Д.Уламбаяр: Трамп цагаа олсон алхам хийсэн

Мэдээ


Ким, Трамп нарын хэн хэнд нь уулзах сонирхол байгаа


ХУИС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор Д.Уламбаяртай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-АНУ-ын Ерөнхийлөгчөөс Умард Солонгосын удирдагчид нээлттэй захидал илгээж, ирэх сарын 12-нд товлосон уулзалтаа цуцаллаа. Талуудад уулзах найдвар хэр зэрэг байна вэ?

-Трампын шийдвэрийг цагаа олсон гэж харж байна. Үйл явдлыг улам идэвхжүүллээ шүү дээ. Өнгөрсөн пүрэв гарагт буюу 2018 оны тавдугаар сарын 24-нд Вашингтоны цагаар 10.00-д Дональд Трамп уулзалтаа цуцалж буйг илэрхийлсэн захидал Ким Жон Унд илгээж, үүнээс цагийн дараа Цагаан ордонд хэвлэлийн бага хурал хийсэн. Энэхүү үйл явдал Хойд Солонгосын цөмийн туршилтын талбай буюу Пүнге-риг хэсэгчлэн буулгаж эхэлснээс цагийн дараа болсон хэрэг. Харин маргааш нь Умардын төрийн мэдээллийн төв агентлаг Ким Жон Ун Трамптай уулзаж, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх сонирхол хэвээр байгаа гэсэн Гадаад явдлын яамны мэдэгдлийг дэлгэлээ. Үндсэндээ Трампын шийдвэр сүүлийн бараг хагас сар орчим яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байсан Пхеньяны байр суурийг тодорхой болгож, үйл явцыг түргэсгэлээ.


-Маш хурдтай өрнөж, цаг хугацааны хувьд ч эгзэгтэй давхцал таарсан эдгээр үйл явдал санамсаргүй биш, ар араасаа л болж байгаа гэж та харж байна уу?


-Пүнге-риг нурааснаас нэг цагийн дараа Трамп нээлттэй захидал явуулсан мэдэгдэл хийхэд АНУ санасандаа хүрч, Умардтай уулзах хэрэггүй гэж үзэж байгаа юм байна гэх сэтгэгдэл төрж байсан. Цаг хугацааны хувьд эгзэгтэй үе таарсанд америкууд ингээд л “новширдог” юм даа гэж хэлэх хүн олон байсан байх. Хэвлэлүүд ч ийм таамаг дэвшүүлж байсан нь аргагүй юм. Гэхдээ үйл явц яах аргагүй цөмийн туршилтын талбайг буулгаж, цагийн дараа АНУ мэдэгдэл хийж, уулзалт цуцлагдсан гэх дарааллаар явлаа. Хэдийгээр Трамп уулзалтаа цуцалсан ч хэвлэлийн бага хурлынхаа төгсгөлд ирэх сарын 12-ны уулзалт огт болохгүй гэх үндэслэл байхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Пхеньян ч гэсэн нааштай байгаагаа илэрхийлсэн. Хамтын ажиллагааны сувгууд нээлттэй тул талууд гадаад яамныхаа шугамаар Сингапурт товлосон уулзалтаа сэргээх боломжтой.


-Хойд Солонгосын тодорхойгүй байр суурийг та юу гэж харж байна вэ?

-Тавдугаар сарын дундуур эхэлсэн АНУ, БНСУ-ын хамтарсан Max Thunder агаарын цэргийн өргөн хүрээтэй хамтарсан сургуулилалт сүүлийн бараг 10 гаруй хоногийн хугацаанд болсон. Энэ нь 2012 оноос хойш жил бүр болж буй хээрийн сургуулилалт. Гэхдээ сургуулилалтад хамгийн сүүлийн үеийн F15, радарт илэрдэггүй F35 онгоц оролцуулснаас гадна стратегийн бөмбөгдөгч B52 зэрэг зэвсэг техникийг оролцуулсан. Үүний улмаас хоёр Солонгосын Өмнөдийн Эв нэгдлийн яам болон Умард Солонгосын Үндэсний нэгтгэх хорооны уулзалт болох байсан нь цуцлагдлаа. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд, өмнө нь Хойд Солонгосын цөмийн асуудлаарх зургаан талт уулзалтад оролцож байсан Ким Гэ Гуан АНУ, Өмнөд Солонгосын давшилтын шинжтэй хээрийн сургуулилалт нь Ким, Трамп нарын уулзалтад таагүй нөлөө үзүүлэх эрсдэлтэйг анхааруулсан. Тиймээс ч Умардын саналаар АНУ Max Thunder-ыг зогсоосон. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон FoxNews-д өгсөн ярилцлагадаа “Умардыг цөмийн зэвсгээс ангид байлгах ажиллагааг Ливийн загвараар хэрэгжүүлэх боломжтой” гэсэн санал хэлсэн. Үүний дараахан Дональд Трамп Цагаан ордонд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй уулзахдаа “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг Ливийн загвараар явуулах ямар ч боломжгүй. Энэ бол хоёр өөр зүйл. Хойд Солонгост Өмнөд Солонгосын загвар тохирно” хэмээсэн нь Жон Болтоны алдааг зассан хэрэг байв.

Гэхдээ зарим хэвлэл, шинжээчид үүнийг Трампын загвар гэж нэрлэж байгаа. Трамп бол Пхеньяны асуудлыг Өмнөд Солонгостой зөвшилцөж байж шийдэх тул Өмнөдийн загвар тохиромжтой гэсэн байр суурьтай байгаа. Мөн Max Thunder-ыг зогсоосноос гурав хоногийн дараа АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс FoxNews-д ярилцлага өгч, тус улсад Ливийн загварыг хэрэгжүүлэх боломжтой. Ер нь Хойд Солонгосын эсрэг АНУ хүч хэрэглэх бодлогоосоо огт татгалзах байр суурь баримтлаагүй гэсэн утга агуулгатай мэдэгдэл хийлээ л дээ. Хариуд нь Хойд Солонгосын Гадаад явдлын яамны Дэд сайд Чой Сонхуй үүнийг улс төрийн мунхаг алхам гэж тодорхойлж, “АНУ-ын Дэд ерөнхийлөгч тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ” гэж эрс шүүмжилсэн. Бас “Харин ч Ливийн загвар бол Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөө идэвхжүүлэхэд хүргэсэн” гэж хэлсэн шүү дээ. Тиймээс хоёр тал ойлголцоогүй байгаа юм. Уг нь АНУ-ын Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нар Пхеньяныг цөмийн зэвсгээсээ татгалзах юм бол их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хөгжлийн өндөрлөгт хүрч, Өмнөдийн хэмжээнд хүрэхэд идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийлж байсан. Гэвч үүнийг мөн л капитализд шилжүүлэх санаа гэж хойдууд болгоомжилсон байх. Энэ мэт шалтгаанаас болж Трампын захидлаас өмнө 10 орчим хоногийн турш Пхеньяны талаас яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байдал бий болсон нь Вашингтоны зүгээс уулзалтаа цуцлах шийд гаргахад хүрсэн болов уу.


-Жон Болтоны “Ливийн загвар”-аас болгоомжлох шалтгаан нь чухам юу байв?


-Умардын цөмийн зэвсгийг хураахад Ливийн арга туршлагыг ашиглах боломжтой л гэсэн утга байсан болов уу. Түүнээс биш Кадаффийн хувь заяаг давтана гэх үүднээс хэлээгүй байх. Ойлголтоо нэгтгээгүйн улмаас талууд өөрийнхөө үнэлэмжээр асуудалд хандсанаас үл ойголцол бий болсон, үүн дээр хээрийн сургуулилалт зэрэг нэрмээс болж, хэвлэлийнхэн асуудлыг дэвэргэсэн нь болгоомжлоход хүргэсэн талтай.


-Трампын мэдэгдлийг дайнд турхирсан өдөөн хатгалга гэж үзэх хардлага байсан уу?


-Трамп захиа явуулахдаа улсынхаа аюулгүй байдлаа хангах үүднээс 100 хувь өндөржүүлсэн бэлэн байдлаа хангасан гэж мэдэгдэж байсан л даа. Гэхдээ яг өнөөдрийн түвшинд дайн хийх эрсдэл байхгүй юм. Ким Жон Ун Хятадын удирдагчтай уулзах үеэрээ ч АНУ-ын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх тэнэг хүн биш гэдгээ илэрхийлсэн. Хэдийгээр өнгөрсөн онуудад Солонгосын хойгийн нөхцөл байдал маш хурцадмал байж, хэд хэдэн удаа пуужин харвасан ч НҮБ-ын эдийн засгийн хориг арга хэмжээ маш үр дүнтэй хэрэгжиж буйн илрэл энэ юм.


-Уулзалтын товоо сэргээхэд дахиад талуудын зүгээс хэр зэрэг хүчин чармайлт шаардагдах бол?


-Пунгери талбайг угаасаа ашиглах боломжгүй, нурах нь ойлгомжтой учраас буулгасан. Түүнээс биш одоо Умардад цөмийн хэчнээн цэнэг байгаа нь мэдэгдэхгүй, хэрхэн устгах тухай огт ярихгүй байна. Тиймээс Пхеньян цөмийн бөмбөг ахиж туршихгүй, гол зэвсгээ гаргаад авсан гэдэг болгоомжлол АНУ-д бий. Энэ бүхнийг л дээд хэмжээний уулзалтаар ярихаар төлөвлөж байсан юм. Маш тодорхой болсон нэг зүйл бол хоёр Солонгосын хийгээд Вашингтон, Пхеньяны хоорондын асуудалд гаднын зуучлагч шаардлагагүйг өнгөрсөн үйл явдлууд харууллаа. Тиймээс энэ чиглэлийн үйл явцууд харилцан ойлголцод хүрэхэд ихээхэн нөлөө үзүүлэх болов уу. Хамгийн гол нь, уулзалтын товоо сэргээхийн тулд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпей идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Умардын сүүлийн мэдэгдлийг гялс тосоод авах хэрэгтэй. Уулзалтаа сэргээх тухай ярилцах бүх суваг нээлттэй байгаа.

-Талуудын хүчин чармайлтыг юу гэж харж байна вэ. Умардууд цөмийн туршилтын талбайгаа буулгаж, АНУ-ын иргэдийг сулласан гээд буулт хийж буйгаа олон үйлдлээр харууллаа. Харин АНУ-ын зүгээс мэдэгдэл, байр сууриа илэрхийлэх төдий байгаа юм биш үү?


-Хойд Солонгосын удирдагч Хятадад хоёр ч удаа айлчлахдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохоо Ши Жиньпинд бараг шахуу амласан. Тиймээс энэ байр суурьнаасаа ухрахгүй болов уу. Гэхдээ Вашингтон Умард Солонгосын талаас илүү их хүчин чармайлт хүлээж байхыг ч үгүйсгэхгүй. Дүгнээд хэлбэл, аль аль нь хангалттай хожих арга зам эрээд, дипломат бодлого идэвхтэй ашиглаад байгаа хэрэг. Уулзах хүсэл сонирхол хэн хэнд нь байгаа. Цөмийн зэвсэгтэй холбоотой том асуудал учраас ногоон гэрлээр явахгүй нь ойлгомжтой. Энэ бүх үйл явдлын дараа хоёр талын харилцааны сувгууд идэвхжих байх гэж бодож байна. Магадгүй уулзалт илүү үр дүнтэй болж мэдэх юм.


-Ким, Трамп нарын уулзалтаас ямар үр дүн хүлээж байсан бэ?


-Уулзаад, талууд тохирлоо гэхэд Умард Солонгос хэчнээн цөмийн зэвсэгтэй байгаа, яаж устгал хийх үү гэдэг нь тодорхой болох юм. Үүнийг Трамп Кимийн амнаас өөрийн чихээр сонсож, Сингапурын тунхаглал ч юм уу гаргаж, түүндээ Умард Солонгос цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзана гэдгийг баталгаажуулж, өөрийн биеэр албажуулж авах нь чухал юм. Эсрэгээрээ АНУ ч гэсэн Умардад аюулгүй байдлын баталгааг нь бичгээр гаргаж өгөх хэрэгтэй. Үүний дараа Аюулгүйн зөвлөлийн таван улс хэзээ ч Монголын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн тунхагийг батлуулсан загвар шиг Пхеньяны аюулгүй байдалд баталгаа гаргах хэрэгтэй. Хойд Солонгос маш том эрсдэл гаргаж байгааг бид ойлгох нь чухал. Анх удаа хоёр том дайсагнагч орон дипломат яриа хэлэлцээрээр цөмийн зэвсгээс бүр мөсөн татгалзуулбал Дэлхийн II дайны дараа хүн төрөлхтний түүхэнд тохиох маш том үйл явдал болно гэсэн үг. Үүнийг маш олон саад бартаа даваж байж шийднэ. Хамгийн гол нь итгэлцэл их чухал л даа. Гэхдээ талууд тохиролцлоо гэхэд Умардыг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явц ажил хэрэг болоход наад зах нь хоёр жил шаардана. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээний байгууллага, Атомын эрчим хүчний агентлаг оролцож, ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулна.


-Цөмийн зэвсэгтэй хоёр улс ижил түвшинд харилцах ёстой. Гэтэл АНУ эдийн засгаараа бярдаж, их гүрний дээрэнгүй үзэл харууллаа гэх шүүмжлэл их байна?


-Цөмийн зэвсэгтэй хоёр улс ижил түвшинд харилцана гэдэг ойлголт олон улсад байдаггүй. Учир нь Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй гэдгийг нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй.


-Тэгсэн атлаа болгоомжлоод байгаа шүү дээ?


-АНУ бол том гүрэн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн. Тиймээс ч Солонгосын дайны 1953 оны Гал зогсоох хэлэлцээрт Хятад, АНУ, Хойд Солонгос гарын үсэг зурсан байдаг. Энэ үүднээс уг асуудлыг шийдвэрлэхэд АНУ туйлын чухал оролцоотой байх юм. Гал зогсоох хэлэлцээрт Өмнөд Солонгос оролцоогүй. Харин АНУ өөрийнхөө болон НҮБ-ын өмнөөс зурсан юм. Энэ ч үндэслэлээр Солонгосын дайныг АНУ, Умардын хооронд болсон гэж үздэг бөгөөд Хойд Солонгост аюулгүй байдлын баталгаа өгөх гол улс нь АНУ. Бүс нутаг болоод хүн төрөлхтний аюулгүй байдалд заналхийлж байгаа цөмийн зэвсгийг үгүй болгох АНУ-ын байр суурийг хангалттай сонсох учиртай. Түүнээс биш Өмнөд Солонгос, Японтой холбоотой Умардуудын асуудал бол цөмийн зэвсэгтэй харьцуулах аргагүй жижиг юм.


-АНУ-ын зорилгыг та юу гэж харж байна. Зөвхөн цөмийн зэвсэг устгахад чиглэж байна уу эсвэл Пхеньяны дэглэмийг бас өөрчлөх санаатай болов уу?


-Энэ тухай байр сууриа АНУ албан ёсоор илэрхийлсэн. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах нь хамгийн чухал. Үүний дараа Хойд Солонгос дэглэмээ өөрчлөх, хоёр Солонгос нэгдэх эсэх нь солонгосчуудын өөрсдийнх нь шийдэх хэрэг гэдгээ илэрхийлсэн. Тэгээд ч АНУ-ын зүгээс Хойд Солонгосын талаар зөөлөн хүчний бодлого баримтлах нь үр дүнтэй гэж Лондонд сууж байсан Хойд Солонгосын Элчин сайдын зөвлөх жилийн өмнө АНУ-ын Конгрессийн Гадаад бодлогын байнгын хороонд нээлттэй хэлэлцүүлэг хийхдээ онцолж байсан. Хамгийн гол нь одоо цөмийн зэвсгийг байхгүй болгоход л анхаарах хэрэгтэй. Үр дүн нь дараагийн асуудал.


-Трамп захидал илгээхээс хоёр хоногийн өмнө Өмнөдийн төрийн тэргүүнтэй Вашингтонд уулзсан. Гэхдээ тэр энэ талаар зөвлөлдөөгүй. Үүнд Трампын хувь хүний араншин нөлөөлсөн гэж болох уу?


-Бус нутгийн хувьд Япон, Хятадтай санал солилцох, байр сууриа илэрхийлэх нь байж болох ч зөвшилцөх шаардлагагүй. Хамгийн гол нь, Өмнөд Солонгостой зөвшилцөх хэрэгтэй байсныг Хөх ордноос илэрхийлсэн. Энэ тухай Трампыг хүчтэй шүүмжилдэг CNN зэрэг сувгаар идэвхтэй ярьж байна. Гэхдээ Хойд Солонгос АНУ-тай ойлголцож чадахгүй бол хоёр Солонгос ч хоорондоо ойлголцох аргагүй гэдгийг би дээр хэлсэн. Тийм учраас энэ нь Трампын өөрийнх нь дипломатын тактик байсан байж болох юм. Трампын сүүлийн нэг жил хагасын хугацааны үйл ажиллагааг харахад маш бие даасан шийдвэр гаргаж байна. Холбоотнуудынхаа үгийг сонсох нь бүү хэл зөвлөхүүдээ ч үл тоож байна. Шийдвэрүүд нь твиттерээр гарч, Төрийн нарийн бичгийн дарга асан Рекс Тиллерсон хүртэл өөрийгөө халагдсаныг жиргээнээс мэдэж байх жишээтэй.


-Ким Жон Ун ер нь улсаа нээлттэй болгох болов уу?


-АНУ-ын Тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан Майк Помпей хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Ким Жон Унтай хоёр удаа уулзсан. Анхны уулзалтаараа би Кимийн нүүрийг уншиж, цөмийн зэвсгээсээ татгалзах эсэхийг мэдэх нь миний зорилго байсан. Уулзахад Ким үнэхээр цөмийн зэвсгээсээ татгалзах хүсэлтэй байгааг мэдэрсэн” гэж ярьсан. Тийм учраас АНУ болон Ким нарын хооронд харилцааны нааштай үндэс суурь тавигдсан гэж бодож байна. Ким Жон Ун сүүлийн үед Майк Помпей, Ши Жиньпин, Мун Жэй Ин нартай уулзлаа. Энэ бүх үйл явдлыг тэрбээр 2012 онд төрийн эрхийг авснаасаа хойш байр сууриа хангалттай бэхжүүлж, олон улсын харилцааны гэрээ хэлэлцээр хийх бүрэн чадвартай болж, туршлага суусан гэж дүгнэж болно. Гол нь Кимийн зүгээс дэглэмтэй холбоотой болон аюулгүй байдлын баталгаа гаргах асуудалд маш их болгоомжлоод байх шиг байна.


Өнгөрсөн баасан гарагт хоёр Солонгосын төрийн тэргүүн нар хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход хүчин чармайлт гаргахаар тохиролцжээ. Мөн ням гарагт дээд хэмжээний уулзалтад бэлтгэх АНУ-ын баг Сингапурыг зорьж, Ерөнхийлөгч Дональд Трамп “Уулзалт болох бол товлосон өдрөө л болно” гэж жиргэжээ.


САНАЛ БОЛГОХ