Хайгуулгүй уул уурхайн салбар хад мөргөсөнтэй адил

Нийтлэлчийн булан


Монголын нөөц дундраагүй, бид л баялгаа нээж чадахгүй байна


Эрэл хайгуулын үйл ажиллагаа саарснаар эрчимтэй хөгжиж асан уул уурхайн салбар царцахад хүрч мэдэх нь. Газрын хэвлий доор хэн ч атаархам их баялагтай гэж аархдаг монголчууд ухах орд уурхайгүй болсон гэвэл итгэхэд бэрх. Гэвч Монголын нөөц дундарсандаа биш бид л баялгаа нээж чадалгүй, арчаагүй царайлж байна. 2010-аад оны үед улсын төсөвт дэм болж байсан жоншны салбар амьсгал хураагаад удлаа. Жоншны салбарын баталгаат нөөцийг өнгөрсөн хугацаанд барж дууссан. Одоо нэмж илрүүлсэн нөөцгүйгээс энэ салбар хана мөргөчихөөд байна. Алт, зэс, нүүрс, төмөр гээд эрдсийн нөөцөөр дэлхийд дээгүүрт бичигддэг Монгол Улс эл баялгаа эрэн хайж, бүрэн илрүүж чадалгүй сууж буй нь ичмээр ч юм шиг. Ингээд бодохоор монголчууд бид жинхэнэ утгаараа “алтан дээр суусан гуйлгачин” болчихож. Жоншны салбарын мөхөл бусад түүхий эдэд ч давтагдахад ойрхон байна. Ялангуяа, эдийн засгийн хүнд үед аминд ордог алтны салбарыг энэ гашуун түүх дайрах вий. Алтны салбарын үүцийг задалсан 1990-ээд оноос хойших 30-аад жилийн дотор алтны шороон ордын нөөц дуусах дөхлөө.

Одоо ахин олборлъё гэвэл газрын гүнийг онгичихоос өөр аргагүй болсон. Уг нь геологи хайгуулын салбар олборлолт, үйлдвэрлэлээсээ 15-20 жилийн өмнө алхах ёстой. Ингэж гэмээнэ олборлох орд уурхайг бэлэн болгодог. Гэвч 1990-ээд оны дунд үеэс манай геологи хайгуулын салбар зогсож, тээр ард хоцорчихсон. Үүнийг ч уул уурхайн салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр “Уул уурхайн салбарын эрэмбэ дараатай бодлого алдагдаад 20-иод жил болчихсон. Иймээс салбарын урт хугацааны бодлогыг эргэн харах нь зүйтэй” хэмээн хүлээн зөвшөөрч байна. Монголын геологи хайгуулын оргил үе нь 1960-1996 онд тохиож, орд уурхайг олноор нээн, илрүүлсэн. Энэ баялаг одоо биднийг тэжээн, монголчууд хэрүүл, хэлцэлтэй ч эрдэс баялгаа хуваан идэж буй нь үнэн. Гэтэл ургаж төлждөггүй уул уурхайн баялаг хэзээ нэгэн цагт шавхагдаад дууслаа гэхэд Монголыг хэн, юугаар тэжээх вэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр Монгол орны нутаг дэвсгэрийн 99.9 хувьд дунд, 31.1 хувьд том масштабын геологийн зураглал, ерөнхий эрэл хийж буй. 2018 он гэхэд улсын төсвийн 13.3 тэрбум төгрөгөөр газрын хэвлийг судална.

Харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 300 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Цаашид улсын төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажил болон санхүүжилтийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдээд байгаа. Энэ сарын байдлаар хайгуулын 1687 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Гэвч идэвхтэй хайгуул хийж буй нь цөөн. Уул уурхайн салбар идэвхжсэн 2011, 2012 оных шиг хайгуулын ажил оволзож байгаа юм алга. Гэтэл энэ хугацаанд манай ил орд, уурхайн нөөц шавхагдаж, илүү хөрөнгө оруулалт, хүч шаардсан гүний хайгуул, олборлолтын үе тулж ирээд байна. “Монгол Улс гадаргуу дээрх ихэнх ордоо олж, олборлож байгаа. Ахиад олъё гэвэл гүн рүү судалгаа хийж, өрөмдөх шаардлагатай” гэж Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, геологич Д.Бат-Эрдэнэ Asia Mining сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Ер нь сүүлийн жилүүдэд монголчуудыг хэдэн арван жилээр нь тэжээн тэтгэх Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгойн дайтай орд, уурхай илэрсэнгүй. Ийм хэмжээний том орд олъё гэвэл илүү гүн рүү ухахаас өөр гарцгүй болчихоод буй. Гэтэл “Оюутолгой”-г эс тооцвол гүний уурхайд бие даан хайгуул, олборлолт хийж буй монголчуудын туршлага хэр билээ.

• Алт, зэс, нүүрс, төмөр гээд эрдсийн нөөцөөр дэлхийд дээгүүрт бичигддэг Монгол Улс эл баялгаа эрэн хайж, бүрэн илрүүлж чадалгүй сууж буй нь ичмээр ч юм шиг
• Алтны салбарын үүцийг задалсан 1990-ээд оноос хойших 30-аад жилийн дотор алтны шороон ордын нөөц дуусах дөхлөө. Одоо ахин олборлъё гэвэл газрын гүнийг онгичихоос өөр аргагүй болсон.
• Хувьсамтгай хууль эрхзүйн орчинтой байхад Монголд итгэж хөрөнгө оруулах, тэгээд бүр тэр даруйдаа орлого авчирдаггүй хайгуулын салбарт мөнгөө цутгах “гэнэн” хөрөнгө оруулагчид хэр олон бол.

Түүхий эдийн үнэ унасан өнгөрсөн жилүүдэд хайгуулын хөрөнгө оруулалт дорвитой өндийсөнгүй. Ялангуяа, 2012-2015 оны хооронд хайгуулын хөрөнгө оруулалт тасралтгүй уруудсан. Монголчууд ч өнөөдрийн уушги нь дээр гэсэн шиг уул уурхайн хөгжлийн угтал болсон хайгуулын салбарт санаа зовьниж байгаа юм алга. Харин ч хайгуулын салбарт хайр найргүй хошуу дүрсээр байна. Өнгөрсөн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хэдэн ч удаа зогсоож, болиулав даа. Техникийн доголдлоос эхлээд "улс төрийн" саатал хүртэл Монголын баялгийг эрэх хайх ажлыг гацааж дөнгөж байна. Уг нь эрэл хайгуул нь манай эрдэнэс баялгийн нөөцийг нэмнэ үү гэхээс биш ухаж, сэндийчиж, уруудан доройтуулахгүй. Дээрээс нь олон ааштай эм шиг хувирч, холбирсон хууль эрхзүйн орчин хайгуулыг хамгаас хойш татдагийг хөрөнгө оруулагчид хэлдэг. Ганцхан жишээ гэхэд, уул уурхайн салбарын малгай хууль болох Ашигт малтмалын тухай хуульд 2008 оны арванхоёрдугаар сараас өдийг хүртэл 29 удаа нэмэлт, өөрчлөлт орсон гээд бод!

Ийм хувьсамтгай хууль эрхзүйн орчинтой байхад Монголд итгэж хөрөнгө оруулах, тэгээд бүр тэр даруйдаа орлого авчирдаггүй хайгуулын салбарт мөнгөө цутгах “гэнэн” хөрөнгө оруулагчид хэр олон бол. “Монгол Улс олон улсын түвшинд хууль эрх зүйн тогтворгүй орчинтой, хөрөнгө оруулагчдыг үргээдэг найдваргүй орны тоонд ороод байна” хэмээн энэ оны гуравдугаар сард болсон “Монголын геологи, хайгуул-2018” чуулганы үеэр Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч Ч.Энх- Амгалан өгүүлсэн нь үнэн. Өнгөрсөн гуравдугаар сард Канадын Торонтод болсон Олон улсын уул уурхайн салбарын хайгуул, олборлогчдын чуулганы үеэр ч татварын ойлгомжгүй орчноос болж хайгуулын салбарын хөрөнгө оруулалт хойшилж байна хэмээн оролцогчид шүүмжилж байв. Улс төр, хууль эрхзүйн олон “ааш”-тай зэрэгцээд орон нутгийн иргэдийн эсэргүүцэл ч хүчтэй хэвээр байгаа.

Үүнээс шалтгаалан аж ахуйн нэгжүүд төлөвлөсөн хайгуулын ажлаа царцаахад хүрч, үйл ажиллагаа нь зогссон гэрээлэгч компаниудын тоо ч өсөх хандлагатай байжээ. Дээрээс нь хайгуулын салбарт боловсон хүчний хомсдол нүүрлээд буйг геологи, уул уурхайн ЧБНБ компанийн захирал Г.Чинбат хэлж байна. Геологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургуульд техник геологийн түвшинд бус нарийн мэргэжлийн болон зураглалын чиглэлээр бэлтгэж төгсгөх шаардлагатай гэж тэрбээр үзэж буй юм. Хууль эрхзүй, түүхий эдийн, таваарын ханш, улстөржилт, боловсон хүчний хомсдол гээд хайгуулын салбарыг хойш нь татах хүчин зүйлс мундахгүй байна. Хамгийн гол нь, эрэл хайгуулгүйгээр эрдэс баялгийн салбар урагшлахгүй нь ойлгомжтой. Гэтэл уул уурхайгүйгээр улсын хөгжлийн талаар ярих бүр ч хэрэггүй болно. Тиймээс өчүүхэн шалтгаар өөнтөг хийн хайгуулаа харамлаад байх аваас унах нүх, мөргөх ханаа бэлдэж буйгаас өөрцгүй билээ.




САНАЛ БОЛГОХ