Нийт ногдол ашиг 75.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Мэдээ


Бизнесийн орчны нэг барометр болох ногдол ашгийн хэмжээ нэмэгдлээ. Энэ онд 21 хувьцаат компани өмнөх оны цэвэр ашгаасаа нийт 145.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана. Эдгээр компанийн биржүүдэд хүргүүлсэн санхүүгийн тайлан дахь ногдол ашгийг нэгтгэвэл ийм дүн гарч байгаа юм. Энэ нь 2017 оныхоос 75.4 тэрбум төгрөгөөр өссөн дүн. Гэхдээ ногдол ашиг тараах компаниудын тоо цөөрчээ. Өнгөрсөн онд 23 компани ногдол ашиг тараасан бол энэ онд 21 компани хөрөнгө оруулагчдадаа өгөөж хүртээх аж. Ингэснээр Монголын хөрөнгийн бирж болон Монголын үнэт цаасны биржид бүртгэлтэй 220 орчим компанийн 10 орчим хувь нь ногдол ашиг тараана гэсэн үг. Сонирхолтой нь, нийт ногдол ашгийн 87 хувийг зөвхөн нэг компанийн ногдол ашиг бүрдүүлж байна. Олон нийтэд “жижиг” нэрээрээ танигдсан “тавантолгой” компани өнгөрсөн оны цэвэр ашгаасаа 126.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон нь ийн жин дарж байгаа юм. Компанийн үндсэн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ болон экспорт нэмэгдсэн нь “тавантолгой”-н борлуулалтын орлогыг 2.4 дахин өсгөжээ. 2017 онд 428 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн тус компани 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 126.9 тэрбум төгрөгийг нь хувь эзэмшигчдэдээ тараана. Ингэхдээ нэгж хувьцаанд харьцангуй өндөр буюу 2410 төгрөг олгох аж. “Тавантолгой” компанийн нэгж болон нийт ногдол ашиг 2016 оныхтой харьцуулахад 2-3 дахин өссөн байна. Тэгвэл ногдол ашгийн хэмжээгээр “тавантолгой”-н араас АПУ жагслаа. Тус компани энэ онд компанийн түүхэн дэх хамгийн их хэмжээний ногдол ашиг хуваарилахаар болжээ. Хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй тус компани 2017 оны ашгаасаа нэгж хувьцаандаа 10 төгрөг буюу нийт 10.6 тэрбум төгрөг тараах аж. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд тогтмол ногдол ашиг тарааж буй “Сүү”, “Говь” зэрэг компанийн ногдол ашгийн буухиа энэ онд ч үргэлжилнэ. Ийн үргэлжлэхдээ өмнөх онуудаас бүр өссөн дүр зурагтай байна. Сүүлийн долоон жил ногдол ашиг тарааж буй “Говь” компани нэгж хувьцаанд 220 төгрөг буюу нийт 1.7 тэрбум төгрөг хуваарилна. Энэ нь 2016 оныхоос 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт. Монголын хөрөнгийн зах зээлд хөл тавиад удаагүй “Анд-Энерги” компани 2017 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 0.5 төгрөг буюу нийт 39 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар боллоо. Монголын үнэт цаасны биржид бүртгэлтэй тус компани 2017 онд 133 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Мөн 2016 онд олон нийтийн оролцоотой болсон “Монгол шуудан” компани нэгж хувьцаанд 2.74 төгрөг буюу нийт 273 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Түүнчлэн “Адуун-Чулуун” зэрэг нүүрс олборлогчид нэгж хувьцаанд 100-130 төгрөгийн ногдол ашиг тарааж байгаа нь онцлох үзүүлэлт.

Ерөнхий дүр зургаар нь авч үзвэл, ногдол ашиг тараах компаниудын тоо буурсан ч ашиг нь өссөн байна. Ялангуяа, түүхий эдийн үнийн өсөлтөөс үүдэн нүүрсний компанийн санхүүгийн байдал илт сайжирсан нь хөрөнгө оруулагчдын өгөөжийг нэмэгдүүлж байна. Тэрчлэн өмнөх жилүүдэд ногдол ашиг олгох шинэ компани төдийлэн ажиглагддаггүй байсан бол энэ удаад “Анд-Энерги” тэргүүтэй тоглогчид орж ирэн, зах зээлийн өрсөлдөөн, өрнөлийг илүү сонирхолтой болгож байна. Дашрамд дурдахад, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын 60.3 хувь буюу 134 компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийгээд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй ойролцоо дүн болж байгаа юм. 2017 онд нийт хувьцаат компанийн 61 хувь нь хурлаа хийж байжээ. Компанийн тухай хуульд заасны дагуу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-наас өмнө зарлан хуралдуулах журамтай байдаг. Хөрөнгийн биржид бүртгэлтэй зарим компани жижиг хувьцаа эзэмшигчдийг хувьцаа эзэмшигчдийн хуралд урилгүй, хөрөнгө оруулагчдын шүүмжлэлийг сонсохоос зайлсхийх хандлага ажиглагддаг. Тэр бүү хэл, хувьцаа эзэмшигчдийн хурал хийдэггүй хувьцаат компаниуд цөөнгүй байгааг дээрх үзүүлэлтээс харж болно. Тэгвэл хөрөнгийн зах зээлд шинээр орж ирж буй компаниуд хуучныг халж, компанийн засаглалын сайн туршлага нэвтрүүлж байгаа. Тухайлбал, “ЛэндМн” компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа олон нийтийн сүлжээг ашиглан, пүрэв гарагт нээлттэй, хүртээмжтэй хийсэн. ийн хөрөнгө оруулагч бүрийн дуу хоолой, санал хүсэлтийг сонсохоор чармайж буйд хөрөнгийн зах зээлд оролцогчид ам сайтай байна.


САНАЛ БОЛГОХ