Компаниуд ашгаар бус хариуцлагаар үнэлэгдэх цаг ирсэн

Нийтлэлчийн булан


Топ 100 компанийн шалгуураас нийгмийн хариуцлагыг яагаад хасав


Тоон үзүүлэлт бодит байдлыг илтгэж чадах эсэх маргаан эдийн засгийн салбарт ямагт өрнөдөг. Энэ салбарт ДНБ, төсвийн орлого, үйлдвэрлэлийн хэмжээ, ажилчдын тоо гэх зэрэг математик аргачлалаар тооцсон үр дүнгүүд шилдгүүдийг тодорхойлж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд улс оронд ч, компанийн засаглалд ч тэр аз жаргалын эдийн засаг гэсэн шинэ ойлголт хүч түрэх боллоо. Төсвийн орлого нэмэгдэж, экспорт, үйлдвэрлэл тэлсэн ч олонх иргэд нь ядуу зүдүү амьдарч байгаа бол тухайн улсын эдийн засаг сайжирч байна гэж үзэх нь өрөөсгөл хэмээн аз жаргалын эдийн засгийн онолчид тайлбарладаг. ДНБ нь зургаан хувьд хүрч өссөн атлаа иргэдийнх нь гуравны нэг нь ядуу амьдарч буй манай улсын жишээ үүнд бэлхэн хариулт өгөх байх. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдийн засаг огцом сайжирсан ч жирийн иргэдийн амьдрал дээшилсэнгүй.


Амжилт, өсөлтийг тоон үзүүлэлт бус сэтгэл ханамж, иргэдийн амьдралд гарч буй өөрчлөлтөөр үнэлдэг энэ онол бизнесийн орчинд ч үйлчилдэг. Компанийн ашиг орлого уул шиг их боллоо ч ажилчид нь цаг наргүй, цалин багатай, эрүүл мэнддээ ч цаг гаргах завгүй ажилладаг бол шилдэг компани гэхэд хэцүү. Үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүн нь байгаль сүйтгэдэг, эрүүл мэндэд хорт бодис ялгаруулдаг бол топ компани гэх нь учир дутагдалтай. Тиймээс хүний эрх, ардчиллыг үнэт зүйлээ болгосон шинэ мянганыханд компани нийгмийн хариуцлагаа биелүүлдэг эсэх нь нэн чухал шалгуур болоод байгаа юм. Бизнесийн ашгаасаа бусдын сайн сайхны төлөө зориулах чин хүсэлтэй шинэ үеийнхэн өсөн өндийж байна. Тэдний өсгөж хүмүүжүүлсэн дараа үеийнхэнд ч энэ нь бараг л төрөлхийн “араншин” мэт өвлөгдөнө гэдгийг судлаачид хэлдэг. Тиймээс ирээдүйн бизнесээ өсгөе гэж бодож байгаа бол сайн үйлст гараа сунгах нь компаниудын бусдаас ялгарах гол имиж нь болж хувирсан. Coca Cola, Lego, BMW, Ikea зэрэг компаниуд сайн үйлсээрээ бусдыг манлайлдаг, тэр хэрээрээ хэрэглэгчдээ татдаг.


Сайн үйлcт хөрөнгө зарцуулдаг компанийг дэмжих хөшүүрэг үнэндээ алга

2017 онд Forbes сэтгүүлээс гаргасан жагсаалтыг нийгмийн хариуцлагаараа манлайлсан Lego компани гэхэд өнгөрсөн онд 1.3 сая хүүхдэд тусалсан гэх бахархам амжилттай явна. Харин Монголд Улаанчулуутын хогийн цэгээс амь зуулгаа залгуулдаг 20 иргэнийг “Вагнер Ази” компани ажилд авахаар сургалтад хамруулж буй. IT zone компани автомашинаас татгалзаж, дугуйгаар зорчиж буй ажилчдадаа цалингийн нэмэгдэл олгодог болсон зэрэг таатай мэдээ хөвөрч байна. Даанч эдгээр компанийг ашиг орлогоо бусадтай хуваалцлаа, сайн үйлс хийлээ гээд дэмжих хөшүүрэг үнэндээ алга. Уг нь 2001 оноос хойш МҮХАҮТ “топ-100” аж ахуйн нэгжийг жагсаахдаа нийгмийн хариуцлагыг их, бага хэмжээгээр тооцдог байсан. Харин уг шалгаруулалтыг Засгийн газартай хамтарч явуулдаг болсон сүүлийн гурван жилд энэ чухал үзүүлэлт гээгдчихээд байна. Энэ онд гэхэд борлуулалтын орлого, татвар төлөлт, хөрөнгө, ашиг, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо гэсэн үндсэн таван шалгуураар хэмжсэн.


Нөгөө дэлхий нийт, шинэ үеийнхний нэхээд байгаа нийгмийн хариуцлагын шаардлага тоон үзүүлэлтүүдэд шахагдан, гээгдэв. Энэ жилийн “топ-100” аж ахуйн нэгжийн шалгаруулалтад ойр нэгэн эх сурвалж “Энэ жилийн шалгаруулалтад нийгмийн хариуцлагын үзүүлэлтүүд ороогүй байгаа. Засгийн газартай хамтраад цэвэр тоон үзүүлэлт дээр үндэслэж шалгаруулсан” гэв. Төр гараа хаана дүрнэ, тэндээ гай тарьж, хөгжлийг хойш чангаадгийн тод жишээ энэ. Бодвол, нийгмийн хариуцлага муутай компаниудаа шилдэгт багтаах гэж энэ шалгуурыг хассан ч байх. “Эрдэнэс Тавантолгой”, “ДЦС-4”, “Улаанбаатар төмөр зам” гээд сайн үйлст хуруугаа ч дүрдэггүй, татвар төлөгчдийн мөнгөөр амь зуудаг компаниуд шилдэгт багтсан байгаа юм. Хэрэв нийгмийн хариуцлага гэсэн шалгуурыг орлого, татвар гэсэн үзүүлэлттэй эн зэрэгцэхүйц биш юм гэхэд тодорхой хэмжээгээр тооцсон бол төрийн мэдлийн компаниуд ийм дээгүүр залрахгүй байсан. “Мобиком” компанийн гүйцэтгэх захирал асан Д.Болор МҮХАҮТ-аас “Нийгмийн хариуцлага гэхээр монголчууд том компаниуд л хийж, хэвшүүлэх ёстой гэсэн буруу бодолтой байдаг.

• Судалгаанд хамрагдсан компаниудын 20 хувь нь нийгмийн хариуцлагаа биелүүлэхдээ нэг тэрбумаас дээш төгрөг зарцуулдаг.
• Төр гараа хаана дүрнэ, тэндээ гай тарьж, хөгжлийг хойш чангаадгийн тод жишээ нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй компаниудын урмыг нь хугалж байгаа явдал гэж ойлгогдсон.
• Ашиг, орлого сайтай ч ажилчид нь цаг наргүй, цалин хөлс багатай, ажилладаг бол шилдэг компани гэж нэрлэхэд хэцүү.

Гэтэл нийгмийн хариуцлагаа сайн хэрэгжүүлдэг, 4-5 хүнтэй, халуун дулаан орчинтой жижиг компани олон бий. Жижиг байгууллага атлаа ажилтнууд нь усаа хэмнэдэг, цахилгаанаа зөв зарцуулдаг, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаардаг, сургадаг, байгальд ээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна гэсэн үг. Тиймээс МҮХАҮТ-ын “Топ-100”-гийн шалгаруулалтад нийгмийн хариуцлагыг багтааж, ийм компаниудыг гаргаж ирэх нь чухал” гэжээ. Ядуурал газар авсан, нийгмийн ёс суртахуун доройтсон энэ үед монголчуудыг чимж буй ганц гэрэл нь сайн үйлсийн давалгаа. Гэтэл төр засаг нь тоон үзүүлэлтээр компаниудын урмыг булшилж байгаа нь харамсалтай. Уг нь нийгмийн хариуцлагыг хөхиүлэн дэмжих нь төрд ч хэрэгтэй ажил. Тухайлбал, БНХАУ сүүлийн жилүүдэд нийгмийн тулгамдсан асуудлаа шийдэхдээ бизнес эрхлэгчдийг уриалан дууддаг болсон. Тус улсын Иргэний бодлогын яамны мэдээлснээр 2015 онд БНХАУ-ын 60-аас дээш настай өндөр настны тоо 220 саяд хүрчээ.


Гэр бүлийн хоёр ганц хүүхэдтэй байх хуулийн уршгаар өтөл насанд нь өргөж асрах хүнгүй болсон хөгшчүүл ийнхүү олширсон байна. Эдгээр иргэнийг харж хандахад төсвөөс асар их мөнгө урсаж байсан учраас компаниудыг сайн үйлсэд уриалан дуудаж, төсвийн хүнд ачааг хөнгөлж байжээ. Уг нь манай бизнес эрхлэгчид сайн үйлсэд нэгдэхдээ бэлэн гэдгээ ямагт харуулсаар ирсэн. Өнгөрсөн онд гэхэд ОБЕГ-т эх орныг нөмрөөд байсан түймрийг унтраахад 800 орчим сая төгрөгийн хандив цугласан. Энэ сайн үйлсийн эздийн ихэнх нь компаниуд байв. МҮХАҮТ- аас 256 аж ахуйн нэгжийн дунд судалгаа явуулахад 20 хувь нь нийгмийн хариуцлагаа биелүүлэхдээ нэг тэрбумаас дээш төгрөг зарцуулдаг нь тогтоогджээ. Мөн 11 хувь нь 500 саяас дээш, 16.9 хувь нь 100-500 сая, 10.5 хувь нь 50-100 сая, 33.4 хувь нь 10-50 сая, 8.3 хувь нь 0-10 сая төгрөг зориулдаг гэсэн байна. Үүнээс харвал иргэдийн амьдралыг өөд нь татахад ашиглах нөөц хүч бидэнд байна. Даанч эрх мэдэлтнүүд өөрсдийгөө гоё харагдуулахын тулд сайн үйлсийг шоовдорлож байгаа нь харамсалтай. Төр татвар, бодлогоор сайн үйлсийг дэмжиж чаддаггүй юм гэхэд “Топ-100” шалгаруулалтаас гараа татмаар юм.






САНАЛ БОЛГОХ