Бизнесийнхний итгэл хөрж буйг ирц харуулав
Мөнгө ба бизнес
Улиг болсон сценарийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрс өөрчлөв
Шинэ шийдэл, хуучин сорилт. Жил өнжөөд, эргэн ирсэн эдийн засгийн чуулганыг эдгээр үгээр товч тодорхойлохоор байна. Монголын эдийн засгийн найм дахь удаагийн чуулган тогтсон дэг, тодорхойгүй, тогтворгүй байдал гэх танил сэдвээр эхэлсэн. Гэхдээ улиг болсон энэ сценарийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрс өөрчилж, шийдвэргүй байдлыг эцэслэх шинэ шийдэл танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсад өдий болтол дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй буйн шалтгааныг нэгд, засаглалын тогтворгүй, шийдвэргүй байдлаас, хоёрт, их гүрнүүдийн геополитикоос хайх учиртай” гэсэн судлаачдын тодорхойлолтыг онцлоод, манай улсын олон улс дахь байр суурийг тодорхой болгохоо мэдэгдлээ. Тиймээс улам хүчирхэгжиж буй бүс нутгийн нэгдэл болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улсын байр суурийг шат ахиулах бодлого баримталж буйг Ерөнхийлөгч Х.Баттулга эдийн засгийн чуулганы индрээс дуулгав. Ийнхүү хөгжлийн шинэ гаргалгаагаа тэрбээр танилцуулав. Харин Ерөнхийлөгчийн гэнэтийн бэлгийг эс тооцвол энэ удаагийн чуулган урьдын адил болсон бөгөөд Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг даллан дуудсан хэвээр байна гэж ажиглагчид онцоллоо.
Жил бүрийн чуулганаар ёс мэт хөнддөг тогтворгүй байдлыг энэ жил ч гээсэнгүй. Гарт баригдаж, нүдэнд үзэгддэггүй тогтвортой байдал Монголын хөгжилд өнөө хэр ус, агаар мэт үгүйлэгдсээр. Чухам яагаад гэдгийг чуулганд оролцогчид хэлэлцсэн. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Монголд 12 Засгийн газар ажиллаж, нэг засгийн амьдрах хугацаа дунджаар 1.8 жилээр хэмжигдэж буй. Бас байс хийгээд төрийн албыг бужигнуулдаг. Зөвхөн төрийн албан хаагчдыг ажлаас халж сольсноос үүдэн нийгмийн даатгалын сангаас жилд 43 тэрбум төгрөг зарцуулдгийг албаныхан хэлж байна. Ийм бужигнасан байдлын хөлд Монголын хөгжил чирэгдсээр байгааг төр, хувийн хэвшлийн төлөөлөл хүлээн зөвшөөрч байна. Бодлогын залгамж алдагдсантай зэрэгцээд сүүлийн 27 жилийн хугацаанд Монгол Улс урт хугацааны гурван үндсэн баримт бичиг боловсруулж, баталсан. Үүнийг дагаад салбар хоорондын 500 гаруй бодлогын баримт бичиг боловсруулсан. Гэсэн ч өнөөдөр хүчин төгөлдөр буй нь ердөө 160. Ерөөсөө Монголын хөгжил хамхуул шиг төр, хэрэгждэггүй бодлого цааснаас хэтэрдэггүй төлөвлөгөө дунд төөрчихөөд байгаад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн асан, эдийн засагч Р.Амаржаргал тэргүүтэй манлайлагчид санал нэгдэв.
Төр ийм тууштай биш атлаа хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад халтай. Бизнес эрхлэгчдийн хөрөнгө, зах зээл гээд бүхнийг нь хээв нэг булаадаг. Өнөөдөр төр банк, барилга гээд чөлөөт эдийн засгийн бүх салбарт хувийн хэвшилтэй хүч үзэж, эрхэнд нь халдсаар буй нь бодит үнэн. Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газар дангаараа бизнесийн төсөл хэрэгжүүлж ажиллах нь ч зохимжгүй. Тиймээс бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж, дотоод, гадаадаас хөрөнгө татах учиртай. Бид дотооддоо бодлого, эрч хүчээ нэгтгэх цаг болсноор барахгүй бүр оройтчихоод байна” гэж эдийн засгийн чуулганы индрээс мэдэгдсэн. Гэсэн хэдий ч бодит байдал, тэдний бодлого хэлснийх нь эсрэг байгааг эдийн засагчид шүүмжилсээр байна. Ер нь төр, хувийн хэвшлийн яриа хэлэлцээний талбар байх учиртай энэ удаагийн чуулганд бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид харьцангуй цөөн байв. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллагууд чуулганд хүч хаяж, албаны төлөөллүүдээ идэвхтэй оролцуулсан ч хувийн хэвшлийн дуу хоолой харьцангуй сул байсныг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, эдийн засагч Н.Дашзэвэг, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан тэргүүтэй эрхмүүд хэлж байна. Уг нь улс орон хүчирхэг хувийн хэвшил, чинээлэг дун даж давхаргад тулгуурлан хөгждөг.
• Төртэй түншлэх учиртай хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл хөрж эхэллээ.
• Ерөнхийлөгчийн гэнэтийн бэлгийг эс тооцвол энэ удаагийн чуулган урьдын адил болсон бөгөөд Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг даллан дуудсан хэвээр гэж ажиглагчид онцолж байна.
• Төрийн өмчийг 2018- 2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр болжээ.
Өнөөдөр ч Монголын эдийн засгийн 80 хувийг бизнесийн салбар нуруун дээрээ үүрч яваа. Хүн амыг ажилтай, орлоготой болгох их үйлс ч мөн хувийн хэвшлийн нуруун дээр тэгнэчихсэн. Гэтэл сүүлийн нэг жилийн хугацаанд өрнөж буй хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэт хөндсөн Засгийн газрын шийдвэр, үйлдлүүдээс үүдэн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын итгэл сэвтжээ. Өмнөх жилүүдэд Монголын эдийн засгийн чуулган тан хим дүүрэн оролцогчид, үг, үзэл бодлоо илэрхийлэхээр дараалсан олон тооны бизнес эрхлэгчтэй өрнөдөг байв. Харин энэ удаагийн чуулганаар оролцогчид ч, үгээ хэлэх гэсэн бизнес салбарын төлөөллүүд нээлт сонсоод алга болсон. Өөрөөр хэлбэл, төртэй түнш лэх учиртай хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл хөрж байгаа нь энэ. Хоёр өдөр үргэлжилсэн чуулганаар хэдхэн гэрээ, хэлэлцээнд гарын үсэг зурсан.
Тухайлбал, Үндэсний хөгжлийн газар Дэлхийн банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бол Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл, Эрдэнэт хотоос Овоотын уурхайн чиглэлийн төмөр зам төслийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгууллаа. Тэрчлэн энэ үеэр нэгэн чихэнд чимэгтэй мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөн нь Засгийн газар чөлөөт эдийн засгийг дэмжиж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхөө болихын тулд өмч хувьчлалыг эрчимжүүлж, төрийн оролцоог бууруулах бодлогын хүрээнд Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Эцэст нь “Жил бүр хэдэн хүн цуглаад ханатлаа цэцэр хэж, ухаалаг дүр эсгэж байгаад тардгаа болимоор байна. Бодитой төсөл, үр дүнтэй хэлэлцүүлэг, хэрэгжих болом жит шийдлүүдийг л тойрч ярих, хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг хамтын хүчээр давах, арилгах талаар л илүүтэй ярилцаасай гэж хүсэх байна” хэмээн Монгол Улсын Ерөн хийлөгч Х.Баттулга хэлснийг ч цаашид бодууштай.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй