Менежментийн дутагдалд орсон УБТЗ-аас муу мэдээ огт тасрахаа больжээ
Нийтлэлчийн булан
Монголын эдийн засаг бусад салбараас хоцорч буй гол шалтгаан нь тээвэрлэлт
Өнгөрсөн онд төмөр замын тээврийн салбарын орлого 529.1 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2016 оныхоос 21 хувиар өссөн үзүүлэлт юм. 22.7 сая тонн ачаа, 2.6 сая хүн тээвэрлэсэн энэ үзүүлэлт 2018 онд бүр ч өсөх шинжтэй. Үндэсний статистикийн газрын мэдээлснээр он гарсаар эхний дөрвөн сард төмөр замаар 8.1 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Хэрэв энэ хэмжээгээ тогтмол барина гэж үзвэл жилийн эцсийн байдлаар 25 орчим сая тонн ачаа тээвэрлэх нь. Энэ тоо УБТЗ-ын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвартай явцав дүйж буй ч харамсалтай нь энэ боломжийг бид ашиглаж чадахгүй нь. Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулахад хамтран ажилласан байгууллагуудын төлөөлөлтэй Ерөнхий сайд уулзах үеэр төмөр замын ачаа тээврийн асуудлыг МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав хөндлөө. Тяньжин боомт дээр Монголыг зорих ачаанууд гацсан, контейнерууд бөөгнөрсөн, бизнес эрхлэгчид хугацаандаа ачаагаа авч чадахгүй байгааг дуулгав. Төр, бизнесийнхэн хүчээ нэгтгэж эдийн засгаа өөд нь татах бодлогоо тодорхойлохоор хэлэлцэж буй энэ үед хувийн хэвшлийнхэнд учирч буй хүндрэлийг толгой байгууллагынх нь тэргүүн Ерөнхий сайдад дамжуулсан нь тэр.
Б.Лхагважав “Монгол Улсын эдийн засаг бусад салбараас хоцорч буй гол шалтгаан нь тээвэрлэлт” хэмээн тодотгосон юм. Монгол Улс далайд гарцгүй. Ачаа тээврийг төмөр замаар нугалдаг. Ийм байтал төмөр замын ачаа тээврийг гардан гүйцэтгэж буй толгой байгууллага, тус байгууллагын удирдлага хэрхэвч гараа хумхиад суух учиргүй. Тархай бутархай оршин суудаг, далайд гарцгүй байдлаас болж тээврийн өндөр өртөг Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй нь үнэн. Ачаа тээвэртэй холбоотой сорилт бэрхшээл ч бизнесийнхэнд тулгарч байна. Манай экспортын бүтээгдэхүүний өөрийн өртгийн 30 орчим хувийг тээвэр, ложистикийн зардал эзэлдгийг Зам тээврийн сайд асан Д.Ганбат хэлж байсан. Харин бусад оронд дунджаар арав орчим хувь байдаг юм билээ. Харьцуулаад харахад Монголын бизнесмэнүүд ямар хүнд нөхцөлийг даван туулдгийг дүгнэж болохоор. Төмөр замын тээврийн чадамжаас болж боомт дээр гацсан ачаа, үүнээс шалтгаалсан нэмэгдэл өртөг нь эдийн засгийн богинохон мөчлөгт амжиж ажлаа явуулах гэсэн бизнесийнхний зардлыг нэмж, ашгийг нимгэлэх нь тодорхой.
Урд хөршийн Тяньжин боомт дээр үүсээд буй гацаа Монголын төмөр замын ачаа тээврийн менежментийн муугаас болж буйг ажилчдын цалин, үйл ажиллагааны ашгаараа торгуулж байгаа бизнесийнхэн шүүмжилж байв. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тэргүүн Д.Жигжиднямаагийн хэвлэлд ярьснаар төмөр замын өнөөгийн нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадал 25 сая тонн байна. Далайд гарцгүй орны хувьд угаасаа ч чамлалттай энэ дүнг нэмэгдүүлэх нь битгий хэл бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг Тяньжин боомт дахь Монголын эзэмшлийн талбайд овоорсон контейнерууд нотолно. Ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлтийн боломжийг төмөр замын ачаа тээврийн чадамж, үүнийг сайжруулах менежментийн ур чадваргүй байдал боомилж байна. Монголын ачаа тээврийн гол цонх, эдийн засгийн өсөлтийг тэжээх гол суваг болох төмөр замтай холбоотой мэдээллүүд дунд сайнаасаа илүү саар нь давамгайлах боллоо. Он гарснаас хойш төмөр замын гурван ч осол гарсан байна. Баримт дурдвал:
• УБТЗ-ын менежмент дутсанаас Тяньжинд Монголын ачаанууд гацаж байна.
• Экспортын бүтээгдэхүүний өөрийн өртгийн 30 орчим хувийг тээвэр, ложистикийн зардал эзэлдэг.
• Д.Жигжиднямаа дарга төмөр замынхаа бүрэн бүтэн байдал, осол аваар гарахаас урьдчилан сэргийлэхэд яагаад санаа тавихгүй байна вэ.
2018.05.21 “Монголын мэдээ” сонин“...Энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Дархан Эрдэнэт чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний хамгийн эхний зүтгүүрт гал гарсан ноцтой хэрэг гарсан...Улмаар нэг хүний амь эрсэдсэн бөгөөд цаг алдсан бол гал бусад вагонд дамжих байсан” 2018.05.17 “МОНЦАМЭ” агентлаг “...Дарханы замд төмрийн хийц, үр тариа ачиж явсан олон улсын галт тэрэгний найман вагон өнөөдөр 15:15 минутын орчимд замаасаа гарч, онхолдсон байна. Тодруулбал, "Дархан-1" өртөөний 15 дугаар замаар ОХУ-БНХАУ чиглэлд тээвэрлэлт хийж явсан 2508 дугаартай ачааны галт тэрэгний 15-24 дэх вагон сэлгээ хийж байгаад замаасаа гарч унасан байна... ” 2018.04.05 Dailynews.mn “... Дархан хоёр өртөөний 1-р замаас будаа ачсан хоёр битүү вагонд ивүүр тавиагүйн улмаас суман шилжүүлэг өнгөрөн гол зам дээр гарч 1.7 км зам явж зогссон байна. Үүнийг төмөр замд “онцгой тооцот гологдол” гэж нэрлэдэг бөгөөд азаар осол гараагүй, хүн бэртээгүй гэнэ. Болсон явдал төмөр замд сахилга хариуцлага хааяагүй суларсаныг харуулж байна. Олон арван мэргэжлийн ажилтан ажилчид халагдаж тэдний оронд мэргэжлийн бус шахааны нөхөд орж ирснийг удирдах газраас нь эхлээд харж болно…” Гэвч эдгээр ослын бурууг УБТЗ нийгэмлэгийн удирдлагууд хүлээсэнгүй.
Харин ч Д.Жигжиднямаа дарга энэ олон осол аваар, тээврийн гацаанд буруу хүлээх нь битгий хэл дорвитой мэдэгдэл ч хийж хариуцлагаа ухамсарласангүй. Түүний энэ хариуцлагагүй байдал Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэр хүндийг хөлдөө чирж буй нь харамсалтай. Тэрбээр осол гэмтэл гарсан шалтгааныг төмөр замын дэр мод ялзарсантай холбоотой, эсвэл жирийн машинист хариуцлага алдсанаас улбаатай зэрэг тайлбар хийн, биеэ өмөөрч сууна. Энэ бол зөвхөн төмөр замын осолтой холбоотой мэдээллүүд. Удирдлагын халаа сэлгээ, орон тооны шахаа, төсвийн мөнгийг үрэн тарах хийж буй байдлын асар олон сөрөг мэдээлэл тус нийгэмлэгийг чиглэдэг. Тэдгээр нь баримтаар ч нотлогддог. Д.Жигжиднямаа дарга төмөр замынхаа бүрэн бүтэн байдал, осол аваар гарахаас урьдчилан сэргийлэхэд яагаад санаа тавихгүй байна вэ. “Дарга дээшээ баатар доошоо” гэдэг шиг төмөр замчид, машинистууд, төмөр замаар зорчиж буй иргэд, тэдний өмч хөрөнгө, ачаа тээвэр нь чухал биш бололтой. Мөн Д.Жигжиднямаа ОХУ-аас нэг бүрийн үнэ нь 9000-11000 ам.долларын үнэтэй хуучин 1000 вагон худалдаж авах гэрээ хийсэн асуудлаар АТГ-т шалгагдаж буй. Ийнхүү УБТЗ хэмээх айл дотооддоо ундуй сундуй байгаа нөхцөлд Монголын эдийн засаг хэзээ сэргэж, хэзээ гаднын байгууллагын барьцаанаас гарах нь тодорхойгүй байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй