Импортын хөнгөлөлт дотоодын борлуулалтад нөлөөгүй
Мэдээ
Трампын Цагаанд ордонд найр тавьж импортын автомашины татвараа багасгах БНХАУ-ын амлалт дотоодын хэрэглэгчдийнхээ худалдан авах дадал зуршлыг өөрчилж дөнгөхгүй бололтой. Financial Times-ийн судалгаанд хамрагдсан хятад хэрэглэгчид дотоодод үйлдвэрлэсэн машин худалдан авах нь зөв гэсэн бодолтой байна. Учир нь борлуулалтын дараах үйлчилгээтэй холбоотойгоос гадна дотоодын автомашиныг хятадуудын дур сонирхолд нийцүүлэн үйлдвэрлэдэгтэй холбоотой. Импортын автомашин өнгөрсөн онд Хятадын хөнгөн тэрэгний зах зээлд хоёр хувь үл хүрэх хэмжээтэй байсан. Энэ хэмжээ цаашид төдий л өөрчлөгдөхгүй аж. Дотоодод үйлдвэрлэсэн автомашины борлуулалт сайн байгаа нь зарим талаар үнийн ялгаатай холбоотой.
Жишээ нь, Японы Honda Accord-ыг Хятадад оруулах тохиолдолд дотоодод үйлдвэрлэсэн ижил хувилбараас нь тавин хувь үнэтэй болдог. Нөгөөтэйгүүр импортын татвар хятад худалдан авагчдын сонирхлыг төрүүлэхүйц буурахгүй юм. Дээд зэрэглэлийн тансаг загвар худалдан авдаг хэрэглэгчдэд тарифын хөнгөлөлт тус болж магадгүй ч ердийн автомашин хөлөглөгчдөд ач тус бага. Тариф буурснаас хойш ч импортын Honda Accord Хятадад үйлдвэрлэсэн ижил загвараас даруй 40 хувь үнэтэй хэвээр байх болно. БНХАУ-ын Засгийн газар дотоодын айл өрхийн хэрэглээг хөхиүлэн дэмжих бодлогоор олон сар хэлэлцсэний эцэст импортын татвараа багасгах төлөвлөгөө дэвшүүллээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин автомашины импортын татварыг багасгахаар амласны дараа Tesla-г үндэслэгч Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад Twitter-ээр дамжуулан гомдоллосон юм. Хятадын 25 хувийн импортын татварыг ноён Маск олимпын тэмцээнд тугалган гуталтай гүйхтэй зүйрлэж байв. Харин ноён Трамп АНУ-Хятадын автомашины худалдааг “Тэнэг худалдаа” хэмээн тодорхойлов. Бээжин импортын 25 хувийн татварыг 10 хувь хүртэл бууруулах бололтой. Ингэж бууруулбал Хятадын худалдааны саад тотгор Европын холбооныхтой ижил түвшинд очно. Гэхдээ 10 хувь гэдэг АНУ-ын 2.5 хувийн татвараас их дарамт юм. Үүний зэрэгцээ зарим шинжээч 10 хувийн татварыг Хятад улс дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах сонирхолтой хэвээр байгаагийн илрэл гэж үздэг. Financial Times-ын судалгаагаар тус улс автомашины импортын татвараа 2.5 хувь болголоо ч дотоодын үйлдвэрт нь аюул нүүрлэхгүй. Хямд үнийн автомашины зах зээлд 10 хувийн татвар нь импортын автомашины үнийг дотоодын ижил загвараас 30 хувиар өсгөж байгааг дээрх судалгаа харууллаа. Жишээ нь, Хятадад үйлдвэрлэсэн 1.8 литрийн Toyota Corolla машин 152 мянган юань буюу 23984 ам.долларын үнэтэй. Toyota Corolla-г гаднаас оруулах тохиолдолд 25 хувийн импортын тариф, тээврийн зардлыг нэмж тооцоод үнэ нь Хятадад үйлдвэрлэсэн загвараасаа 42 хувиар өснө. Импортын татварыг 10 хувь болгож бууруулбал үнийн өсөлт 26 хувьтай байх юм. Ийм нөхцөлд ч Хятадын зах зээлд ноёрхож буй хамтарсан үйлдвэрүүд импортын бүтээгдэхүүнтэй өлхөн өрсөлдөж их ашиг олж чадна.
Харин 2-3 хувийн ашигтай ажилладаг цэвэр дотоодын брэнд, дилерүүдэд таагүй нөхцөл үүснэ. Импортын татвар буурлаа ч Corolla, Accord зэрэг масс зах зээлийн загвар Хятадын дотоодод үйлдвэрлэсэн ижил төрлөөсөө үнэтэй хэвээр үлдэнэ. Харин дээд зэрэглэлийн машин худалдан авагчдад татвар бага зэргийн хэмнэлттэй тусна. Татвар 10 хувиар буурвал импортын BMW 540i седан загвар Хятадад угсарсан “амьдай”-гаасаа 0.4 хувь хямдарна. Jaguar XJ авах худалдан авагчид бүр дөрвөн хувийн хэмнэлт гарна. American Motors Corp болон Beijing Automotive Works хамтарсан үйлдвэр байгуулж автомашин үйлдвэрлэдэг болсноос хойш 35 жил өнгөрлөө. Өнөөгийн хятад хэрэглэгчид дотоодод угсарсан автомашинаа өрсөлдөх чадвар сайн гэж үздэг болжээ. Импортын автомашин, дотоодод угсарсан ижил загвар хоёрын алийг нь сонгох вэ гэсэн асуултад 1000 хэрэглэгчийн 33 хувь нь Хятадад угсарсныг илүүд үзэв. Мөн 11.1 хувь нь ямар ч тохиолдолд Хятад брэнд авсан нь зөв гэсэн хариулт өглөө. Харин их орлоготой хэрэглэгчдийн 52 хувь нь импортын загвар авах хүсэлтэй байна. Судалгаанд хамрагсдын 86 хувь нь Хятадын дотоодод ижил загвар угсарч байгаа нөхцөлд импортын автомашинд 20 хувиас илүү үнэ төлөхийг утгагүй гэж үзэж байна. Үнэ, арчилгаа үйлчилгээний зардал, хятад хэрэглэгчдийн шаардлагад тохируулсан хийц зэрэг нь дотоодын автомашин худалдаж авах хөшүүрэг юм. Өнгөц харахад, Хятадад угсарсан машин импортын ижил загвараасаа ялгаагүй ч нарийн хийц нь их төлөв дотоодын зах зээлд тохируулсан өөрчлөлттэй байдаг. Жишээ нь, Чаньчуньд Audi-гийн хамтарсан үйлдвэрт үйлдвэрлэдэг A4 автомашин импортын ижил загвараасаа 2.7 инчээр урт, бүхээг нь дотоодын хэрэглэгчдэд тохируулсан илүү зайтай. Импортын автомашин чанарын хувьд илүү, эргүүлээд зарахад үнээ бага алддаг, дээр нь нийгмийн байр суурь илэрхийлдэг гэсэн бодол хятад хэрэглэгчдэд хүчтэй буй. Гэхдээ ийм байр суурь хүртэл импортын автомашины борлуулалтыг ихэсгэж дийлэхээргүй байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй