Засгийн газар хөдөлмөрийн мөлжлөгөө хэзээ зогсоох вэ

Байр суурь


“Хүн өөрийгөө болон ар гэрээ тэжээхэд хүрэлцэхүйц цалинтай байх ёстой” гэсэн заалт бий​


Засгийн газарт хаягласан олон шаардлагуудаас нийгмийг доргиох асуудал эмч, багш нарын цалингаа нэмүүлэх хугацаатай тулгалт болж байна. Ойрхон болсон хоёр ч акц салбарын сайд төдийгүй Засгийн газрыг доргиох хэмжээнд хүрээд байгаа юм. Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос “Засгийн газар багш нарыг “хулхидсан” гэх байр суурьтай байгаа бол эмч нар “багштай адил ачаалалтай, цалинтай эмчийг үл тоож байна” гэсэн гоморхол тээж байна. Энэ шаардлагууд бол хаварт болж байдаг улс төрийн хийрхэл, синдромоос шал өмнөө асуудал гэдгийг ч Засгийн газар тооцох учиртай. Ялангуяа эмч нарын хувьд гоморхол туйлдаа хүрснээс маш шахуу гуравхан хоногийн хугацаатай шаардлагыг хүргүүлээд байгаа юм. Маргааш Засгийн газрын зүгээс эмч нарын шаардлагыг “тоохгүй” бол эмч нар ажил хаялт зохион байгуулахад ч бэлэн болжээ. Өнгөрсөн жил багш нар ажил хаяж олон айлд хүүхдээ хэнээр харуулах вэ, хүүхдүүд хаана өнжих вэ гэсэн “хурал” хэд хоног болов шүү дээ. Эцсийн дүндээ хөгшчүүл л багш нарын ажил хаялтын “арыг нь даагаад” өнгөрсөн.


Тэгвэл энэ удаа хөгшдийн эрх ашигт ч шууд хамаарах ажил хаялт болоход ойрхон байгааг эмч нарын тэмцлээс харж болно. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгсдийн дийлэнхийг өндөр настнууд эзэлж байдгийн хувьд эмч нар ажил хаячихвал аминд тулсан эрхээ эдлэхээр хөгшид, эмч нарын тэмцэлд нэгдэхийг ч үгүйсгэхгүй. Монгол улсын гурван сая хүнд 3244 эрүүл мэндийн байгууллагын 10000 орчим их эмч, 18913 сувилагч, 19260 эмнэлгийн мэргэжилтнүүд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. Үүнд дээр хөгшид нэмэгдчихвэл мөн ч олон хүний эрх ашгийн асуудал болж томорно шүү. Өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа багш, эмчийн цалингийн хэмжээ тун ойролцоо байгаа юм. Улсад 25 жил ажилласан багш дунджаар 608457 төгрөгийн цалин авдаг. Олон жил төрд ажилласны нэмэгдэл, зэрэг дэвийн урамшуулал, үнэлгээний нэмэгдэл багтаад энэ шүү дээ. Олон жил шохой “идсэн” багш ийм хөлсөөр төрд ажиллаж байхад залуу багш нар ямар цалин авч байгаа нь тодорхой.


Тухайлбал, таван жил ажилласан багш цалин дээрээ 4261 төгрөгийн нэмэгдэл, 10 жил ажилласан бол 10822 төгрөг, 20 жил ажиллахад 27450 төрөг, 25 жил ажиллахад 30661 төгрөгөөр нэмэгдэх цалингийн системтэй. Үүн дээр Кабинет хариуцсан багш үндсэн цалингийнхаа таван хувийг нэмэгдэл болгон авдаг бол анги даасан багш 10 хувийн нэмэгдэл авдаг байна. Мөн багш нарын чадварыг А,В,С үнэлгээгээр үнэлэн үр дүнгийн нэмэгдэл олгодог. хэрэв багш 100 хувь буюу А үнэлгээгээр авбал 45 хувийн нэмэгдэл авах журамтай боловч 22 хувийн нэмэгдлийг элдэв татвар хураамжаар авчихдаг “суйлаа” ч бас байна. Мэдээж С үнэлгээтэй багшид үр дүнгийн нэмэгдэл олгогдохгүй. Харин сургуулийн өмнөх боловсролын багш нар 535000 төгрөгийн, туслах багш 416000 төгрөгийн цалинтай боловч гар дээрээ 400-330 мянган төгрөг авдаг байна. Эмч нарын хувьд ажилласан жилээс хамаарч их эмч 558500-634900 төгрөг, сувилагч 466200-526600 төгрөгийн цалин авч байна. Гэтэл хувийн эмнэлгүүд эмч, ажилтнуудаа дэлхийн жишигт биш юм аа гэхэд бүс нутгийн хэмжээнд хүргэчхээд байгаа юм.


Хөгшчүүл л ач зээгээ харж багш нарын ажил хаялтын “арыг нь даасан”

Хувийн сургуулийнхны хувьд залуу багшдаа л дор хаяж 1,2 сая төгрөгийн цалин олгож байгаа нь багшийн мэргэжлийн үнэлэмж тэр зэрэгт байх ёстойг харуулсан чанарын бодит үнэлэмж юм. Хувийн хэвшилд ажиллаж байгаа эмч багшийн чанарын үзүүлэлтийг цалинтай нь холбон тайлбарлах явдал бий. Гэхдээ төрийн албанд ажиллаж байгаа багш, эмч нарын цалинг нэмээд хариуцлагыг чангатгаад өгөхөөр алдаа гаргаж ажлаасаа халагдахыг хэн хүсэх вэ дээ. Дагаад боловсролын чанар дээшилж, эрүүл мэндийн үйлчилгээ “нахилзаад” л ирнэ. Цалин бага байгаагаас л эмч, багш нарын ажлын арга барил, амьдралын чанар дээшлэхгүй байгаа юм. Төрийн албанд ажиллагсдын дундаж цалинг статистикийн хорооноос 1 сая 38 мянган төгрөг байгааг тогтоосон. Энэ үзүүлэлтийн график илүү дээш цойлоход багш, эмч нарын бага цалин “шавар хааж” байгаа нь ойлгомжтой. Үүнээс улбаатай олон статистик үзүүлэлт дорой байгаа нь тодорхой. Энд нэг зүйлийг тодруулахад төрийн албаныхны нийт цалинг нэмэлгүй зорилтот бүлэг үүсгээд түүнийгээ бусдынх нь жишигт хүргэхэд төрд нөөц боломж их бий.


Багш, эмчийн нарт хэтийдсэн ачаалал үүрүүлээд зарцуулсан хөдөлмөрт нь тохирсон цалин олгохгүй байгаа явдлыг “Засгийн газрын хөдөлмөрийн мөлжлөг” гэж үзэж яагаад болохгүй гэж. НҮБ-аас баталсан “хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д “хүн өөрийгөө болон ар гэрээ тэжээхэд хүрэлцэхүйц цалинтай байх ёстой” гэсэн заалт бий. Манай улс тэр эрх зүйн бичигт аль эрт гарын үсэг зураад нэгдчихсэн. үүн дээр үндсэн хуулийн “төр нь иргэнээ ялгаварлан гадуурхахгүй байх ёстой” заалт нэмэгдэхээр асуудал бүр томроод ирнэ. Үүнийг зөвхөн эдийн засгийн үүднээс бус хуулийн хүрээнд ч авч үзэх шаардлага тулгарч байна. Багшийн ажил бол хамгийн хариуцлагатай ажил. Хүний цалин хэр хариуцлагатай ажил хийж буйгаас хамаарах ёстой. Өнөөдөр дэлхийн нөгөө бөөрөнд байгаа мексик багш Монголынхоос хамаагүй тааламжтай орчинд, математикийн бодох аргачлалыг монгол багштай яг адил зааж байгаа мөртлөө 1400 ам.долларын цалин авч байна. Гэтэл монголын багш нарын цалин дэлхийн дунджаас долоо дахин бага байгаа нь манай төр багш нарынхаа хөдөлмөрийг хэрхэн мөлжиж байгаагийн тод илрэл.


• Төрийн албанд ажиллагсдын дундаж цалинг статистикийн хорооноос 1 сая 38 мянган төгрөг байгааг тогтоосон нь багш, эмчийнхээс бараг хоёр дахин их байна. • Их эмч ажилласан жилээсээ хамаарч 558500-634900 төгрөг, сувилагч 466200526600 төгрөгийн цалин авдаг.
• УИХ-аас тогтоол баталж багш, эмч нарын асуудлыг шийдсэн гэхээсээ төрөөс сахилга хариуцлагын зөрчил гаргаагүй албан хаагчдаа нэг удаа урамшуулж 55,4 тэрбум төгрөгийг тараах шийдвэр болж таарсан.


Тэгэхээр хэрээс хэтэрсэн ачаалал үүрч байгаа багш, эмч нар хийсэн ажилдаа тохирсон цалин авах ёстой. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар багш, эмч нарын цалин нэмэх асуудлыг шийдвэрлэх талаар “гал унтраах” бодлого барьж ажилласан гэхээсээ илүү бүр хулхидсан шинжтэй үйлдлүүд хийсээр ирсэн. Тодорхой өгүүлбэл, Засгийн газар “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ныхонтой 2018 оны нэгдүгээр сараас багш нарын бодит цалинг 45 хувиар нэмэхээр тохиролцсон. Гэтэл УИХ-аас тогтоол баталж багш нарын асуудлыг шийдсэн гэхээсээ төрөөс сахилга хариуцлагын зөрчил гаргаагүй албан хаагчиддаа нэг удаа урамшуулж 55,4 тэрбум төгрөгийг тараах шийдвэр болж таарсан. Шилээ даран хөвөрч буй багш, эмч нарын өнөөдрийн тэмцэл төрийн зүгээс харалган бодлого явуулсныг харуулж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар намар боссон асуудлыг нэг удаагийн 300000 төгрөгийн тэтгэмжээр аргалж дөнгөнө гэсэн нь алдаа болж хавар “шуурга тавих” үүтгэл болсон. Эмч нар нэг удаагийн тэр тэтгэмжээр сэтгэлээ хуурч тэмцлээ мартагнаад байсан ч багш нар цалингаа 45 хувиар нэмүүлэх тохироогоо Засгийн газраас нэхсэн нь эмчийн зовлонг сэдрээв. Одоо тэд нийлж аваад ирэх долоо хоногт “төрийн ордныг тойрох” бэлтгэлээ базааж байна. Түүний дараагийн алхам нь ойлгомжтой. “Хүүхдүүдээ хөгшид нь харгалз, хөгшдөө залуус нь халамжил, Засгийн газар арыг нь даа, бид эрхээ хамгаалах минь” гэсэн маягаар асуудалд хандаж ажил хаялт зарлана. харин сонгууль дөхүүлж цалин нэмэх төлөвлөгөөтэй байгаа Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмэх эсэх нь тодорхойгүй л байна.



САНАЛ БОЛГОХ