Алдагдсан боломж, хожимдсон гаслан
Нийтлэлчийн булан
Цаг хугацаатай төслүүд урагшлахгүй байх тусам бэрхшээл тулгарсаар
Монголын эдийн засгийн ээлжит чуулган болдгоороо болоод өнгөрсөн ч, үл хуучрах олон асуудал бидний өмнө шийдэл хүлээсэн хэвээр. Хувийн хэвшлийн дуу хоолой үгүйлэгдэж, хөрөнгө оруулагчаар ангаж, цангасан форумаас чухамдаа мега төслүүдээ ахин хөдөлгөх, хөрөнгө оруулагчдад таниулах гэж зорьсон. Гэвч алдагдсан боломжийн гаслан дунд төр, хувийн хэвшил “хүчээ нэгтгэх” гээд барсангүй. Энэхүү нийтлэлдээ нэгэнт болоод өнгөрсөн чуулганы тухай бус алдагдсан боломжийн талаар хөндөх гэж хичээлээ. Бидний олж харахгүй байгаа хамгийн том зардал, халаглах шалтгаан алдагдсан боломжийн ард нуугдаж байна. Үүнийг онцгойлж төдийлэн яриад байдаггүй. Гэтэл цаг хугацаа, хөрөнгө мөнгө үнэгүйдэж, өнөөдрөө өөрчлөх боломжоо өөрсдөө бид хулгайлсаар. Эдийн засгийн шинжлэх ухаанд алдагдсан боломжийн зардал гэх ойлголт бий. Энэ нь хийгээгүй сонголт бүр алдагдаж, зардал болж байдаг гэсэн үг. Тэгвэл Монгол Улс өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжийн зардлаа хамгийн бага байлгах тал дээр анхаарч чадсангүй. Үүнд дотоодын улс төрийн зөрчил, үл ойлголцол олдсон боломж болгоныг үргээж, үгүйсгэж ирлээ. Энэ нөлөөгөөр хэрэгжих ёстой байсан хөгжлийн төслүүд царцаж, уг байдлаас төвөгшөөсөн хөрөнгө оруулагчид Монголыг орхин гарсаар байна. Хамгийн наад зах нь, эрдэс түүхий эдийн зах зээлийн үнийн таатай үеийг “чулуу” болгож, ашиг орлогоо энэ хугацаанд нэмэгдүүлж бид чадсангүй.
Үүнийг “Хүний хөгжлийн сан”-гийн алдагдал ч хэлнэ. Таван жилийн өмнө хэрэгжих боломжтой байсан мега төслийн өртөг өнөөдөр нэмэгдэж, энэ хэрээр хэрэгжих магадлал нь буурч байна. Тухайн мөчид төслийг сонирхож байсан хөрөнгө оруулагчид нь өөр нэгэн шинэ төслийн эрэлд гарч, Монголоос дайжих болсон. “V цахилгаан станц”-ыг 2013 онд барих газрыг нь нийслэлээс шийдвэрлэж, 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байлаа. 1.4 тэрбум ам.доллар шаардлагатай эрчим хүчний эх үүсвэр өнөөг хүртэл баригдах бус замын дундаа бүдгэрлээ. Энэ төслийг хэрэгжүүлэх итгэл, үнэмшил төрд байхгүй нь харагдлаа. Нийслэлийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангах эх үүсвэрийн дутагдал үүсэхэд ойрхон байна. Маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан дээрх төслийн “хувь заяа” бүрхэг болж хувирсан. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш гэхэд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 80 орчим хувиар суларсан. Тэгвэл төгрөгийн ханшийн уналт төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг өсгөж буй. Зөвхөн ханшийн нөлөө алдагдсан боломжийн зардлыг үржүүлээд зогсохгүй улс төрийн тогтворгүй байдал хөгжлийг хамтад нь гацаасаар. Цаг хугацаатай төлөвлөсөн төслүүд урагшлахгүй байх тусам нийгэм, эдийн засагт үүнээс үүдсэн хүндрэл, бэрхшээл тулгарсаар.
• Эдийн засгийн шинжлэх ухаанд алдагдсан боломжийн зардал гэх ойлголт бий.
• Монгол Улс өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжийн зардлаа хамгийн бага байлгах тал дээр анхаарч чадсангүй.
• Таван жилийн өмнө хэрэгжих боломжтой байсан мега төслийн өртөг өнөөдөр нэмэгдэж, энэ хэрээр хэрэгжих магадлал нь буурч байна.
Тухайлбал, “Шинэ төмөр зам” төсөл зогсонги байдалд орсон нь экспортын орлогоо өсгөх боломжийг хумьж байна. 10 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө гэж 2012 онд тооцоолж байсан уг төсөл өнөө хэр хөрөнгө оруулалтын мухардлаас болж зургаан жил саатлаа. Нүүрс болон төмрийн хүдрийн экспортыг нэмэгдүүлж, аж үйлдвэрийн салбарын өсөлтөд түлхэц болох уг төслийн ТЭЗҮ бэлэн болсон ч улстөржилт хөрөнгө оруулалтаас илүү саад тотгор болж ирлээ. Хэрэв энэ төсөл хэрэгжсэн бол уул уурхайн салбараас төсөвт бүрдэх орлого дорвитой нэмэгдэж, эмч, багш нарынхаа цалинг хоёр дахин өсгөх боломж Монголын төрд олдох байлаа. Сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамж мөн адил сайжрах байв. Төсвийн хөрөнгө оруулалтаар нийгмийн дэд бүтцээ бусдын гар харахгүй хийж чадах боломж бий болохоор байлаа. Өнгөрсөнд хэрвээ гэж байхгүй. Гэхдээ л эдийн засгийн үр ашигтай, улс орны хөгжилд зүтгүүр болох төслүүдээ “халуун” дээр нь хэрэгжүүлсэн бол гадаадын өрийн хэмжээ ДНБ-ий 80 хувьтай тэнцэхгүй байх, улмаар баялгийн сан үүсгэх хэмжээний нөөц бололцоо бидэнд байсан.
Эдийн засгийн өсөлтөөрөө нэг хэсэг хугацаанд дэлхийд тэргүүлж, хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан Монгол Улс алдагдсан боломжийнхоо араас амаа барьж сууна. Үүнийг сая болж өнгөрсөн “Эдийн засгийн чуулганы” уур амьсгал бүхэлдээ илэрхийлж байлаа. Ялангуяа, хувийн хэвшлийнхэн Монгол Улс зах зээлийн үнийн таатай үеийг алдаж, бүтээн байгуулалт ухарч байгаад хамгийн ихээр халаглаж байна. Энэ нь улсаараа илүү хурдан хөгжих боломжоо алдаж байгаад хамаг асуудал орших аж. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 9.7 хувьтай тэнцэж байна. Хөдөлмөр, эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 34.6 мянга болжээ. Хэрэв уул уурхай, хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарт төлөвлөж байсан төслүүд урагшилсан бол ажилгүйдлийн түвшинд хамаагүй бага байсан нь дамжиггүй. Төслийг дагаад худалдаа, үйлчилгээ, барилга, үндэсний үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж, энэ салбар дахь ажлын байр олноор бий болдог. Ажилтай, орлоготой монгол хүн ипотекийн зээл авч, амьдрах орчин нөхцөл сайжрах, агаар болон хөрсний бохирдол буурах зэрэг дам нөлөө цөөнгүй бий. Төр хэлсэндээ хүрч, төслүүдээ зүтгүүлсэн бол алдагдсан боломжоо хөгжил болгон хувиргах хэмжээний цаг хугацааг бид үрэхгүй байлаа.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй