Д.Энхбат: Нүүрс баяжуулах өндөр технологи бүтээж, хөгжүүлж чадлаа
Уул уурхай
“Агаарын тунаах машин” нүүрсийг чанараас нь үл хамааран баяжуулдаг
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Ашигт малтмалын баяжуулалтын технологийн судалгааны профессорын багийн профессор Д.Энхбаттай агаарын урсгал ашиглан нүүрс баяжуулах технологийн талаар ярилцлаа. Тус судалгааны багийнхан усгүй бүсэд нүүрс баяжуулах технологийг лабораторын түвшинд хөгжүүлж, цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж буй юм.
-Тун чухал технологийн талаар сонсогдсон. Энэ тухай яриагаа эхэлье?
-Манай нүүрсний ихэнх нөөц говьд байдаг тул нүүрс баяжуулах усгүй технологийг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Агаарын урсгалыг ашиглан нүүрсэн дэх шороо, чулууг нь ялгадаг энэ технологи ус хэрэглэдэггүй, мөн өвлийн улиралд халаалт, дулаан шаардахгүй ашиглах боломжтой тул Монголын нөхцөлд яг тохирсон арга юм. Тэгээд ч манайд нэвтэрсэн хуурай аргаар нүүрс баяжуулдаг импортын технологи өндөр түвшнийх биш. Тиймээс өөрсдөө нүүрсээ хуурай аргаар илүү өндөр түвшинд боловсруулах технологи гаргаж авах боломж хангалттай байхад гаднаас өндөр үнээр худалдаж авах шаардлагагүй. Ийм зорилгоор энэ технологио хөгжүүлж, лабораторийн түвшинд “Агаарын тунаах машин” зохион бүтээсэн юм. “Агаарын тунаах машин”-ы технологи нүүрсний чанараас үл хамаардаг тул эрчим хүчний, коксжсон болон хагас коксжсон нүүрсний аль алинд нь хэрэглэж болно.
-Туршилтаа ямар төрлийн нүүрсээр хийсэн бэ. Үр дүнгээс нь хуваалцана уу?
-Нарийн сухайтын ордын нүүрс ашигласан. Тэндэхийн нүүрс бусад ордынхоос маш нарийн ширхэгтэй. Ер нь хуурай аргаар баяжуулах технологи нарийн ширхэгтэй нүүрсэнд тохиромжгүй байдаг. Нүүрсний ширхэг нь таван мм-ээс доош бол үйлдвэрлэлд хэрэглэдэггүй. Гэтэл бид 0.5 мм хүртэл нь баяжуулж үзсэн. Нүүрсээ нэлээд сайн ялгаж чадсан. Өөрөөр хэлбэл, туршилт маш амжилттай болсон гэсэн үг. Манай нүүрс олборлогчид нүүрс баяжуулах туршилт хийлгэхдээ байнга л гадагшаа ханддаг. Харин “Агаарын тунаах машин”-аа үйлдвэрлэлийн түвшинд хөгжүүлвэл компаниудын эл асуудлыг шийдэхийн зэрэгцээ экспортын нүүрсний чанарыг сайжруулах юм. Одоогоор МАК-д л Хятадын FGX гэдэг хуурай аргаар баяжуулах технологи нэвтэрсэн. Гэхдээ тоосжилт их байгаа тул ашиглаж чадахгүй байгаа. Бусад уурхай нойтон аргаар л нүүрс баяжуулж байна.
-Энэ технологиос өмнө манайд баяжуулалтын өөр ямар технологиуд байв?
-Судалгааны түвшинд хийгдсэн сэгсрэх ширээ, тунаах машинтай төстэй технологиуд бий. Гэхдээ тоног төхөөрөмж биетээр нь хийж, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх хүртэл төсөл болгож хэрэгжүүлсэн нь манайх.
Компани, лабораториуд худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн
-Агаарын урсгалыг ашиглан нүүрс баяжуулах технологийн хэрэглээ бусад улс оронд хэр түгээмэл вэ?
-Германы All Аir, Хятадын FGX, Өмнөд Солонгосын Cut, Оросын CPR зэрэг хэд хэдэн технологи бий. Бидний технологи Германы All Air-тай төстэй. Гэхдээ All Air- ын патентыг 2001 онд авсан бол минийх 1991 оноос хойш судалж, хөгжүүлсэн технологи юм. Дэлхий нийтэд хуурай аргаар баяжуулах технологийн хэрэглээ бараг шинэ зүйл. Голдуу уламжлалт буюу нойтон аргаар л баяжуулж байна. Манай улс усны нөөц багатай тул хуурай аргаар баяжуулах технологи нэвтрүүлэх нь зайлшгүй хэрэгтэй. Энэ бол цаг хугацааны л асуудал. Нүүрсний нөөц багасаад ирэнгүүт ямар ч уурхай нүүрсээ баяжуулахаас өөр аргагүй болдог.
-Овор хэмжээ, бүрдэл хэсгүүдийн талаар мэдээлэл өгнө үү?
-Хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмж нь тоосгүйжүүлэгч, агаарын урсгал өгдөг гол төхөөрөмж болох вентилятор, хавхлаг, хяналтын гээд их энгийн бүтэцтэй. Дараагийн ээлжинд төвөөс зугтах хүчний тусгаарлагч гэх мэт хэсгүүд шаардлагатай.
-Засгийн газраас дээд боловсролыг инновацитай холбох бодлого баримталж, олон ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь танайх. Нүүрсний компаниуд хэр зэрэг сонирхож байна вэ?
-Одоогоор мэр сэр хандаж байгаа хүмүүс бий. Мөн үйлдвэрлэлийн түвшинд хөгжүүлбэл худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн лабораториуд ч байна. Гэхдээ хуурай аргаар нүүрс баяжуулах технологийг дотооддоо хийж эхэлсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байгаа. Төсөл маань ашигт малтмалын баяжуулах технологид гаргах олон дэвшлийн эхлэл гэж харж байгаа. Яваандаа өөрсдөө тоног төхөөрөмжөө хийж, сайжруулж, дэлхийн хэмжээнд борлуулдаг загвар болгохоор зорьж байна.
-Таны төсөл хэдий хугацаанд хэрэгжсэн бэ. Санхүүжилтийг нь Азийн хөгжлийн банк олгосон гэж сонссон?
-БСШУСЯ их сургуулиудын судалгааны ажлыг дэмжих зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай сургуулийн 19 төсөлд гранд олгосон. Эдгээр төслийн нэг нь манайх юм. Үндсэндээ нэг жилийн хугацаанд 28 сая төгрөгөөр хэрэгжсэн. Үр дүн нь маш сайн гэж дүгнэсэн. Судалгаа хийх сонирхол дээд боловсролын түвшинд их байгаа. Гэвч санхүүжилт олоход маш хүндрэлтэйг та бүхэн мэдэж байгаа байх. Манай улс судалгаа, хөгжүүлэлтэд ДНБ-ийхээ дөнгөж 0.25 хувийг зарцуулдаг.
• Агаарын урсгалыг ашиглан нүүрсэн дэх шороо, чулууг нь ялгадаг энэ технологи ус хэрэглэдэггүй, мөн өвлийн улиралд халаалт, дулаан шаардахгүй.
• Өөрсдөө нүүрсээ хуурай аргаар илүү өндөр түвшинд боловсруулах технологи гаргаж авах боломж хангалттай байхад гаднаас өндөр үнээр худалдаж авах шаардлагагүй.
• Дэлхий нийтэд хуурай аргаар баяжуулах технологийн хэрэглээ бараг шинэ зүйл.
Гэтэл Африкийн дундаж улсад 0.4 хувь байдаг юм шүү дээ. Тамирчинтай зүйрлэвэл, маш авъяаслаг тамирчинд дасгал сургуулилалт хийх боломж байхгүй байна л гэсэн үг. Тиймээс улсын хэмжээнд ийм ажлын цар хүрээг өргөжүүлэх хэрэгтэй гэж би боддог.
-Яг уул уурхайн салбарт тусгайлан харвал их сургууль, компаниудын хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
-2012 он хүртэлх ШУТИС-ийн судалгааны ажлыг харвал 60 хувь нь компаниудын захиалгаар хийсэн байдаг. Гэхдээ эдгээр судалгаа нь тухайн байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх 1-6 сарын хугацаатай төслүүд юм. Хэдийгээр байгууллагууд өөрсдөө инноваци нэвтрүүлж байгаа ч яг их сургууль, судлаачидтай бол шинэ мэдлэг бий болгох хэмжээнд хамтарч ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, компаниудын хувьд шинэ мэдлэг бий болгохоосоо илүү ашигтай ажиллахаа нэн тэргүүнд тавьж байна. Үүний цаад шалтгаан нь Монгол Улс хөгжлийн бодит концепц байхгүйтэй холбоотой. Уг нь ихэнх улс орон дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулсан өөрийн гэсэн хөгжлийн концепцтой. Дэлхийд 2020 он хүртэл нано, мэдээллийн, биотехнологи гэсэн гурван технологи зонхилно. Харин 2020-2030 онд нано болон био технологи, 2030 оноос цааш биотехнологийн гэсэн нэг л эдийн засаг байх судалгаа гарсан байдаг. Энэ судалгааг БНСУ ашиглаж, 2005 оны үеэд 10 тэрбум ам.доллараар шинжлэх ухааны парк байгуулсан.
-2030 он тун ойрхон санагдаж байна л даа. Уул уурхайн салбарт биотехнологи нэвтрэх боломжтой юу?
-“Эрдэнэт”-ийн уулын овоолгоос “Ачит Ихт” компани катодын зэс гаргаж авч байгаа. Овоолгыг уусгахад бактер ашиглаж исэлдүүлэх үйл явцыг хурдасгадаг. Өөрөөр хэлбэл, байгалийн шавхагддаг нөөцтэй энэ салбарт гидро металлургийн түвшинд биотехнологийг илүү хэрэглэх боломжтой гэж харж байна. Зэсийн ядуу хүдэр угаас байгаль дээр исэлддэг. Биотехнологи үүнийг хурдасгаж өгнө гэсэн үг. Мөн уурхайгаас гарч байгаа бохир усыг цэвэршүүлэх, нөхөн сэргээлт, уурхайн хаалтын түвшинд хамгийн их хэрэглэх болов уу. Уурхай байсан газарт эргээд хүн, мал амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд биотехнологийн ач тус их байна. Мөн том хотуудыг дагаад электроникийн хаягдал уурхай үүсэж байна. Электроникийн хаягдлыг гидро металлургийн технологийн тусламжтай ялгаж авдаг. Тийм учраас энэ чиглэлээр биотехнологийн нарийн мэдлэг мөн шаардагдах байх.
-Тэгвэл нүүрсний салбар хаашаа явах ёстой вэ?
-Уур амьсгалын өөрчлөлтөд нүүрс болон бусад олборлодог түлшний бохирдол гол нөлөө үзүүлж буй тул НҮБ-аас нүүрсний хэрэглээг хязгаарлаж байгаа. Манай улсын хувьд ямар нэг эх үүсвэрээс орлого олж байх хэрэгтэй. Тиймээс өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд нүүрсээ баяжуулах хэрэгтэй. Олборлолт, боловсруулах, баяжуулалт байгальд ээлтэй, ажиллаж байгаа хүмүүстээ халгүй байх ёстой гэсэн дэлхий нийтийн жишгийг дагах ёстой. Нэгэнт уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн лангуун дээр тавьж байгаа бол энэ жишгийг дагах нь зүйтэй.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй