Элгээр нь хэвтүүлэх шоглоом

Мэдээ


Олон улсын санхүү, эдийн засгийн халуун цэг болсон Wall Street-ийн шинжээчид 2020 оны эцэс гэхэд дэлхий нийт эдийн засгийн дараагийн хямралтай нүүр тулна гэж үзэж байна. Дэлхийн ДНБ-ий дөрөвний нэг орчмыг бүрдүүлдэг манай гарагийн хамгийн том зах зээл болох АНУ-ын эдийн засгийн тэлэлт их л сайндаа 2020 оны сүүлч хүртэл үргэлжлэх аж. Ийм байр суурьтай хүмүүс Wall Street Journal-ын санал асуулгад оролцсон шинжээчдийн 59 хувийг эзэлжээ. Мөн 22 хувь нь 2021 он гэхэд дараагийн хямралын үе тохионо гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл, 2008 оны санхүүгийн их хямралаас хойш дэлхий дахин 10 дахь жилийнхээ босгон дээр ийм таагүй мэдээ хүлээн авлаа. Үүнийг өдөөгч хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп. Энэ оны өмнөхөн АНУ-ын Конгресс Трампын татварын шинэчлэлийг баталсан. Шинэчлэлийн үр дүнд тус улсын эдийн засагт эргэлдэж буй мөнгөний хэмжээ 1.5 их наяд ам.доллараар нэмэгдэнэ гэж тооцсон бөгөөд үүнээс үүдэн эдийн засаг нь хэт тэлнэ. Харин Холбооны нөөц уг тэлэлтийг багасгах зорилгоор бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний хатуу бодлого явуулна.

Ингэснээр өсөн тэлж байсан эдийн засагт цусны эргэлт дутагдаж эхлэх нь гарцаагүй. Энэ бол хямралын үндсэн шалтгаан болно гэж Wall Street-ийн эдийн засагчдын 62 хувь үзсэн юм. Вашингтонд төвтэй тинк танк болох Олон улсын эдийн засгийн Петерсоны хүрээлэнгийн тэргүүн Адам Посен “Татварын хөнгөлөлтөөс болж АНУ-ын эдийн засагт дахин нэг хөөс хагарч, хямралын бас нэг мөчлөгтэй нүүр тулна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” гэж мэдэгдсэн. Холбооны нөөц мөнгөний хатуу бодлого явуулна гэдэг гадаад худалдааныхаа дийлэнхийг ам.доллараар хийдэг манай улсын хувьд сэрэмж алдах эрхгүйг сануулж буй юм. Хямралын дараагийн мөчлөг хэзээ гэдгийг яг таг хэлэх аргагүй. Гэхдээ эдийн засгийн өсөлт мөнхөд үргэлжилдэггүй. Нөгөө талаар, компаниудын нэгдэн нийлэх үйл явц эрс нэмэгдэж байгаа нь шинжээчдийг болгоомжлоход хүргэж буй. Financial Times-ийн мэдээлснээр энэ оны нэгдүгээр улирлын байдлаар дэлхийн мега хэлцлүүдийн нийт үнийн дүн 1.2 их ам.доллар давсан. Нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 67 хувь, 2007 оныхоос гуравны нэгээр давж гарсан. АНУ-ын зүгээс Хятадын эсрэг худалдааны дайн эхлүүлсэн, Брекситийн хэлэлцээрийн тодорхойгүй байдлыг үл харгалзан компаниуд он гарсаар урьд үзэгдээгүй их хэмжээний худалдан авалт хийсэн нь энэ юм. Таван тэрбум ам.доллараас дээш өртөгтэй хэлцлүүд өмнөх оны түвшнээс гурав дахин өссөнийг Thomson Reuters мэдээлсэн. Компаниуд улс төр хийгээд геополитикийн эрсдэлүүдийг үл харгалзан ийн шийдвэр гаргаж буй учир нь глобал эдийн засгийн өсөлт ба бизнесийн итгэл уг хандлагыг дэмжсэн явдал. Мөн АНУ-ын татварын шинэчлэл ч том хэлцлүүдэд түлхэц болсныг шинжээчид онцолж буй. Дэлхийн хэвлэлүүдийн анхааруулж буйгаар энэ их хөөс хагарвал санхүүгийн хямралд хүргэх нь зайлшгүй. Үүн дээр төсвийн хямрал, олон улсын худалдааны системийг ганхуулж буй протекционизмын үр дагавар нэмэгдвэл ирэх гурван жилийн төгсгөл гэхэд манай гарагийн эдийн засгийн томоохон оролцогчид туйлын хүнд шалгаралд орох нь. Уг төлвийн талаар манай шинжээчид ч одооноос анхаа- руулж буй. Эдийн засгийн ухааны доктор, профессор Ц.Даваадорж, СЭЗИС-ийн ректор Р.Амаржаргал нар “Глобал эдийн засгийн сэргэлтийг томоохон олон компани бодитой бөгөөд нэг хэсэгтээ тогтвортой үргэлжилнэ хэмээн тооцож, өөр хоорондоо мега хэлцлүүд хийх нь ихсэх хандлагатай боллоо. Ялангуяа, АНУ-д компаниудын татварыг бууруулах, дотоод зах зээлээ хамгаалах эрс арга хэмжээ авч буй нь дэлхийн худалдаа, хөрөнгийн урсгал болон цар хүрээнд ихээхэн өөрчлөлт оруулж, эдийн засагт нь үлэмж дэмжлэг болсноор 2020 он хүртэл макро үзүүлэлтүүд нь жигд өсөх магадлалтай” гэж таамаглаж буй.

Гэвч дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтийн шинэ мөчлөг хэр удаан үргэлжлэхийг таамаглах боломж тун хомс бөгөөд олон эрсдэл байгааг шинжээчид хэлж байна. Smoot Hawley-н актаар тарифын хязгаарлалт тогтоосон нь их хямралыг өдөөсөн Учир нь 2009 оноос хойш унтаа гэж хэлж болохуйц хэмнэлд байсан дэлхийн эдийн засаг эрчтэй өсөх төлөвтэй байгаа ч угтаа протекционист бодлогод тулгуурлаж буй нь нэг бодлын харамсмаар хэрэг. Дональд Трампыг сонгуульд нэр дэвшиж, чөлөөт худалдааны хэлэлцээрүүд, Хятадыг шүүмжилж байхад нь шинжээчид түүнийг худалдааны дайн өдөөж, хямралын үүдийг тогшлоо хэмээн анхааруулж байсан. “Бүгд Найрамдахчуудын ялалтын нэг эрсдэл нь худалдааны дайн”, “Трамп бусад удирдагчаас ахмад ч тэр түүхээ сайн мэддэггүй бололтой. Протекционизмаас хэн ч хождоггүй юм” гэх зэргээр бичиж байв. Өнгөрсөн түүхээсээ сургамж авдаг нь үнэн бол Трампыг шүүмжилсэн хэвлэлүүдийн үг ортой. 1930 онд АНУ-ын Конгресс Smoot Hawley-н акт буюу 20 мянган нэр төрлийн бараанд тарифын хязгаарлалт тогтоосон нь эдийн засгийн их хямралыг өдөөсөн гэж үздэг. Тиймээс ч Хятад болон Европын холбоо, Канад зэрэг түншүүдийнхээ эсрэг ногдуулсан импортын тарифыг нь өдгөө дэлхий нийтээрээ буруушаадаг. Протекционист бодлого бол дэлхийн бялуунаас нэг улс дангаараа ахиухныг хүртэх гэсэн оролдлого. Гэвч үүний уршгаар худалдааны урсгал огцом буурч, нийлүүлэлтийн сүлжээ доголдон, хүмүүсийн худалдан авах чадвар муудна. Үүнтэй зэрэгцэн уг бодлогын хамгийн том эрсдэл нь инфляцын дарамт бөгөөд иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж, эдийн засаг богино хугацаанд дархлаагүй болдог. Тиймээс Трампын протекционизм нь БНХАУ болон худалдааны тэгш бус харилцааг зогсоох алхам гэхээс илүү дэлхий нийтийг элгээр нь хэвтүүлэх шоглоомын эхлэл болж таарлаа.


САНАЛ БОЛГОХ