Чихэртэй ундаа хэт таргалалтын гол шалтгаан болж байна
ЗГМ: Сэдэв
Ундаанд 10 хувийн татвар ногдуулбал нэг хүний жилийн хэрэглээ 10.2 литрээр буурна
Хэрэв хүүхдэдээ өдөр бүр чихэртэй ундаа өгдөг бол ирээдүйн архаг өвчтөнийг бэлдэж байна гэсэн үг. Хүн амын хоол, тэжээлийн хамгийн сүүлийн судалгаагаар 2010-2017 онд 6-11 настай хүүхдүүдийн таргалалт долоо дахин нэмэгдсэн нь тогтоогджээ. Илүүдэл жинтэй монголчуудын тоо хурдтай өсөж, нас нь залуужиж буйд амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдал, хоолны зохисгүй хэрэглээ зэрэг цөөнгүй шалтгааныг нэрлэж болно. Харин монголчууд олон өвчний эхлэл болдог таргалалтад “дарлуулж” буйн гол шалтгаан нь чихэртэй амтат ундаа гэдгийг судлаачид анхааруулсаар ирсэн. Олон улсад ч таргалалттай тэмцэх хамгийн эхний алхам нь чихэртэй ундааг чиглэж байгаа юм. Шингэн хүнсний зах зээлд томоохон байр суурь эзэлдэг ундааг “онилох” болсон шалтгаан нь таргалалтын гол шалтгаан тул хөндлөө. ДЭМБ-аас 2013-2020 онд халдварт бус өвчнийг бууруулахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүндээ чихэрлэг ундаа гэх мэт эрүүл мэндэд нэн хортой бүтээгдэхүүнд татвар ногдуулах зөвлөмж өгсөн.
Манай улсын Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрт ч энэ талаар дурдсан байдаг. Гэвч хүн ам, ялангуяа хүүхдүүдийн дундах таргалалт анхаарахгүй өнгөрч болохгүй өндөр хэмжээнд хүрсэн энэ үед чихэртэй ундааны хэрэглээг бууруулах дорвитой ажил огт хийхгүй байгаатай эвлэрэх аргагүй. Манай улсад чихэртэй ундааны хэрэглээг бууруулахад чиглэсэн ганц журам байдаг нь бараг хэрэгждэггүй. Сургуулийн орчимд сахар ихтэй амттан худалдахыг хориглосон Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаал бий. Хэдийгээр зарим сургуулийн цайны газар, буфет чихэртэй ундаа зардаггүй ч сурагчид хэдхэн алхмын цаадах дэлгүүрээс худалдаж авсаар байгаа. “Нас нь нэмэгдэх тусам хүүхдүүд сургуулийн орчмоос чихэртэй ундаа авах нь олширдог. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих ёстой ч төдийлэн хэрэгжихгүй байна” гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр хэллээ. АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль (НЭМС)-ийн багш нарын судалгаанаас харвал 14-18 насныхны 54.9 хувь нь сургуулийн орчмоос чихэртэй ундаа худалдаж авдаг гэж хариулжээ.
НЭМҮТ-ийн 1600 гаруй хүүхдэд хийсэн судалгаанд сургуулийн насны хүүхдүүдийн өдөр тутамдаа хамгийн их хэрэглэдэг амттан нь чихэртэй ундаа гэдгийг онцолжээ. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын бараг долоо нь чихэрлэг ундаатай өдөр бүр “нөхөрлөдөг”. Ундаанд их хэмжээний сахраас гадна зарим оронд хориглосон тогтворжуулагч бодис ордог нь ийм төрлийн ундааны хэрэглээг эрс хязгаарлах бас нэг шалтгаан юм. Дотоодын үйлдвэрийн зарим ундаанд хүүхдэд хэт хөдөлгөөнтэй байх эмгэг буюу ADHD үүсгэдэг Е100 (Норвеги, Финландад хориглосон), Е122 (Норвеги Австрид хориглосон) нэмэлт бодис бий. Түүнчлэн хүнд металл, ялангуяа кадмийн хэмжээ зөвшөөрөх хэмжээнээс илүү байдгийг тогтоосноо НЭМҮТ-ийн судлаач ярилаа. Эдгээр баримт бол арааны шүлс асгарч, хорхой хүргэм баглаа боодолтой, түүнээс дутахааргүй амтат ундаа ирээдүйн иргэдийн эрүүл мэндийг архинаас дутахгүй хохироож буйг илтгэх хангалттай нотолгоо юм.
НИЙГЭМД ТУСТАЙ ТАТВАР
Улс орнууд иргэдээ амтатны хэрэглээнээс үүдсэн таргалалт, таргалалтаас шалтгаалсан өвчнөөс сэргийлэхийн тулд эдийн засгийн арга хэмжээ авч эхлээд байна. Одоогийн байдлаар чихэртэй ундаанд татвар ногдуулж эхэлсэн 40-өөд улс байгаа юм. ДЭМБ-ын шахалт шаардлагын нэг үр дүн нь энэ. Мексик, Барбадос, Лаос Камбож, Самао, БНСУ, Соломоны арлууд 10 хувийн албан татвар ногдуулдаг бол Өмнөд Африкт энэ хэмжээ хоёр дахин өндөр. Фижид чихэртэй ундааны импортын татвар бүр 32 хувь. Харин Финландад литр тутамд нь 0.22 евро, Францад 100 литрт 7.53 еврогийн татвартай. Эдийн засгийн хөшүүргийг илүү үр дүнтэй болгохын тулд татварын хэмжээг ундааны чихэрлэгийн агуулгатай уялдуулсан зохицуулалт хийсэн орнууд ч бий. Чихэртэй ундаатай нэлээд дуулиантайгаар дайн зарлаж буй отгон орон бол Их Британи. Хүн амын дундах таргалалт аюулын харанга дэлдэж буй тул энэ оны дөрөвдүгээр сараас чихэртэй ундаанд онцгой татвар ногдуулсан. Ингэхдээ 100 мл-т найман гр-аас их сахарын агууламжтай бол литр тутамд 24 пенс, 5-8 гр агуулагдаж буй бол 18 пенсийн татвар авч эхэлсэн. Энэ хуулийн өөрчлөлтөөс болж ундааны үнэ нэмэгдсэн тул олон нийт ихээхэн бухимдаж байгаа аж. “Хувь хүний юу идэж, уухыг төр заах ёсгүй” гэсэн эсэргүүцэлд тус улсын нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан агентлагаас “Англи хүүхдүүд 10 минут тутамд хорхойд идүүлсэн нэг шинэ шүд авахуулж байна” хэмээн мэдэгджээ. Чихэртэй ундааны хор уршгийг архитай зүйрлэж болно. Архи хүчирхийлэл, гэмт хэрэг, гэр бүл салалт, цаг бусын нас баралтаас гадна сэтгэцийн эмгэг, элэгний хорт хавдаг зэрэг аймшигт өвчний эх үүсвэр болж байна. Үүнтэй адил чихэртэй ундаанаас болж нийгэм даяараа зарим төрлийн хорт хавдар, чихрийн шижин, зүрхний өвчлөлд нэрвэгдээд байгаа юм. Тиймээс архинаас дутахааргүй уршигтай чихэртэй ундааны хэрэглээг бууруулах арга хэмжээ авах нь төр, засгийн зайлшгүй хийх ажил болчихоод байна. Зөвхөн татвараар энэ бүхнийг хязгаарлах бус иргэдэд зөв мэдлэг, мэдээлэл хүргэх шаардлага тулгарч байна.
ЭРҮҮЛ МЭНДЭЭ Ч ХАЙРЛАЯ, ТӨСВӨӨ Ч НЭМЭГДҮҮЛЬЕ
АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид хэрэв чихэртэй ундаанд онцгой татвар ногдуулбал ямар үр дүн гарах талаар тун сонирхолтой, чухал судалгаа хийжээ. Судалгаанаас үзвэл нэг монгол хүн 2016 оны турш 134 литр чихэртэй ундаа хэрэглэсэн байна. Хэрэв 10 хувийн онцгой албан татвартай болбол нэг хүний жилийн хэрэглээг 10.2 литрээр, хоногийн хэрэглээг 27.7 мл-ээр бууруулах боломжтой. Ингэснээр ийм ундаа өдөр тутам хэрэглэдэг, таргалалттай хүний биеийн жин гурван жилийн дараа 0.2-0.6 кг-аар буурна гэж үзжээ. Харин онцгой татварыг 20 хувьд хүргэвэл биеийн жин 0.4-1.4, 30 хувьд хүрвэл 0.7-2.4 кг-аар багасах боломжтой аж. Харин хэрэглээний хувьд жилийнх нь 22.8-39.1, хоногийнх 62.4-107 мл-ээр буурах тооцоо гарсан байна. Чихэртэй ундааны татвар нь нэг талаас иргэдийн эрүүл мэндэд тустай, нөгөө талаас улсын төсөвт багагүй хөрөнгө оруулна. Манай улсад архи, тамхи, шатахууны онцгой албан татвар Эрүүл мэндийг дэмжих санд ордог. Уг сангийн жилийн төсөв нь 17 тэрбум гаруй төгрөг. Хэрэв чихэртэй ундаанаас 10 хувийн татвар авдаг болбол уг санд төсвийнх нь 285 хувьтай тэнцэх мөнгө орно. 20 хувь бол 576, 30 хувь бол 844 хувиар Эрүүл мэндийг дэмжих сангийн орлого нэмэгдэхээр байгаа юм. Хамгийн багаар буюу 10 хувиар нэмж тооцоход онцгой татварын орлого 48.7 тэрбум төгрөг, нийт татварын орлого 97.4 тэрбум төгрөг, улсын төсөв 41.7 тэрбум төгрөгөөр өсөх тооцоотой аж. Хэрэв 20, 30 хувийн татвар ногдуулбал энэ тоон үзүүлэлт 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Татвар нэмэх нь иргэд, бизнес эрхлэгчдийн ачааг нэмдэг. Гэхдээ нийгмийн эрүүл мэндийг хамгаалсан зарим татвар мөнгөнөөс илүү хожил авчирдгийг архи, тамхины онцгой албан татварын жишээ бодитоор харуулдаг. Тиймээс таргалалтыг “дарж авах”-ын тулд чихэртэй ундаанд эдийн засгийн арга хэмжээ авахаас өөр олигтойхон гарц шийдэл одоохондоо алга. Гагцхүү өнөөдөр үү, маргааш уу гэсэн сонголт л бидэнд байна. Гэхдээ үүнтэй хамт сургуулийн орчинд чихэр ихтэй хүнс худалдаж, сурталчилахыг хуулиар хориглож, нарийн чанд хэрэгжүүлмээр байна. Иргэдэд гаднаас харахад бал бурам шиг атлаа биед ороод шингэн “хор” болж буй чихэртэй ундааны уршгийг таниулах шаардлагатай болжээ. Эс бөгөөс чихэртэй ундаа нь таргалалт хийгээд архаг хууч өвчний “ген”-ийг бүхэл бүтэн үед суулгаж, нийгмийг сүйдэлж мэдэх нь.
ЗГМ: ТОДРУУЛГА
ДЭМБ-аас чихэртэй ундааны татварыг шатлалтай нэмэхийг зөвлөсөн
АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн докторант М.Ундрамаас зарим зүйлийг тодрууллаа.
-Монголд чихэртэй ундаанд онцгой татвар ногдуулах ямар чухал шаардлага байна вэ?
-Тав хүртэлх насны хүүхдүүд хоол, тэжээлийн давхар дарамттай гэсэн ангилалд Монгол Улс орсон. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд нэг бол хоол тэжээлийн дутагдал, өсөлтийн хоцрогдолтой эсвэл тарган байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болчихоод байна. Арван жилийн өмнө монголчуудын дунд тарган хүн цөөн байсан, амьдралын хэв маяг ч арай өөр байлаа. Тухайн үед түргэн хоолны сүлжээнүүд байгаагүй, газтай ундааны үйлдвэрүүд дотоодод дөнгөж байгуулагдаад байсан. Өндөр хөгжилтэй орнууд иргэдийнхээ эрүүл мэндэд хортой бизнесүүдийг зах зээлээсээ шахаж байгаа учраас ийм компаниудын бодлого, маркетинг ядуу буурай, хөгжиж буй орнууд руу чиглэж эхэлсэн. Тиймээс ДЭМБ-аас иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд чихэртэй ундааны онцгой татвартай болж, хувь хэмжээг нь шатлалтайгаар нэмэхийг зөвлөсөн.
-Амьдрал ядуу байхад татвар нэмэх нь буруу, нэг ч гэсэн ажлын байр хэрэгтэй гэх хэсэг бий. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Чихэрлэг ундааны импорт, үйлдвэрлэлийн хэмжээ жил бүр өссөөр байгаа. Хэрэв чихэртэй ундаанд татвар ногдуулбал үнэ нь өсөж, хэрэглээ нь буурна. Харин эсрэгээрээ эрүүл мэндэд тустай ундаа, хүнсний хэрэглээ өснө гэж үздэг. Ундаа үйлдвэрлэгчид улсын төсөвт орлого оруулж, олон хүнийг ажлын байраар хангадаг гэсэн тайлбараар бизнесээ зөвтгөдөг. Эдгээр үйлдвэрлэгчдийн борлуулалт буурч, татварын дарамт нэмэгдсэнээр дампуурах нөхцөл ч үүсэж мэднэ. Үүнийг нөгөө талаас харвал, сахартай ундааг орлох хүний эрүүл мэндэд илүү тустай шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөх боломжтой.
-Онцгой татвартай болбол улсын төсөвт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Улсын төсвийн 13 хувийг онцгой татвар бүрдүүлдэг. Шатахуун, архи, тамхи дээр чихэрлэг ундааг нэмбэл онцгой татварын хэмжээ маш ихээр нэмэгдэх боломж бий. 2016 оны төсвөөр тооцоход хэрэв чихэрлэг ундааны татварыг 10 хувиар нэмбэл төсөв дэх онцгой татвар 6.9 хувиар өсөх боломжтой. 20 хувиар нэмбэл 13.9, 30 хувь бол 20.3 хувиар онцгой албан татварын хэмжээ нэмэгдэх тооцоо гарсан.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй