УБТЗ-ыг дампуурахаас нь өмнө улс үндэстнээрээ хэлэлцүүлэг хийе

Нийтлэлчийн булан


Төмөр замын удирдлагууд улс, үндэстнээ “шулсаар” байх уу


Улсын доторх улс болсон төмөр замын “вант улс”-ыг тойрсон дуулиан тасрахаа байлаа. Яг үнэндээ Монгол Улсын хөгжлийг хурдасгах гол зүтгүүр салбарын нэг байх ёстой УБТЗ хэмээх энэ хүчирхэг, биеэ даасан бүтэцтэй байгууллага өнөөгийн удирдлагуудынхаа дэндүү дампуу үйл ажиллагаанаас болж сүйрч мөхөхийн ирмэгт ирчихээд байгааг монгол түмэн, төр, засгийн эрх баригч нарын сонорт яаралтай дуулган, тус салбарыг бүрэн дампуурахаас нь өмнө “ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг улс орон даяар өрнүүлээчээ хэмээн уриалж байна. Энэ бүхэн ямар нэгэн сенсаац, шуугиан тарих гэсэн асуудал огт биш ээ. Өөрийн гэсэн цэрэг цагдаа, гал команд, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, соёлын төв, үйлчилгээний төвүүдтэй асар их мөнгө эргэлддэг, стратегийн амин чухал ач холбогдолтой энэ салбарыг хувийн явцуу эрх ашгаас өөрийг бодож, сэтгэж чадахаа байсан дарга нар нь “идэж уусаар” барах нь байна. Хэрвээ энд ямар нэгэн байдлаар гүтгэлэгийн шинжтэй зүйлийг бичсэн байх аваас эрхэм дарга нар эрхээ эдлээд шүүхдэлцэж болно шүү гэдгийг нэр төртэйгээр бардам хэлэх байна.


Монгол Улсын эдийн засаг ид тэлж, томорч, үр өгөөжтэй болж байх ёстой цаг үе хүрч ирчихээд байхад УБТЗ-ын арчаагүй үйл ажиллагаа, удирдлагын дүнхүү бодлогоос шалтгаалсан ямар их бэрхшээл, саадтай аж ахуйн нэгж, пүүс компаниуд тулгарах болсныг захаас аван ярьж байна. Үндэсний компаниудын эдийн засгийн өрсөлдөх чадвар сул дорой байгаагийн гол шалтгаан нь нэгд, УБТЗ хэмээх хэт монополь байгууллага ачаа тээвэрлэлтээ зохицуулж чадахаа байж, хойд, урд боомтууд дээр сар жилээр гацаа үүсгэсэн, аливаа бизнесийг саатуулж, цаг хугацаа, боломжийг нь хайр найргүй “устгах” болсныг бизнесийн салбарынхан дуу нэгтэйгээр батлан хэлэх болно. Чихтэй болгон сонсож, нүдтэй болгон харж байгаа байх. Төмөр зам дээр гарах болсон аваар, ослын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, хүний амь нас эрсдэх хэмжээнд хүртлээ энэ салбарт хариуцлага, сахилга бат алдагдан, аюулгүй ажиллагааны талаарх ойлголт мартагдаад, хэн юу дуртайгаа хийж, зоргоороо авирлах явдал энгийн үзэгдэл болж хувирсан нь Д.Жигжиднямаа хэмээх ноёнтон тус нийгэмлэгийг удирдах болсон цаг хугацаатай давхцаж байгааг тохиолдлынх гэж хэлж боломгүй байна.


Салбарынх нь ажил урагшлахаа байж, үндсэндээ нурчихаад байхад энэ эрхэм ноёнд огт хамаагүй мэт жишим ч үгүй төрийн өмчөөр туйлсаар байгааг холбогдох газар анхааралдаа авах цаг нэгэнт болсон байх аа. Баримт эс дурдваас гүтгэлэг болохын нигууртай тул Д.Жигжиднямаа нартаа шууд холбоотой Монгол Улс байгууллагаа хохироосон зарим нэгэн луйврыг дор дурдсу! Тэрбээр “Мөнхчулуун” сангийн нэр дээрээс тус бүр нь 70 сая төгрөгөөр үнэлэгдсэн, 50 мянга шахам км явсан “Ниссан патроль” маркын хоёр хуучин машиныг 260 сая төгрөгөөр УБТЗ нийгэмлэгт шахсан нь нотлогдон дуулиан болж байсан ч, мань хүн ямар нэгэн байдлаар намжааж чадсан байдаг. Түүнчлэн УБТЗ-д хувь нийлүүлэгч Оросын талд мэдэгдэлгүйгээр дур мэдэн томилгоо хийсэн нь хууль зөрчсөн бас нэг үйлдэл байлаа. 2008 оны сонгуулийн өмнөхөн УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг нь БНХАУ-аас зөвхөн Бээжин- Улаанбаатар чиглэлд явдаг нэг бүр нь 62 мянган ам.долларын үнэтэй 16 вагоныг нийт сая гаруй ам.доллараар худалдаж авсан байдаг.


Гэтэл эдгээр вагон нь бие даасан цахилгаан үүсгэвэргүй, өөрөөр хэлбэл жирийн чиргүүл байж таарсан. Холбогдох газраас шалгаад үүн шиг цоо шинэ “чиргүүл” вагоноо хятадууд нэг бүрийг нь 250 мянган еврогоор зардаг байсныг тогтоосон. Ямарч хэрэггүй эдгээр вагоныг Д.Жигжиднямаа даргын шийдвэрээр (2018 оны хоёрдугаар сарын 8-нд) Бээжин рүү буцаан зөөж нэг бүрийг нь 450 мянган ам.доллараар засварлан, дахин тоноглож байгааг монголчууд бид хэрхэн хүлээж авах ёстой юм бол оо! Өөрөөр хэлбэл, дахин засварт 16 тэрбум орчим төгрөг зарлагадсныг УБТЗ-ын удирдлагуудын хятад стандартын жирийн 16 чиргүүлийг анх худалдаж авсан өртөгтэй нийлүүлээд тооцвол зах замбараагүй дүн гарч байгааг анзаараарай. Хэдэн арван цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих мөнгөөр энэ дарга нар зүгээр л “наадчихаж” байна. Энэ ч арай даварсан хэрэг биш гэж үү! Төмөр замын эрхэм дарга нар үнэхээр юутай ч зүйрлэн жишихийн эцэсгүй сувьдаг байж болох юм.

• Монголын эдийн засгийн өсөлтийг тэлэх, хурдасгах гол суваг болсон төмөр замтай холбоотой таатай мэдээг хэзээ монголчууд сонсох бол.
• Хариуцсан салбар нь дампуурч байхад харин дарга нар нь таргалж, тэрбум, тэрбумын хауст тарвалзаж, төр, түмнээсээ хулгай хийсээр байгаа эсэхийг шалгаж, нотолж, эцэслэх цаг болсон.
• Төмөр зам үнэхээр улс орны хөгжлийн гол түлхүүр, стратегийн ач холбогдолтой салбар мөн юм бол УБТЗ-ыг “амь тавих”-аас нь өмнө амжиж аврах хэрэгтэй болсон байна..

Харин энэ бүхнийг хэн хаацайлаад, монгол түмний эрх ашгийн эсрэг тэдэнтэй хамтран ханьсаад байдаг нь гайхмаар? Д.Жигжиднямаа тэргүүтний Монгол Улсыг хохироосон үйлдэл зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Түүнийг ОХУ-аас мөн л ашиглалтын хугацаа нь дуусаж актлагдсан 1000 хуучин вагоныг нэг бүрийг нь 9-11 мянган ам.доллараар худалдаж авах гэрээ хийсэн асуудлаар нь АТГ-аас шалгаж эхлээд байгаа юм. Баттай эх сурвалжийн нотолж байгаагаар дээрх хуучирсан вагон нэг бүрийг оросууд 4000 “ногооноор” манайд зарсан юм билээ. Тэгвэл Д.Жигжиднямаа дарга дээрх үнийг бараг хоёр дахин нугалж Монгол Улсдаа шахсан болж таарах нь. Төрөөс хумсалж тэрбумтнууд төрдгийн учир ийм байсан юмсанж. Эдгээр хүмүүсийг монгол хүн гэж хэн хэлж чадах бол! Ийм новшийн “амьтад” хэрэв боломж гарвал огтхон ч эргэлзэхгүйгээр улс орноо, ээж аав, эхнэр хүүхдээ ч худалдахаас сийхгүй бололтойдог. ОХУ- д ачааны вагоны ашиглалтын хугацааг 25 жилээр тогтоосон нь манай улсад мөн адилхан мөрдөгдөж ирсэн юм билээ.


Гэтэл ашиглалтын хугацаа нь аль эрт дуусаж, хуучирсан 1000 вагоныг ОХУ-аас оруулж ирэхийн тулд манайхан хуулиа зөрчин засвар оруулж, Монгол Улсад ачааны вагоны ашиглалтын хугацааг таван жилээр нэмж, 30 жил болгосон байгаа юм. Хууль зүй хийгээд Зам тээврийн яамны нөхдүүдийн оролцоогүйгээр ийм засвар оруулах боломж байдаг хэрэг үү? Айж, ичих булчирхай тэдэнд үнэхээр алга. Монгол Улсаа, монголчуудаа “шулахад” дээрх эрхмүүдэд юу ч саад болж чаддаггүй юм байна.1990-1991 онд үйлдвэрлэсэн 1000 вагоноо оросууд Сэлэнгийн боомтод хүргэж өгөөд манайхан тосч авдаг байж. Тэдгээр вагоныг ачаа тээвэрлэхэд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан болохоор Д.Жигжиднямаа дарга “сэргэлэн” ухаан сийлж, Зүүнхараагийн депод 900-г нь дахин засварт оруулж, ачаа тээвэрлэхэд нийцүүлэхээр тушаал гаргасны дагуу УБТЗ-ын засварчид гурван ээлжээр өдөр, шөнөгүй ажилласан байдаг. Монгол Улс өөдлөн хөгжиж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь эдийн засаг, нийгмийн чадавхыг ийн хувалз мэт сорсон эрхтэн дархтанууд цөөн бишээр үржсээр, хариуцлага огтхон ч хүлээдэггүйд, хууль, цаазаас ч айж эмээхгүйгээр улсаа “тонон” дээрэмддэгт оршдог юм байна.


Монголын эдийн засгийн өсөлтийг тэлэх, хурдасгах гол суваг болсон төмөр замтай холбоотой таатай мэдээг хэзээ монголчууд сонсох бол. Үйл ажиллагаа нь арчаагаа алдаж, өнөөдрийн зарим дарга нарынхаа нэр шиг халтар хултар болчихсон УБТЗ-ын асуудлыг яавал зохилтой билээ. Дэлхийн улс орнуудын төмөр замын үйлчилгээ, ачаа эргэлт, тээвэрлэлтийн хөгжлөөс даруй зуунаар хоцорсон атлаа тэднээс гурав дахин үнэтэй үйлчилгээтэй энэ салбарт шинэчлэл яаралтай хийхгүй бол оройтох нь байна. Хариуцсан салбар нь дампуурч байхад харин дарга нар нь таргалж, тэрбум, тэрбумын хауст тарвалзаж, төр, түмнээсээ хулгай хийсээр байгаа эсэхийг шалгаж, нотолж, эцэслэх цаг болсон. УБТЗ-ын унхиагүй, доройгоос дорой үйл ажиллагаа, гацаж, мөлхсөн дампуу менежментээс болж улс орны эдийн засаг унаж байгааг яах ёстой юм. Чухам ийм асуудлуудыг хэлэлцэж байх учиртай атлаа өнгөрсөн өдрүүдэд болсон “Эдийн засгийн чуулган-2018” дээр улсын эдийн засагт амин чухал нөлөөтэй төмөр замын ачаа, тээвэрлэлт, тулгамдсан асуудлын талаар хэн ч хөндөлгүй орхичихлоо. Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгчөө, УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа,Та бүхнээ хандаж байна. Төмөр зам үнэхээр улс орны хөгжлийн гол түлхүүр, стратегийн ач холбогдолтой салбар мөн юм бол УБТЗ-ыг “амь тавих”-аас нь өмнө амжиж аврах хэрэгтэй болсон байна. Өнөөдөр эдийн засгийн гол ачааг үүрч яваа, үйл ажиллагаа эрхэлсэн бүх аж ахуйн нэгж, компаниудаа оролцуулсан ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ хийвэл яасан юм бэ?




САНАЛ БОЛГОХ