Гишүүдийн саналаас сонгууль “үнэртээд” эхэллээ
Улс төр
Зарим сайд хувийн тоглолт хийгээд бангадуулав
УИХ чуулганаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр хийлээ. Жил бүрийн зургадугаар сарын 1 гэхэд дараа оныхоо үндсэн чиглэлийг баталсан байх ёстой тул гишүүд хуулийн хугацаандаа амжих гэж нэлээд шахуу “ажиллав”. Засгийн газар хугацааг нь тулгаж оруулж ирснээс, Ажлын хэсэг, Байнгын хороонд төслийг засаж, сайжруулах хугацаа олгоогүй гэсэн шүүмжлэл хэлэлцүүлэг бүр эрт хөндөгдсөн. Хугацааг нь хөөгөөд харвал Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дөрөвдүгээр сарын 30-нд төслөө өргөн барьжээ. 25 хоногийн дотор УИХ-ын гишүүд улсын эдийн засгийг өөд нь татах бодлого боловсруулахын оронд сонгогдсон тойрог, ажиллаж байсан салбартаа мөнгө суулгах уралдаан болгоод хувиргачихлаа. Долоо хоногийн өмнө болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн зарчмын зөрүүтэй санал нэрээр орж ирсэн тойрог, салбарт зориулсан хөрөнгө оруулалтуудын үнийн дүн нэг их наяд төгрөгт хүрч байгааг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлж байлаа. Кабинетаараа хэлэлцэж өргөн барьсан төсөл дээр Засгийн газрын зарим гишүүн нь хүртэл зарчмын зөрүүтэй санал нэрээр мөнгөн дүнтэй ажлууд суулгасан нь хачирхалтай.
Уг нь Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг. Гэтэл БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гэхэд багш нарын цалин, урамшууллыг нэмэх 30 гаруй тэрбум төгрөг, биеийн тамирын аргазүйчдийг бэлтгэхэд 2.8 тэрбум төгрөг гэх мэт саналууд оруулж иржээ. Кабинетын зарчмаар ажиллаагүй, хувийн тоглолт хийсэн салбарын сайд нь өөрөө эзгүй, өмнөөс нь Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга хоёр баахан шүүмжлүүлэв. Аргаа бараад Г.Занданшатар “Би сая Цогзолмаа сайдтай ярилаа. Сингапурт ажлаар явж байгаа. Бүх саналаа татаж авахаа мэдэгдсэн” гэх үл ойлогдсон тайлбар хийж байж асуудлыг намжааж билээ. Үндсэн чиглэл хэлэлцэхийн өмнөх өдөр зарим гишүүн ХӨСҮТ, сүрьеэгийн эмнэлэг дээр ажиллаж буйгаа хэвлэлээр мэдээлж байсан. Харин маргааш нь Үндсэн чиглэлийн хэлэлцүүлэг дээр “Сүрьеэгийн эмнэлэг барих 20 тэрбум төгрөг нэмж суулгая” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг шууд оруулж байх юм. Эрүүл мэндийн салбар төсөв багатай, эмнэлгийн хүртээмж муутай гэдгийг хэн ч мэднэ. Гэхдээ төсвөөс санхүүжих ёстой барилга байгууламжийн зардлыг ярьдаг цаг нь тусдаа. Тэр бол намрын чуулганаар, шинэ оны өмнө хийдэг төсвийн хэлэлцүүлэг. Харин Г.Мөнхцэцэг гишүүн соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх 1.2 тэрбум төгрөг, төв номын сангийн дуусаагүй барилгыг гүйцээх 7.2 тэрбум төгрөг гэх мэт санал оруулж ирж байх жишээтэй. Номын сангийн барилгаа “Шинжлэх ухааны салбарын дэд бүтцийг нэмэгдүүлэх хүрээнд” хэмээн арга тайлбар хийж байв.
Зарим сайд хувийн тоглолт хийгээд бангадуулав
Эрдэмтдийн ашиглаж буй лабораторийн хүчин чадал, багаж, техник, тоног төхөөрөмж л шинжлэх ухааны дэд бүтэц болохоос номын сангийн барилга биш байлтай. Б.Ундармаа гишүүн гэхэд л өөрийнх нь сонгогдсон тойрогт буй Греантлогийн үндэсний төвийн барилгыг гүйцээх санал орууллаа. Мөн Д.Гантулга Хэнтий аймгийн театрын барилга… гээд дурдаад байвал гишүүд төсвийн үндсэн чиглэлд хүртэл жалга, довны үзлээр ханддаг нь харагдана. Харин Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл бол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн том бодлогоо тогтоодог зүйл. Манай эдийн засаг, санхүүгийн байдал өнөөдөр осолд орсон хүн шиг хэцүү байна. Тиймээс эхлээд тархи, зүрхнийхээ асуудлыг тогтворжуулж авсны дараа гар хуруу, хавирга руугаа орох ёстой. Утга нь ийм л юм. Гэтэл зүрхний хэм жигдрээгүй байхад гарынхаа хугархайг тэгшлэе гэж ярих нь буруу” хэмээн эгдүүцэн зэмлэв. Монголын төрийн шийдвэр сонгуулийн цикл дагаж гардаг бичигдээгүй хуультай. Тиймдээ ч сонгуулийн болон түүний өмнөх жилийн төсөв түүнд зориулагдчих гээд байдаг. Тиймээс сонгуульгүй ганц жилдээ баталж буй төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэлээс нийгэм, эдийн засгийн хөгжлийн томоохон шийдвэр гарна гэсэн хүлээлт байдаг юм. Сонгууль үнэртсэн гишүүдийн саналын заримыг нь унагаж, санаачлагчийг нь шахан буцаан татуулж, мөнгийг нь танасаар өчигдөр эцсийн байдлаар төсвийн Үндсэн чиглэлд 300 гаруй тэрбум төгрөгийн гишүүдийн саналыг суулгачихлаа. Сонгууль дөхөхөөр хүссэн хүсээгүй улстөржсөн төсөв баталдаг. Хойтон жил энэ мөнгө хэд болж нэмэгдэхийг хэлэхэд эрт байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй