Хувьцаагаа барьцаалан зээл авах нөхцөл бүрдлээ

Зах зээл


Хаалттай компа­ниуд нээлттэй болж, нэгдэн нийлэх үйл явц үргэлжилж байна



Дотоодын хөрөнгийн зах зээлд нэгдэн нийлэх үйл явц үргэлжилсэн хэвээр байна. 2.4 их наядын үнэлгээтэй хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниуд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа өнгөрсөн сард зарлан хуралдуулж, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа хэлэлцүүллээ. Ингэснээр хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа дор бүрнээ шалгуулж, өөрсдийн үйл ажиллагаанд дүнгээ тавиулж байна. Хөрөнгийн зах зээлд энэ он гарсаар шинээр хэд хэдэн компани биржээр дамжуулан хувьцаагаа арилжаалах тов тодорлоо. Тухайлбал, барилгын дулаалгын зах зээлд үйлдвэрлэл эрхэлж буй “Монгол базальт” компани энэ оны хоёрдугаар улиралд багтаж IPO гаргах, улмаар нийт хувьцааныхаа 20 гаруй хувийг хөрөнгө оруулагчдад санал болгох аж. Мөн “Ард даатгал” болон “Ард Кредит” компани хувьцаагаа гаргахаар төлөвлөж байна. “Хөрөнгө оруулагч үндэстэн” хаалттай хувьцаат компани оны өмнө Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Жинст Увс” компанитай нэгдэж нээлттэй хувьцаат компани болж байв. Тэгвэл “Ард санхүүгийн нэгдэл” компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа “Жинст Увс”-тай нэгдэх шийдвэр гаргалаа. Ингэснээр санхүүгийн зах зээлд нээлттэй компани нэгээр нэмэгдлээ.

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн нэгж хувьцааны үнэ өнгөрсөн онд 2900 төгрөгт хүрч, үнэлгээ нь эрс өссөн. Харин тус компани “Жинст Увс”-тай нэгдэх болсноор нэгж бүр нь 1000 төгрөгийн үнэлгээтэй 28,614,263 ширхэг хувьцаатай болсон байна. “Ард санхүүгийн нэгдэл”-д “Ард даатгал” компани багтдаг. Хэрэв “Ард даатгал” компани энэ онд хувьцаагаа гаргаж, IPO хийвэл даатгалын компани хөрөнгийн зах зээлд гарсан анхны тохиолдол болох юм. Өнгөрсөн онд 1.12 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тус компани хувь нийлүүлэгч нартаа хоёр дахь жилдээ ногдол ашиг хуваарилсан. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2017 оны тайлангаас харахад, даатгалын салбарын хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онд 23.8 хувиар өсөж, 43.4 тэрбум төгрөгт хүрсэн. Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүний сураг гарахтай зэрэгцээд даваа гарагт “Жинст Увс” компанийн хувьцааны ханш 6.25 хувийн өсөлт үзүүллээ. Энэхүү өсөлтийг бямба гарагт болсон “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үр дүнтэй холбон зах зээлийн шинжээч нар тайлбарлаж байна. 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй “Ард санхүүгийн нэгдэл”-ийн нийт хөрөнгө тайлант хугацаанд 39.4 тэрбум төгрөгөөс 49.7 тэрбум төгрөг болж, 64 хувийн өсөлт үзүүлжээ.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд шинэ соёлд суралцаж эхэлж байна. Учир нь, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа нэр төдий хийдэг байсан урьдын энэ байдал өөрчлөгдөж, үл хайхарч ирсэн жижиг хувьцаа эзэмшигчдэдээ хүндэтгэлтэй ханддаг боллоо. Хөрөнгийн биржид бүртгэлтэй зарим компани жижиг хувьцаа эзэмшигчдийг урилгүй, хурлаа түргэхэн дуусгаж, хөрөнгө оруулагчдын шүүмжлэлийг сонсохоос зайлсхийдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд шинээр орж ирж буй компаниуд хуучныг халж, компанийн засаглалын сайн туршлагыг нэвтрүүлж байгаа. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жилээс хувьцаа эзэмшигчдийн хурлаа нээлттэй хийж, хурлын материал тараадаг болж эхэлсэн. Сүүлийн 27 жилийн хугацаанд 20 гаруйхан компани IPO хийсэн байдаг. Тэгвэл энэ онд цөөнгүй компани хувьцаагаа олон нийтэд санал болгохоор байна. Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. Харин энэ онд биржийн арилжааны дүн нэг их наяд төгрөгт ойртох магадлал өндөр байна. Үүний хөшүүрэг нь шинэ тоглогчид байх нь. Хаалттай компаниуд нээлттэй болж байна. Дотоодын зах зээлд хаалттай байсан компанийн 28 сая гаруй хувьцааг нээлттэй арилжих нөхцөл бүрдлээ. Энэ нь хөрөнгө оруулагчдад бүтээгдэхүүний сонголт бий болж, хуримтлалаа төрөлжүүлэх боломж олгож байна.


САНАЛ БОЛГОХ