Популизмд цэг тавьсны дараа л хөгжил ирнэ

Зах зээл

Улстөржилтөөс хол, илүү ажил хэрэгч байдалд энэ удаагийн чуулган өрнөх боломжтой


Монголын эдийн засгийн ээлжит чуулган “Хүчээ нэгтгэе” уриан дор найм дахь жилдээ болж байна. 2017 онд өнжсөн төр, хувийн хэвшлийн нэгдсэн цугларалт энэ удаа гурван төрлийн хуралдаанаас бүрдэж буй. Нийт 16 салбар хэлэлцүүлэг хоёр өдрийн турш өрнөх бөгөөд энэхүү чуулганы өнөөдрийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээнэ. Түүний тэргүүлж буй Засгийн газар эдийн засгийн чуулганаар нээлттэй хэлэлцэх зарчим баримтална гэдгээ зарласан. Энэ нь хүлээгдэж буй мега төсөл, өмч хувьчлал гэх мэт бизнесийн орчинд эргэлзээ төрүүлсэн олон асуудалд хариулт өгөхөөр байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ “Оюутолгой, Тавантолгой болон дулааны цахилгаан станц, түлш, газрын тосны үйлдвэр зэрэг аж үйлдвэр, уул уурхайтай холбоотой томоохон төсөл, хөтөлбөрүүдийг та бүхэн мэднэ. Эдгээр хөтөлбөр дээр томоохон шийдлүүд гаргах ёстой” гэв. Тэрбээр “Монгол Улс хүчээ нэгтгэх цаг болсон. Хэт улс төржилтөөс бид салмаар байна.


Тиймээс томоохон төслүүдээ хөдөлгөхийн тулд хүчээ нэгтгэх зайлшгүй шаардлагатай” гэж өгүүлсэн юм. Бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдэхэд эдийн засгийн чуулганы ач холбогдол оршдог. Тус чуулганыг Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа СЕО клубийн гүйцэтгэх захирал В.Ганзориг “Засгийн газар саяхан Гурван тулгуурт хөгжлийн бодлогоо зарлалаа. Юу хийх гээд байна вэ гэсэн асуулт хариулттай болж, нэг үеэ бодвол бодлого нь тодорхой, хийж буй ажил нь цаг хугацаатай боллоо. Тодорхой болсон бодлогод нь хувийн хэвшлийнхэн яаж оролцож, хэрхэн хамтын үнэ цэнэ үүсгэж, бие биедээ харилцан ашигтай бодитой ажлуудыг хийх боломжтойг чуулганы үеэр дэлгэрэнгүй хэлэлцэнэ” гэв. Төр, хувийн хэвшлийн төлөөллийн тэнцвэртэй оролцоог хангахад зохион байгуулагчдын зүгээс анхаарч байна. Зөвхөн эдийн засаг яриад өнгөрөх бус нийгэм улс төр, шашин, үнэт зүйлс зэрэг одоо цагт хөндөхөөс аргагүй сэдвүүд энэ чуулганы хөтөлбөрт багтжээ. Хувийн хэвшлийнхэн мөрөөрөө ажлаа хийх нөхцөлийг “найман нас”-тай золгож буй эдийн засгийн чуулган олгоно гэсэн хүлээлт, горьдлого нийгэмд байна.


Шийдэл, хөгжил ярих учиртай энэхүү арга хэмжээ эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүртээмжтэй болгох хөрсийг бүрдүүлэх ёстойг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг онцолсон юм. 2010 онд анхны форум болж байсан. Эдийн засагч Д.Жаргалсайхан “Яагаад форум” өгүүлэлдээ “Ардчилсан нийгэмд ийм хэлэлцүүлэг заавал байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. “Монгол Давос” хэмээн тодотгох эдийн засгийн чуулганаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, Монгол Улсын хөгжлийн загвар, Аж үйлдвэрийн IV дэх хувьсгал хэлэлцүүлэг өрнөнө. Салбар хуралдааныг авч үзвэл, Улаанбаатар хотын эдийн засаг ба Хөрөнгө оруулалт, Хариуцлагатай уул уурхай, хүртээмжтэй өсөлт, Мега төслүүд болон төрийн өмчит компаниуд, Аялал жуулчлал ба агаарын тээвэр зэрэг сэдвээр оролцогчид даваа гарагт чуулах юм. “AmCham” буюу Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адьяа “Хөрөнгө оруулалт шинээр татах нь чухал. Гэхдээ өмнө нь хөрөнгөө оруулчихсан компаниудын амжилтыг гаднын хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна. Хөрөнгө оруулагчид, төр засгийн хооронд тогтоод байгаа хамтын ажиллагаа цаашид яаж үргэлжлэх бол гэдгийг анхааралтай ажиглаж байдаг.


Хувийн хэвшлийнхэн шинээр боловсруулж буй хуулийн төсөл, тогтоол зэрэгт саналаа өгөхөөр төр засгийнхан тусгасан л гэдэг. Араас нь хөөхөөр бидэнд эргүүлж хариу өгдөггүй. Төр хувийн хэвшлийн түншлэл жинхэнэ утгаар хэрэгжихгүй байна” хэмээн чуулганы талаарх байр сууриа илэрхийлсэн юм. • 2017 онд өнжсөн төр, хувийн хэвшлийн нэгдсэн цугларалт энэ удаа гурван төрлийн хуралдаанаас бүрдэж буй. • Бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдэхэд эдийн засгийн чуулганы ач холбогдол оршдог. • Эдийн засгийн чуулган улстөржилтөөс хол, илүү ажил хэрэгч түвшинд өрнөх хүлээлт зонхилж байна. Тэрбээр “Нөгөө л хүмүүс өнөө л асуудлуудаа ярилаа гэж чуулганаас залхах маягтай болчихлоо. Дарга нар мэндчилгээ илгээх төдий болоод гараад явчихдаг. Энэ удаагийн форумд Ерөнхий сайд, сайд нар идэвхтэй оролцож, сууна гэж найдаж байна. Хувийн хэвшлийнхэн л хоорондоо зовлонгоо хуваалцаад үлддэг” гэж нэмж хэллээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний улиралд ДНБ 6.1 хувиар өссөн.


Төв банкны гадаад валютын албан нөөц гурван тэрбум ам.долларыг давж, зээлжих зэрэглэл сайжрах хүлээлттэй байна. Тэрчлэн уул уурхайн эрдэс түүхий эдийн үнэ тогтвортой байгаа нь бүхэлдээ эдийн засаг тогтвортой өсөх найдвар болж байгаа юм. Уул уурхайн ассоциацийн ТУЗ-ийн дарга А.Билгүүн “Энэ форумыг ашиглан гаднын хөрөнгө оруулагчдад эерэг мессеж өгөх хэрэгтэй. Аливаа улсын нийт хөрөнгө оруулагчдын гуравны нэг нь л шинэ хөрөнгө оруулагчид байдаг. Өмнө нь хөрөнгөө оруулсан хүн дахин хөрөнгө оруулах тохиолдол түгээмэл” гэлээ. Хувийн хэвшлийнхэн өөрсдийн өмнө тээг болж буй хүндрэл, хүч хүрэхгүй бэрхшээлээ бодлого тодорхойлогчдод эдийн засгийн чуулганаар дамжуулан хүргэдэг. Харин өнгөрсөн хугацаанд зохион байгуулагдсан зарим чуулга уулзалт хэт улстөржих, ялангуяа сонгуулийн өмнө эрх баригч намын сурталчилгааны индэр болж үлдэх нь бий. Тэгвэл энэ өдрүүдэд үргэлжлэх найм дахь удаагийн чуулган улстөржилтөөс хол, илүү ажил хэрэгч түвшинд өрнөх хүлээлт зонхилж байна.


САНАЛ БОЛГОХ