МАН: Иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгоно

Мэдээ

Улс төрийн намууд Эдийн засгийн гол салбар болох уул уурхайн салбарт ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь анхаарал татаж байлаа. Энэ чиглэлээр намуудын мөрийн хөтөлбөрөөс онцлоход Монгол Ардын Нам "Иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгоно", Оюу Толгой, Эрдэнэт, Цагаан Суварга зэрэг ордуудыг түшиглэн зэс хайлуулах, Таван Толгойн ордыг түшиглэн нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Харин Ардчилсан Намын хувьд “Эрдэнэс Монгол” компанийг олон төрлийн эрдэс, баялаг түшиглэсэн, зах зээлийн эрсдэлийг жигд хуваарилсан, бизнес төвтэй корпораци болгон хөгжүүлнэ. Иргэн бүрт олгогдсон 1072 ширхэг хувьцааны үр өгөөжийг бодитой болгоно гэж амлажээ. Дээрх хоёр намын хувьд аль аль нь дотоодын үйлдвэрлэл, экспортыг түлхүү дэмжинэ гэдгээ амласан байна. Түүнчлэн Ардчилсан Нам "Экспортыг эн тэргүүнд тавина" гэдгээ онцолсон бөгөөд тухайлбал эдийн засгийн бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгож, 2020 онд уул уурхайн бус экспортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, хоёр тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлжээ. Харин Монгол Ардын Нам "Монгол Экспорт" хөтөлбөр, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх "21:100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Мөн "Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлнэ" гэж онцолжээ. 2013 оноос олон улсын түүхий эдийн зах зээлд огцом уналт гарч, одоо ч төдийлөн сэргээгүй байна. Мөчлөгийн шинжтэй энэ зах зээлийн сөрөг нөлөөллийг бууруулахад анхаарсан нь эдгээр зорилтуудаас ажиглагдаж байна.Нэр дэвшигчдийнхээ тоогоор Ардчилсан нам, Монгол Ардын Намын араас бичигдэж байсан МАХН-ын хувьд мөрийн хөтөлбөртөө "Төвлөрлийг сааруулах бодлого"-ыг тусгаж өгсөн байв. Өөрөөр хэлбэл Улаанбаатараас гадна бие даасан найман хот байгуулах ажлыг судалж, эрх зүйн орчныг бий болгохоор зорьсон байна. 2016 оны УИХ, Аймаг, Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 12 нам 3 эвсэл өрсөлдлөө.


САНАЛ БОЛГОХ