Төрийн “эрлийз морьд”-ыг ТОП 100-гаас хасъя
Үзэл бодол
Хувийн хэвшлийн компаниуд зөв менежментийнхээ хүчээр ТОП-ын индэрт зогсож байгаа
2017 онд Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Топ 100 ААН-ийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Засгийн газартай хамтран хэдхэн хоногийн өмнө шалгарууллаа. Өмнө нь энэ арга хэмжээг МҮХАҮТ дангаараа зохион байгуулж байгаад сүүлийн гурван жил төртэй хамтарч байгаа юм л даа. Энэ нь шилдгүүдийг тодруулах үндсэн таван үзүүлэлтийг төрийн мэдээлэлд тулгуурлан гаргаж байх болсонтой холбоотой гэж харагдаж байна. Топуудыг эрэмбэлэхдээ Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСХ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын мэдээлэлд үндэслэн, ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилснаа ч олон нийтэд зарласан. Мэдээж, төрийн өмчийн ААН-үүд уралдааны тэргүүн эгнээнд жагсаж хамгийн мундаг, хамгийн сайн нь болж чадав.
Тухайлбал, төрийн өмчийн 85 хувьтай Эрдэнэс-Тавантолгойгоор толгойлуулсан төрийн өмчийн компаниуд эхний гуравт жагссан байх жишээтэй. Харин улсынхаа хөгжилд хөлс хүчээ зориулсан хувийн хэвшлийнхний зүтгэл дараагийн байруудад үнэлэгдсэн юм. Өнөө жилийн Топ 100-ийн өрсөлдөөнд төрийн өмч оролцсон, бүр 100 хувь төрийн өмчтэй 19 аж ахуй нэгж дээгүүр байр эзэллээ. Тухайлбал, хувь нийлүүлсэн нийгэмлэг нэг, цэвэр төрийн өмчит компани нэг, төрийн өмчит хувьцаат компани найм, есөн төрийн өмч давамгайл сан хувьцаат компанийг ТОП 100-д шалгаруулж, мөлчгөрөөрөө зүтгэсэн хувийн хэвшлийнхэнтэй ана мана үзэлцүүлэх нь бизнесийн цэвэр өрсөлдөөн гэхэд хэцүү. Амжилттай ажилласан байгууллагуудыг шагнаж урамшуулахад буруу юу байхав. Харин асуудал нь төрийн эзэмшлийн оролцоотой аж ахуй нэгжүүд, хувийн хэвшлийнхэнтэй “уралдаанд” хамт оролцож байгаад оршиж байгаа юм.
Үлгэрлэвэл, манлай уяачийн зүчээнд өвөлжин төрөл бүрийн эм тариагаар тордуулан сойгдсон эрлийз азарга, бэлчээрийн аж ахуйгаар цас, зудыг арай ядан давж, онд ороод уягдсан жирийн малчны монгол азаргатай улсын наадамд хамт уралдаад түрүүлж байгаатай ялгаагүй. “Гарааны зурхай”-гаас цуг эргэсэн үү гэдгийг бүр ч ярилтгүй. Хувийн хэвшлийнхэн гол шалгуур болсон таван үзүүлэлтээ тэгээс эхэлсэн байхад төрийн эзэмшлийн байгууллагууд бүх үзүүлэлтээ татвар төлөгчдийн мөнгөөр бий болгосон нь шударга өрсөлдөөн байж чадах уу гэсэн асуултад бүрэн хариулчихаж байна. Дэлхий нийтийн шуналыг хөдөлгөж, ашиг орлогоороо ангайлган ТОП 100-д аман хүзүүдсэн “Эрдэнэс-Таван толгой” компани гэхэд эхний гуравт багтсан. Эндээс харахад төрийн “морьд”-ыг хувийн хэвшлийнхэн ойрын жилүүдэд байтугай ирээдүйд ч гүйцэхгүй гэдэг нь ойлгомжтой байна.
• Үлгэрлэвэл, манлай уяачийн зүчээнд өвөлжин төрөл бүрийн эм тариагаар тордуулан сойгдсон эрлийз азарга, бэлчээрийн аж ахуйгаар цас, зудыг арай ядан давж, онд ороод уягдсан жирийн малчны монгол азаргатай улсын наадамд уралдаад түрүүлж байгаатай ялгаагүй.
• Төрөөс хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг дулаан, цахилгаанаар хангах байгууллагууд энэ уралдаанд дээгүүр байр эзлээд яваа нь ойлгогдохгүй нь ээ.
• ТОП 100-гийн эрэмбийг тогтоохдоо шударга бус харагдуулаад байгаа “эрлийз морьд”-оо л хасчихвал “наадам” сайхан болох биш үү.
Үүнээс гадна шударга биш бусад зүйлс ч олон буй. Баялаг бүтээдэг төрийн өмчит том компаниудыг төсөвт оруулсан хөрөнгө, олон хүн “тэжээж” байгаагаар нь уралдаанд шалгаруулдаг юм гэхэд төрөөс хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг дулаан, цахилгаанаар хангах байгууллагууд энэ уралдаанд дээгүүр байр эзлээд яваа нь ойлгогдохгүй нь ээ. Нөгөө “азарганы холимог уралдаан”-д бүр “эрлийз гүү” давхиж явахтай зүйрлэгдэхгүй байна гэж үү. Хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагын төсөвт төвлөрүүлсэн мөнгө нь татвар төлөгчдийн гэрэл гэгээтэй, даарч хөргөхгүй гэж авсан үйлчилгээний хөлс юм. Харин төрийн өмчит топуудын ийм зардлыг татвар төлөгчийн төлсөн мөнгөнөөс төлдөг юм шүү дээ. Ингээд бодохоор яав ч шударга бус л санагдаж байна. Эсвэл хувийн хэвшлийнхэн цахилгаан, дулаанаа татвар төлөгчдийн мөнгөөр адилхан төлүүлээд ашгаараа ТОП-д өрсөлдвөл зүйд нийцэх гээд байна. Хувийн хэвшлийн компаниуд зөв менежментийнхээ хүчээр ТОП-ын индэрт зогсож байгаа. Төрөөс ирэх элдэв дарамтыг даван туулаад, хямралын эсрэг эдийн засгийн өндөр үзүүлэлт гаргана гэдэг бол компанийн сайн засаглалын үр дүн.
Мөн эзэмшигчдийнх нь сайн хяналтын дэм юм. Харин манай төрийн өмчит топ компанид ийм чанар байна уу гэдэг нь эргэлзээтэй. Үүн дээр нэг ордоос олборлолт хийж, үйл ажиллагаа явуулж байгаа хоёр топын талаар аваад үзье. Хувьцааных нь 85 хувь нь төрийн эзэмшилд, 14,6 хувь нь монгол иргэдэд байдаг Эрдэнэс-Таван толгой ХК 2017 онд татварын дараах орлогоор 461.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан мөртөө хувьцаа эзэмшигчдэдээ хувь хүртээдэггүй ээ. Гэтэл орон нутгийн өмчит Тавантолгой ХК 90 тэрбум төгрөгийн ноогдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тарааж байна. Жижиг Таван толгойн 49 хувь нь 23 орны 1900 хувьцаа эзэмшигчийн мэдэлд байдаг учраас менежмент нь компанийн сайн засаглалд, үйл ажиллагаа нь хяналтад байдаг гэсэн үг. Үүнээс л төрийн болон хувийн хэвшлийн өмчид хандах хандлага харагдаж байна.
Энэ жилийн ТОП 100 ААНийг эхний 20, 21-40, 41-60, 61-80, 81-100 гэсэн таван багц болгон ангилж, багц бүрийн тоон үзүүлэлтүүдийг нарийвчлан гаргаснаараа онцлогтой болсон. Ингэснээр зөвхөн компаниудын бизнесийн амжилт, манлайллыг харуулаад зогсохгүй улс орны эдийн засгийн өсөлт, бууралт, ямар салбар хөгжиж, аль нь хоцрогдож байгааг харуулаад зогсохгүй түүнд нөлөөлж байгаа гадаад, дотоод хүчин зүйл, салбарт нь тулгарч буй асуудал, тэдгээр нь энгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаад дүгнэлт гаргах, улмаар төр засгийн бодлого шийдвэрт тусгах бааз суурь бэлтгэж байгаа нь МҮХАҮТ-ын гавьяа юм. Үүн дээр хөрөнгийн биржүүдийн индексийг гол үзүүлэлтийн нэг болгож шалгаруулбал улам сайжирна. Харин ТОП 100-гийн эрэмбийг тогтоохдоо шударга бус харагдуулаад байгаа “эрлийз морьд”-оо л хасчихвал “наадам” сайхан болох биш үү.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй