Цементийн салбарын том амбийц
Уул уурхай
Үйлдвэрлэгч том амбийц тээж, монгол цементийг экспортлохоор зорьж байна
Урд хөршөөс вагон вагоноор цемент бууж, манай цементийн зах зээлийг Хятадын үйлдвэрлэгчид атгаж байсан үе бий. Одоогоос хэдхэн жилийн өмнө, бүтээн байгуулалтын “талх” гэгддэг цементийн үнийг урд хөршийн үйлдвэрлэгчид л дураараа тогтоож байлаа. Бас болоогүй ээ, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээ бидэнд шахах гэж үзнэ. Бид ч өөрсдөө их хэмжээний цемент үйлдвэрлэдэггүй юм хойно, аргагүйн эрхэнд бусдын өгснийг авч, хэлснээр нь төлдөг байв. Гэтэл хэдхэн жилийн дотор энэ байдал өөрчлөгдөж, монгол, хятад цементийн эрэмбэ, солигдсон. Одоогоор дотоодын цементийн зах зээлийн 90 гаруй хувийг үндэсний үйлдвэрлэгчид бүрдүүлж байна. 2013 оноос дотоодын үйлдвэрүүд шил шилээ даран үүдээ нээж, өрхөө татсан. Эхний шанг үндэсний бүтээн байгуулагч Хөтөлийн “Цемент шохой” компани татаж, сая тонн хүртэлх хүчин чадалтай, байгальд ээлтэй, хуурай аргын цементийн үйлдвэр ашиглалтад оруулсан юм. Улмаар Монцемент болон МАК Евро цементийн үйлдвэр ар араасаа үйлдвэрлэлээ эхлүүлэв. Ингэснээр хэдхэн мянган тонноор хэмжигддэг байсан манай дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал хүрээгээ тэлж, өдгөө дөрвөн сая тонн давсныг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлж байна.
Тав хүрэхгүй жилийн дотор манай дотоодын хүчин чадал хэд дахин нэмэгджээ. Гэтэл хэрэглээ ийм хурдаар өссөнгүй. 2017 онд гэхэд дотоодын цементийн хэрэглээ 2016 оныхоос даруй 30 гаруй хувиар өссөн гэж дотоодын үйлдвэрлэгчид тооцоолжээ. Ингэснээр хэрэглээ 1.3 сая тоннд хүрсэн гэх тооцоо байгаа бол зарим судалгаагаар 1.6 сая тонн хүрсэн гэх мэдээлэл ч байна. Хэдийгээр хэрэглээний дүн ийн зөрүүтэй ч эдгээр үзүүлэлт Монгол Улс үйлдвэрлэлийн хүчин чадлынхаа ердөө талтай нь тэнцэх цементийн хэрэглээтэй болох нь харин маргаангүй батлагдаж байна. Эдийн засгийн өсөлт саарч, бүтээн байгуулалтын идэвх суларч, ипотекийн хөтөлбөр удааширсан нь дам байдлаар дотоодын цементийн хэрэглээнд нөлөөлсөн. Гэхдээ хэрэглээ сүүлийн 1-2 жилд эргэн сэргэж байгаа бөгөөд энэ онд цементийн эрэлт хоёр сая тонн руу дөхнө гэж дотоодын үйлдвэрлэгчид найдаж байна. Гэлээ гээд хэрэглээ ойрын жилүүдэд хоёр нугалсан үйлдвэрлэлийн хүчин чадлыг гүйцэхгүй нь тодорхой. Тиймээс үйлдвэрлэгчид том амбийц тээж, монгол цементийг экспортлохоор зорьж байна. Харин хаана бас хэнд нийлүүлэх вэ гэж үү. Хэдийгээр бидэнтэй хил залгадаг хөрш орнууд дэлхийн цементийн зах зээлийн томоохон хэрэглэгч бөгөөд үйлдвэрлэгчид боловч дотоодын үйлдвэрлэгчид судалгаа хийж, нийлүүлэх боломжтой зах зээлүүдийг тогтоосон байна. Үүнээс хамгийн боломжтой нь ОХУ-ын Эрхүү болон Буриад орчмын нутагт хэмээн товлож байна. Холбогдох тооцоо судалгааг ч хийж амжжээ.
• 2017 онд гэхэд дотоодын цементийн хэрэглээ 2016 оныхоос даруй 30 гаруй хувиар өссөн гэж дотоодын үйлдвэрлэгчид тооцоолжээ.
• Бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөж буй ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг ч бас том газар нутагт оршдог. Тиймээс тээвэр ложистикийн асуудал тулгамдаж буй аж.
• Хэдхэн жилийн өмнө гахиурын гуйлгачин байсан Монгол Улс одоо дотоодоо бүрэн хангаж, долларын урсгалыг хаагаад, хилийн чанадын валют авчрах тухай ярьж байна.
ОХУ-ын Засгийн газрын мэдээлснээр энэ улс жилд 60 сая тонн цемент үйлдвэрлэж, ойролцоогоор хоёр сая тонныг импортолдог. Беларусь болон Казахстанаас нийт импортынхоо 85 хувийг авдаг байна. Дэлхийн цементийн холбооны мэдээлснээр 2018 онд дэлхийн цементийн эрэлт 1.5 хувиар нэмэгдэнэ. Томоохон хэрэглэгчдээс Хятадын эрэлт саарах бол ОХУ болон Саудын Арабын эрэлт өндөр байх төлөвтэй. Гэхдээ хил давах энэ худалдаанд төр, засгийн хамтын ажиллагаа шаардсан хэд хэдэн зүйл байгаа аж. Ялангуяа үүнд Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны дэмжлэг чухал гэж “Монцемент билдинг материалс” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Мөнхбат хэлж байна. Учир нь цемент импортоллоо гэхэд Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөж буй ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг ч бас том. Тиймээс тээвэр ложистикийн асуудал тулгамдаж буй аж.
Дотоодын зах зээлийн 90 гаруй хувийг үндэсний үйлдвэрлэгчид бүрдүүлж байна
Үүнийг шийдэхэд төмөр замын үнэ тарифын хөнгөлөлт ихээхэн дэмжлэг болно гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Үйлдвэрлэл нь хэдийнэ эрийн цээнд хүрч, эх орондоо орлого авчрах боломжтой салбаруудаа улс орнууд бодлогоор дэмждэг. Тухайлбал, Казахстан, ОХУ зэрэг улс овор жин ихтэй нүүрс, цемент гээд экспортын бүтээгдэхүүндээ тээврийн тарифын 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлдэг байна. Энэ тээвэр, хил гаалийн асуудлыг нь шийдээд өгвөл цементийн нийлүүлэлт хийх боломжтой аж. Хэдхэн жилийн өмнө цементийн гуйлгачин байсан Монгол Улс одоо хэрэгцээгээ бүрэн хангаж, ам.долларын урсгалыг хаагаад, хилийн чанадаас валют авчрах тухай ярьж байна. Дотоодын цементийн үйлдвэрлэл өргөжин тэлсээр хилийн чанад руу урсаж байсан ам.долларын урсгалыг тогтоосон гэдэг. Ганцхан жишээ хэлэхэд, Хөтөлийн “Цемент, шохой”-н үйлдвэр үүдээ нээгээд 60 сая ам.долларын валютын урсгалыг тогтоон барьжээ. Нүүрс, зэс зэрэг гарын таван хуруунд багтах хэдхэн түүхий эдээ борлуулж мөнгө олдог Монгол Улс нэмүү өртөг шингэсэн экспортын шинэ бүтээгдэхүүнтэй болоод байна. Бараа бүтээгдэхүүнээ түүхийгээр нь бус өртөг шингээн үйлдвэрлэхээр зорьж буй Монгол Улсад үүнээс өөр сайхан мэдээ гэж юу байх билээ. Хэдийгээр экспортолж эхлээгүй ч хэдхэн жилийн дотор худалдан авагчаас үйлдвэрлэгч болдгийг энэ салбар бидэнд батлан харууллаа. Гэтэл ингэж хилийн чанадыг зорьж байсан ам.долларын урсгалыг хаагаад зогсохгүй одоо бүр эх орондоо валют авчирч, Монголыг цемент экспортогч орон болгоно хэмээн зүтгэж байна. Уул уурхайгаас хараат байдлаа багасгаж, олон тулгуурт эдийн засгийг цогцлоохоо мэдэгдээд буй төр засгийн дэмжих учиртай салбар нь цемент биш гэж үү.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй