Гаднынхан тоодоггүй салбарт дотоодын компаниуд тоглолт хийдэг

Зах зээл


Түгээмэл тархацтай ашигт малтмалыг дотоодын компаниуд олборлож байна



Уул уурхайн үндсэн нэрийн түүхий эдэд алт, нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш, газрын ховор элемент зэрэг байгалийн эрдэс баялаг дээгүүр эрэмбэлэгддэг. Эдгээр нь экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлж, төсөвт жил бүр их наяд төгрөгөөр хэмжигдэх орлого төвлөрүүлж ирсэн. Тэгвэл гадаад зах зээлд төдийлэн эрэлттэй бус ч дотоодод өргөн ашиглаж буй түүхий эд бол элс, хайрга, дайрга. Барилга, зам, гүүрийн бүтээн байгуулалт эрчимжихэд нийслэл болон орон нутагт эдгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт эрс нэмэгддэг. Ялангуяа, ДНБ-ий 75 хувийг бүрдүүлж буй Улаанбаатарыг тойрсон элс, хайрганы үйлдвэрлэл идэвхжиж байна. Энэ төрлийн тусгай зөвшөөрлийг давхардсан тоогоор 230 гаруй аж ахуйн нэгж эзэмшиж буй. Өнгөрсөн хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хэт замбараагүй олгосон нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй энэ төрлийн бизнест олон компани хуйлрахад хүргэжээ. Гэвч техник технологийн шаардлага хангаагүй, нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон талбай даамжирсан тул шинээр тусгай зөвшөөрөл олгохоос аль болох төр зайлсхийж эхэлсэн.


Ялангуяа, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль гарсан цагаас хойш буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тус салбар дахь зохицуулалт ялимгүй сэргэж, цэгцэрч байгаа. Хэдий тийм ч тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, дамлан зарах, татвар, хураамжаас зугтах байдал амь бөх оршсон байгаа юм. Олон нийт, төр засгийн зүгээс түгээмэл тархацтай ашигт малтмалд харьцангуй уян хатан хандаж, компаниудад нээлттэй, тэгш боломж олгосон гэж хэлж болно. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд олборлолт нэмэгдэх хэрээр зөрчил, гомдол гарах нь ч олширсон. Тухайлбал, хайгуулын 296 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа боловч эдгээрт ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил түгээмэл. Ашигт малтмал, газрын тосны газарт ашиглалтын 14 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй. Хамгийн их тусгай зөвшөөрлийг Улаанбаатар болон Сэлэнгэ аймагт олгосон байна. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон.


• Хайгуулын 296 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа боловч эдгээрт ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил түгээмэл.
• Хамгийн их тусгай зөвшөөрлийг Улаанбаатар болон Сэлэнгэ аймагт олгосон байна.
• Орон нутгийн өмчит компани байгуулах, улмаар ашигт малтмал олборлох хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн.


Гэвч хууль зөрчих тохиолдол энэ салбарт цөөнгүй гарсаар. Олборлолт хийж буй зарим компани байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй байх нь нийтлэг. Үүнд тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхардсан зөрчил давамгайлж байна. Нийслэлийн Байгаль орчны газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн онд 96 тусгай зөвшөөрөл цуцалсан. Мөн тусгай зөвшөөрөл олгосноос хойш гурван жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй 30 гаруй аж ахуйн нэгж байгаа нь тогтоогджээ. Газрын хэвлий ашиглах эрхтэй компанийн тоог зохистой түвшинд байлгаж, улмаар нийгмийн хариуцлага үүрүүлэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлого чиглэж байна. Ялангуяа, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэх, буух эзэнтэй, буцах хаягтай болгох шаардлагатайг Д.Сумъяабазар сайд хэлдэг. Нийслэлд гэхэд, хайрга, дайрга, элс тоосгоны шаврын нийлүүлэлтэд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 130 гаруй тусгай зөвшөөрөлтэй компани ажиллаж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын салбарт дан дотоодын компаниуд хүч сорьдог. Гаднын тоглогч болон томоохон хөрөнгө оруулалт энэ салбарт огт нэвтрээгүй юм.


Тэрчлэн бусад түүхий эдтэй харьцуулахад, маш бага мөнгө эргэлддэг учраас хөрөнгө оруулагчдын хараанд өртөж чаддаггүй сул талтай. Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрт өнгөрсөн онд 2.4 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт төвлөрчээ. Энэ нь 2016 онтой харьцуулахад 300 орчим сая төгрөгөөр өссөн үзүүлэлт. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ирүүлсэн тайлангаас харахад, шинээр бүртгэгдэж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын тоо маш бага хувийг эзэлжээ. Барилгын материалын түүхий эд болгон ашиглаж буй элс, хайргыг эрэх, хайх, олборлоход зардал бага гардаг. Нарийвчилсан хайгуул хийх шаардлага ч энэ салбарт байхгүй. Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт, түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар нарийн тодорхой зорилт ч алга. Харин сүүлийн жилүүдэд ипотек хэрэгжиж, барилгын салбарт орон сууцны том төслүүд хэрэгжиж эхэлсэн нь түгээмэл тархацтай ашигт малтмалын эрэлтэд нөлөөлжээ. Барилга, хот байгуулалтын яамны мэдээллээр, Улаанбаатар хотод 80 орчим мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж буй. Барилгын салбарын үндсэн түүхий эд болдог түгээмэл тархацтай ашигт малтмалын салбарт орон нутгийн өмчит компани байгуулах, улмаар энэ төрлийн ашигт малтмал олборлох хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдэж, энэ хэрээр эдийн засагт үзүүлэх нөлөө сайжирчээ. Тухайлбал, Хөвсгөл аймаг чулууны үйлдвэр байгуулахаар холбогдох тендерийг зарласан бол Говь- Алтай тоосгоны үйлдвэр ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөж байна.



САНАЛ БОЛГОХ