Хүртдэг нь олон, төлдөг нь цөөн татварын систем
Мөнгөний бодлого
Татварын систем чих нь зөөлөн, хэдхэн татварын төлөгчдийн нуруун дээр тогтож байна
Төсвийг дуусч, дундаршгүй мэт төсөөлж, гарын салаагаараа урсгах тусам улсын санг тэтгэдэг татварын эх үүсвэр улам эмзэг болсоор байна. Үнэндээ, манай татварын орлого тоотой хэдхэн эх үүсвэрийн нуруун дээр тэгнэчихсэн. Нэг нь хөл алдахад л юу юугүй татварын орлого уруудаж, төсөв тасрах эрсдэлтэй нүүр тулчихаад буй. Гэтэл ийм ядарсан тогтолцоотой атал манай бодлого тодорхойлогчид жилийн жилд төсвийн зардлаа тэлнэ. Сүүлийн арван жилд Монгол Улсын төсвийн зарлага ойролцоогоор дөрөв дахин тэлж, 2.4 их наяд төгрөгөөс ес хүртэл өсчээ. Даахгүй нохой булуу хураана гэгчээр манай бодлого тодорхойлогчид олохоос илүү зарцуулалтаа өсгөсөөр ирсэн нь энэ. Төсвийн орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг татварын орлого цөөн эх үүсвэр дээр тогтож байна. Үүнд хувийн хэвшил, ялангуяа, тоотой хэдхэн аж ахуйн нэгж төсвийн амь тариа болсоор. Татварын орлогоор тэргүүлдэг таван компани өнгөрсөн онд ойролцоогоор 1.5 их наяд төгрөг буюу нийт татварын орлогын 20 гаруй хувийг төлжээ. Тэгвэл ТОП-100 компани татварын орлогын талаас илүүг хангасан. Зөвхөн ААНОАТ-ын 85 хувийг гэхэд 398 аж ахуйн нэгж бүрдүүлдэг. Үлдсэн 15 хувийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 110 мянган аж ахуйн нэгж төлдөг гээд бод. Уг нь Монгол Улс 1.2 сая татвар төлөгчтэй.
Гэхдээ татварын орлогогүй багагүй хэсэг нь 400-хан компанийн нуруун дээр тогтож байна. Төсвийг 100 төгрөг гэж тооцвол 90 төгрөгийг нь татвараар бүрдүүлж, үүний 50 хувиас илүүтэйг нь ТОП 100 аж ахуйн нэгж төлж байна гэсэн үг. Дээрээс нь 1.2 сая татвар төлөгчийн 45 хувь нь малчин, дуучин, дамын наймаачин, худалдаачин тэргүүтэй албан бус салбарынхан. Тогтмол орлогогүй эдгээр иргэний татварын орлого нь ч тогтворгүй, найдваргүй. Бүр огт татвар төлдөггүй, энэ системээс ангид бүлэг ч Монголд үүсчихээд байгаа. Өөрөөр хэлбэл, манай татварын систем нийгмийн бүхий л давхаргыг хамарч чадахгүй, нэг хэсгийнх нь толгойг илт илж, заримыг нь дэндүү холгож, ачааны хүндийг үүрүүлчихээд байна. Товчхондоо, татварын систем чих нь зөөлөн, хэдхэн татварын төлөгчдийн нуруун дээр ялхаатлаа суучихаж. Дотоодын тэргүүлэх 100 аж ахуйн нэгжүүд гэхэд 2017 онд нийтдээ 3.2 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Тэгвэл өнгөрсөн онд өндөр настны тэтгэвэрт 1.57, эмч, сувилагч, багш, цагдаа зэрэг төрийн 180 мянган албан хаагчдын цалинд 1.7 их наяд төгрөг төлсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүртдэг нь олон, төлдөг нь цөөн татварын систем манайд үйлчилж байгаа.
Уг нь татварын хувь хэмжээг өөрчлөх бус бааз суурь, хамрах хүрээг тэлэх нь чухлыг эдийн засагчид хэлдэг. Тэлэх орон зай ч байсаар байгааг сануулдаг. Гэвч малчин, бөх, дуучин, лам бөө, дамын наймаачин гээд татвараас ангид бүлэг өнөө хэр бугласан хэвээр. Наанадаж л бэлчээр, ус гээд байгалийн баялгийг үнэгүй ашигласны төлөө татвар ногдуулах боломжтой. Монгол нутагт бэлчиж буй 60 гаруй сая малаас бэлчээр ашигласны төлбөрт толгой тус бүрээс нь 1000-2000 төгрөг авахад 60-100 тэрбум төгрөг олохоор байгаа. Мөн газрын дээрх цэвэр усыг ашигладаг малчид, тариаланчдад ус ашигласны татвар ногдуулах ч боломж байсаар. Татварын бааз суурийг тэлснээр эерэг үр дүнд хүрсэн жишээ цөөнгүй. Тодруулбал, НӨАТ хууль хэрэгжиж, бүртгэлийн системд аж ахуйн нэгжүүдийг холбож эхэлснээр татварын орлого огцом өссөн. Өнгөрсөн онд гэхэд НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд орлого нь бараг 90 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байсан юм. Энэ онд ч өссөөр байгаа. Сүүдрийн эдийн засгийг сөхөж, татварын бүртгэл, тогтолцоо сайжруулснаар татварын орлого нэмэгдээд зогсохгүй татварын систем олон тулгууртай болохоор байна. Харамсалтай нь татварын бааз суурийг бэхжүүлэхэд төр байнга хойрго хандсаар.
Энэ долоо хоногийн эхээр болсон Монголын эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Засгийн газар татварын шинэчлэл хийх талаар санаачилгатай ажиллаж байгаа ч татварын орлогыг нэмэгдүүлэх бэлээхэн боломжуудыг ашиглахгүй байна. Бидэнд орлогын ямар боломжууд бэлэн байгаа вэ гэдгийг мөн тооцоолох хэрэгтэй” хэмээн хэлсэн нь үүний баталгаа юм. Мөн өчигдөр буюу лхагва гарагт Сангийн сайд .Хүрэлбаатар Татварын багц хуулийн төслийг нэн даруй УИХ-д өргөн барьж буйгаа мэдэгдсэн. Татварын ерөнхий хууль, ААНОАТ, ХХОАТ-ын хууль болон бусад дагалдах хуулийг хэзээ мөдгүй хэлэлцэхээр байгаа энэ үед татварын суурийг тэлж, татвар төлөгчдийг улам олон болгоход УИХ ч чиглэнэ гэж найдъя. Харин эвий минь, хөөрхий минь гэсээр хошуу дэвсэн, хойчийн сонгуулийн хожлоо урьтал болговол татварын тогтолцоо хэврэг хэвээр үлдэх эрсдэл бий. Шударгаар татвар төлдөг хэдхэн аж ахуйн нэгж, энгийн ажилчин, хөдөлмөрчдийн нурууг нь холгож, улайтал нь татварыг хайргүй авч ирсэн. Тэгвэл энэ гажуудлыг халж, татварын эрх тэгш тогтолцоог бүрдүүлэхэд оройтоогүй байна. Иргэн бүрт хамаатай татварын өнөөгийн орчныг УИХ хэрхэн эрүүл чийрэг болгохыг хаврын чуулганаас харах үлдлээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй