100” ААН татварын 50 гаруй хувийг бүрдүүлжээ



Монголын бизнесийн ертөн­цийг тэргүүлэн оршиж, тэр чинээгээрээ эх орны эдийн засгийн тулах багана нь болдог 2017 оны “ТОП-100” аж ахуйн нэгж тодорлоо. ДНБ-ий өсөлтийг өндөр бүтээмжээр тэтгэж, ачааны хүндийг нуруундаа үүрч яваа үндэсний баялаг бүтээгчдээ төр хоймортоо залж, хүндэтгэл үзүүлэв. Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран гурав дахь жилдээ “ТОП-100” аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах ёслол төрийн ордонд баасан гарагт боллоо. Өөрсдийн эрхэлж буй салбартаа түүчээ нь болж, улсын төсвийн татварын орлогын 50 орчим хувийг дангаар бүрдүүлж байгаа 100 аж ахуйн нэгжийн магнайд нь уул уурхай, банк санхүүгийн чиглэлийн компаниуд эгнэн жагслаа. Энэ удаад 65 аж ахуйн нэгж гурван жил дараалан “ТОП100”-д багтсан бол шинээр 17 аж ахуйн нэгж нэмэгдсэн байна. 100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 2017 оны байдлаар өмнөх оноос 30 орчим хувиар, улсын төсөвт төлсөн татварын хэмжээ 1.9 дахин нэмэгдэж, 3.2 их наяд төгрөгт хүрчээ. Эдгээр байгууллага өдгөө 80 орчим мянган хүнийг ажлын байраар хангаж байна. өнгөрсөн онд худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, боловс­руулах салбар 35 хүртэл хувиар өсөж, эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрсэнд “ТОП-100” аж ахуйн нэгжийн оруулсан хувь нэмэр их байсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо.


Бизнес эрхлэгчид ажлаа хэвийн явуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, тулгарч болох макро эрсдэлийг бууруулахад Засгийн газрын тэргүүн онцгой анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийллээ. “ТОП-100”-г борлуулалтын орлого, татвар төлөлт, хөрөнгө, ашиг, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо гэсэн үндсэн таван шалгуураар тодруулдаг. Эдийн засгийн хүндрэлийг даван туулж, өнөөдрийн өсөлтийг бүтээлцэж буй компаниудыг Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Таван­ толгой, Оюутолгой, Хаан банк, Энержи ресурс, МАК, Худалдаа хөгжлийн банк, Тийс Монгол, НИК өнгөллөө. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн онд анх удаа ашигтай ажилласан бол “Оюутолгой” компани гүний уурхайн бүтээн байгуулалтаа эрчимжүүлсэн. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Сүүлийн хоёр жилд эдийн засаг өндийсөн нь бизнес эрхлэгч нарын бодит ажлын үр дүн юм. 2017 онд төлсөн “ТОП-100” аж ахуйн нэгжийн төлсөн татвар улсын хэмжээнд төвлөрүүлсэн татварын 50 хувийг бүрдүүлсэн. Өнгөрсөн онд татварын нийт орлого 60 хувиар нэмэгдсэн” хэмээн тодотгов. Худалдааны салбар өнгөрсөн онд 14 хувиар өссөн бол боловсруулах салбар 36 хувиар, уул уурхайн олборлох салбар 26 хувиар тус тус өсчээ. Мөн хөдөө аж ахуйн салбар 44 хувийн өсөлт үзүүлсэн нь эдийн засагт эерэг уур амьсгал бүрдүүлэв. Олон сорилтыг давж өнөөдрийн түвшинд хүрсэн “ТОП-100” аж ахуйн нэгж эдийн засгийн зүтгүүр нь болж, монгол хүн ажилтай, орлоготой байх амьдралын баталгаа нь болж байна.


САНАЛ БОЛГОХ