50 мянган иргэн сүлжээний залилангийн хохирогч болжээ

ЗГМ: Сэдэв


Санхүүгийн пирамид “хуучирч”, өнгөлөн далдалсан сүлжээний луйвар дэлгэрчээ


Өнгөрсөн жил “G тайм” гэх улс дамнасан санхүүгийн пирамид монголчуудын гэнэн шунал дээр “тоглон” мөнгө босгож олон хүнийг хохироосноор өдгөө хэрэг нь мөрдөн шалгагдаж байгаа билээ. Үүнээс өмнө ч монголчууд олон шатлалт маркетинг буюу хууран мэхлэх пирамид тогтолцооны золиос болж байсан. Хойшид ч ийм хохирогчдын тоо улам нэмэгдэх шинжтэй. Пирамид залилангийн улмаас хохирсон иргэдийн тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 8- 9 дахин нэмэгджээ. Тодруулбал, 2008 онд 6000 орчим байсан хохирогчдын тоо 2012 онд 10000, 2017 онд 25000, 2018 оны эхний таван сарын байдлаар бүр 50000 болж огцом өссөн тухай ноцтой баримтыг хуулийн мэргэжилтнүүд дэлгэлээ. Харин хохирлын хэмжээ нь арван жилийн өмнө хоёр тэрбум төгрөг байсан бол 2012 онд зургаан тэрбум, 2017 онд 22 тэрбум, 2018 оны дээрх хугацаанд 57 тэрбумд төгрөгт хүрчээ.

Үүний зургаан тэрбум гаруй нь зөвхөн “G тайм” сүлжээнээс хураагдсан мөнгө юм. Энэ бүхний цаана дахиад 50 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан луйвар манай эдийн засагт “амьсгалж” байна. Хохирсон хүний тоо бага биш, хохирлын хэмжээ ч олон тэрбумаар хэмжигдэж байгаа нь эрхгүй анхаарал татаж байна. Луйварчдын гэмт хэрэг үйлдэж буй залилангийн долоон аргын нэгэнд олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйвар орж байгаа юм. 2017 оны сүүлийн хагас жилийн байдлаар залилах гэмт хэргийн шинжтэй 2099 хэрэг бүртгэгдсэнээс 431- т нь мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Он гарсаар энэ төрлийн гэмт хэрэг огцом өссөн тоо байна. Тухайлбал, 2018 оны эхний улирлын байдлаар 1771 хэрэг бүртгэгдэж 285 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүний тодорхой хувийг сүлжээний луйвар эзэлж байна.

• 2018 оны эхний улирлын байдлаар залилангийн 1771 хэрэг бүртгэгдэж 285 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны тодорхой хувийг сүлжээний луйвар эзэлж байна.
• Монгол Улс худалдааны хуульгүйгээс хууль, хяналтын байгууллагууд худалдааны олон шатлалт пирамидыг сүлжээний луйвараас ялгаж чадахгүй байна.
• Хуульд өөрчлөлт оруулах замаар Монголд сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулах бүх хэлбэрийг бүрэн хааж, зогсоох санал гарч байна.

Гэхдээ хохирогчдын тоо, хохирлын мөнгөн дүн нь өндөр байгаа юм. Гэвч “G time” санхүүгийн пирамидыг Монголд оруулж ирсэн Казахстан улсын иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш санхүүгийн пирамидаар мөнгө босгох арга “хуучирч”, оронд нь бараа, бүтээгдэхүүн борлуулах олон шатлалт маркетинг нэрийн дор өнгөлөн далдлагдсан сүлжээний луйвар идэвхжиж байгааг цагдаагийн байгууллагынхан онцолж буй. Мөн өнөөдөр үйл ажиллагаандаа олон шатлалт маркетинг ашигладаг 40 компанийн хэд нь “цэвэр”, хэд нь “луйвар” гэдгийг хянах боломжгүй байна. Энэ бол Монгол Улсад худалдааны хууль байхгүйгээс төрийн хууль, хяналтын байгууллагууд худалдааны олон шатлалт пирамидыг “сүлжээний луйвар”- аас” ялгаж чадахгүйд хүрсний гор юм. Нөгөө талаас, ийм арга барилыг амьдрах арга хэрэгслээ болгодог, их хэмжээний мөнгө эргэлдүүлдэг хэсэг бүлэг хүний шунал “шургасан” байхыг үгүйсгэхгүй. Ингэж хардахаас ч аргагүй юм. Уг нь энэ төрлийн залилангийн гэмт хэрэгт зориулсан хуулийн тодорхой заалт бий.

“Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 8.1.4-т “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа” явуулахыг хориглосон байдаг. Эрүүгийн хуулийн 3.3-т дээрх үйл ажиллагааг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна. Мөн тус хуулийн 17.3.1 дэх заалтад хуурах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан бол 450 мянгаас 14 сая төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, бүр зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зэрэг сонголт олонтой хуулийн заалт байдаг. Харамсалтай нь, хуульд энэ төрлийн залилан хийсэн бол хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байдаг боловч хууль зөрчөөд байгаа үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах төрийн хууль, хяналтын байгууллага нэг ч байдаггүй.

Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний татварын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний төв зэрэг байгууллагын чиг үүрэгт сүлжээний бизнесийг хянах эрх байдаггүй аж. Хэрэгт холбогдуулан мөрдөн шалгалт хийхэд дээрх субъектууд “манайд хамаагүй” гэсэн тайлбарыг цагдаагийн байгууллагад өгч “буух эзэн, буцах хаяггүй” болгодог байна. Эсвэл иргэдийг хохироосон бараа бүтээгдэхүүн нь буруу ангилалд хамаарагдаад “хэргээс мултардаг” аж. Цагдаагийн байгууллага, судлаачид “сүлжээний луйвар” гэх олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны залилах гэмт хэргийг нарийн зохион байгуулалттай, улс үндэстэн дамнаж хийгддэг, эдийн засгийн онц ноцтой хэрэг гэж дүгнээд байгаа юм. Ийм төрлийн мөнгө угаах эрүүгийн хүнд гэмт хэрэг илэрлээ ч цаг хугацаа, хөрөнгө их зарцуулдаг, олон хохирогчтой, хохирлын хэмжээ олон тэрбумаар яригддаг зэрэг нь шалгахад ихээхэн хүндрэл учруулдгийг учирлаж байна.

Энэ далд атлаа хор хөнөөл ихтэй байдлаас гарах, сүлжээний луйврыг таслан зогсоох хоёр арга байгаа аж. Юуны өмнө, хуульд өөрчлөлт оруулах замаар Монголд сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулах бүх хэлбэрийг бүрэн хааж, таслан зогсоох. Ийм замыг сонговол олон компанийн үйл ажиллагаа зогсож ажилгүйчүүдийн эгнээ нэмэгдэх эрсдэл бий. Хэрэв “хар арми”-д бараан тоо нэмэхийг хүсэхгүй гэвэл дээрх компаниудын үйл ажиллагаанд хатуу хяналт тавих эрхийг хуулиар олгосон салбар тус бүрийн гурван төлөөлөлтэй комисс байгуулах хувилбар ч яригдаж байна. Энэ комисс нь ХЗДХЯ-ны харьяанд үйл ажиллагаа явуулж сүлжээний зөвшөөрөл олгодог системд шилжвэл сая энэ төрлийн залилан луйвар зогсоно гэсэн санал гарч байгаа юм. Хэрэв сүлжээний бизнесийг ингэж нэг мөр цэгцлэхгүй бол өнгөлөн далдалсан сүлжээний луйвар ямар ч хяналтгүй явагдсаар, цагдаад очиж илэрдэг гаж тогтолцоо үргэлжилсээр байх болно.




САНАЛ БОЛГОХ