Амьдрах байраар гачигдсан иргэд ипотек шаардаж байна

Нийгмийн хариуцлага


Орон гэргүй болсон иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ


Ипотекийн хөтөлбөрийн эх үүсвэрийг танасан нь олон өрх, айлын амьдралд хүндээр тусч байна. Энэ хөтөлбөр зөвхөн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлсэн, орон сууцны зээл авах шалгуурыг хангасан иргэдэд хамаатай байсангүй. Газраа чөлөөлж, оронд нь орон сууц авах гэсэн иргэдэд итгэл төрүүлж байсан юм. Харин одоо тэд итгэлээ юу ч үгүй алдчихаад байна. Пүрэв гарагт төв талбай дээр нийслэлийн гэр хорооллын иргэд дахин төлөвлөлтийг идэвхжүүлэх шаардлага тавьж, майхантай жагсав. Жагсаалд оролцохоор ирсэн иргэд байр сольж авах нөхцөлтэйгээр газраа чөлөөлжээ. гэвч орон сууцны зээлийн хөтөлбөр удааширснаас барилгын салбар бүхэлдээ царцсан. Хэдийгээр барилгын компаниуд дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууц барих гэрээтэй ч бүх байраа газар чөлөөлсөн хүмүүст өгөхгүй. Газар чөлөөлсөн тодорхой тооны айлуудыг эс тооцвол ихэнх нь урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж, найман хувийн зээлээр орон сууц авах иргэдэд зориулж байсан нь тодорхой.


Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Ш.Сумъяажав майхантай жагсаалд оролцохоор иржээ. Тэднийх ам бүл олуулаа. Байшингаа нурааж, хашаагаа суллаж, газрыг чөлөөлж өгөхдөө тэднийх тохилог орон сууцанд удахгүй орно гэсэн бодолтой байлаа. Гэвч ипотекийн хөтөлбөр зогссоноос үүдэлтэй барилгын салбарын зогсолт тэдний дэврүүн бодлыг ийн дэвсэлж байна. Майхантай жагсаалыг “гэр хорооллын хөдөлгөөн”-өөс зохион байгуулсан бөгөөд төр засгаас эхлүүлсэн ажлаа дуусгахыг тэд шаардаж буй юм. Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хэдийнэ хүрсэн. Өвөлдөө хорт утаанд хордсон хүүхэд багачууд Улаанбаатарын эмнэлгүүдийг зайгүй дүүргэж, жирэмсэн ээжүүдийн ураг хэвлийдээ амьгүй болж байна. Өвөл дуусч урин дулаан цаг ирэхэд удаах асуудал болох хөрсний бохирдол, тоосжилт утаанаас дутахгүй эмгэгийг иргэдийн эрүүл мэндэд учруулж байна. Энэ мэт асуудлыг шийдэх хамгийн зөв арга нь гэр хорооллыг орон сууцжуулж, нүүрс галлаж дулаацдаг, нүх ухаж бохироо асгадаг байдлаас татгалзах явдал.

• 0.04 га-гаас бага газрыг солих байрныхаа урьдчилгаанд тооцохгүй.
• Газар чөлөөлж, орон сууц барих санхүүжилтийн үлдэгдэл 40 тэрбум төгрөгийг нийслэл олгоогүй, өөр зүйлд зарцуулсан.
• Нийслэл хот 1.3 сая хүн амтай. Гэвч нэг сая нь гэр хороололд амьдарч байна.


Тиймээс талбай дээр майхан бариад сууж буй иргэдийн жагсаалыг хаврын синдром, эсвэл улс төрийн явуулгатай холбон тайлбарлаж болохгүй юм. Байнд ч үгүй, банзанд ч үгүй гэдэг шиг байранд ч орсон юмгүй, газраа ч буцааж авах боломжгүй болсон иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ. Иргэдийн газрыг чөлөөлөхдөө ам метрийг нь 60 мянган төгрөгөөр үнэлжээ. 0.04 га-гаас бага газрыг солих байрныхаа урьдчилгаанд тооцохгүй. Харин түүнээс том газартай бол орон сууцны 30 хувь гэж тооцоод, үлдсэн хэсэг дээр нь зээл гаргуулах нөхцөлтэйгээр газраа чөлөөлсөн иргэд ч уг жагсаалд ирсэн байв. Гэвч орон сууцны зээлийн хөтөлбөрийг төр, засаг хайр найргүй хумьснаас болж байранд орж чадахгүй байна гэж “гэр хорооллын хөдөлгөөн”-ий гишүүн г.отгон хэлсэн юм. Энд жагсаж байгаа хүмүүс дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэх орон сууцны барилгын санхүүжилтийг олгох, “сайн хашаа” хөтөлбөрийг үргэл- жүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг гэр хороололд зарцуулах, газар шинэчлэн зохион байгуулах, хямд үнээр авсан газраа өндөр үнээр зарах луйвраа зогсоохыг шаардаж байгааг тэрбээр мөн нэмж хэллээ.


САНАЛ БОЛГОХ