Орос ах нар 30 жилийн дараа Монголыг “тоов”

Мэдээ


Монголын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хийсэн уулзалтыг дүгнэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэл гаргажээ. Тэрбээр мэдэгдэлдээ ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээртэй холбоотой баримт бичгүүдийг үзэглэж байгаа, ойрын хугацаанд батална гэв. Мөн ОХУ-ын Засгийн газар нийгэм, эдийн засгийн салбарт Монгол Улс болон БНХАУ-тай хамтран ажиллах тухай хөтөлбөрийг хэлэлцэж буй талаар Оросын эх сурвалжуудад мэдээлсэн байна. Энэхүү хөтөлбөрийг 2025 оныг хүртэл хэрэгжүүлнэ гэж төлөвлөжээ. ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Ерөнхийлөгчийн алс Дорнодын бүс дэх бие төлөөлөгч Юрий Трутнев Монгол Улстай худалдааны эргэлтээ 12 дахин нэмэгдүүлж, хоёр тэрбум ам.долларт хүргэх үүрэг өгчээ. Хоёр орны хоорондын худалдааны эргэлт 2017 онд 1.4 тэрбум ам.доллар байсан байна. Мөн ОХУ-ын томоохон үйлдвэрлэгчид, газар тариалангийн компаниуд гээд хувийн хэвшлийн олон салбарын төлөөлөгч Монголын зах зээлийг сонирхох болжээ. Эрхүү дэх Зүүн Сибирийн худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн тэргүүн Алексей Соболь хэлэхдээ “Монголд үр тариа экспортлох асар их боломж бололцоо байна. Бид өмнөд хөршийн зах зээлийг төдийлөн ойшоодоггүй байсан.

Гэтэл өнөөдөр тус улсын эрэлт хэрэгцээ, худалдан авах чадвар эрс нэмэгдээд байна. Энэ хэрэгцээг хангах сонирхолтой дотоодын газар тариалангийн компани олноор гарч ирлээ” хэмээв. Монголын эдийн засаг сэргэж, эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг оросууд шинэ боломж гэж харж эхэлсэн. Энэ боломжийг хэрхэн ашиглах вэ гэдгийг Засгийн газрын түвшинд хэлэлцэж байна. ОХУ-аас Монголд нийлүүлэх нийт худалдааны дийлэнх буюу 60 хувь нь нефтийн бүтээгдэхүүн. Үүнийг цаашид нэмэгдүүлж, хоёр талын ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар Оросын шийдвэр гаргагчид хэлэлцэж байна. Оросууд экспортоо нэмэгдүүлэх сонирхолтой. Нөгөө талаас монголчууд улам их бараа бүтээгдэхүүнийг умард хөршид гаргах хүсэлтэй. Гэсэн хэдий энэ үзүүлэлтээ төдийлэн өсгөн нэмэгдүүлж чадахгүй байна. Тухайлбал 2016 онд хоёр улсын худалдааны нийт эргэлт 931 сая ам.доллар байсан ба үүний 35 сая нь Монголын талаас нийлүүлсэн бүтээгдэхүүнийх байв. Монголын талаас нийлүүлдэг бүтээгдэхүүний дийлэнх хэсгийг уул уурхайн түүхий эд эзэлдэг, нэмүү өртөг шингэсэн бараа бараг байхгүй болохыг эх сурвалжид мэдээлжээ. ОХУ-ын “РИА Новости” агентлагийн эдийн засгийн шинжээч Дмитрий Мантуров “Өнөөдрийн байдлаар ОХУ, Монгол хоорондын худалдаа зөвхөн нефтийн бүтээгдэхүүн дээр тогтож байна. Монголчууд газрын тостой ч, боловсруулах үйлдвэргүй учраас Оросоос хараат байна. Мөн Оросын харьцангуй хямд машин техникийг газар тариалан, уул уурхайн салбартаа зориулан авч байна. Өнгөрсөн зууны дунд үед Монгол Улс хөдөө аж ахуйгаас шууд хамааралтай байсан. Хуучин ЗХУ-ын дэмжлэгтэй зэсийн баяжмалын үйлдвэр байгуулсан нь тус улсын ДНБ-ний 13 хувийг бүрдүүлж эхэлсэн. Өнөөдөр Монгол Улс гадаадад олон төрлийн бүтээгдэхүүн экспортолж, уул уурхайн баялагтаа тулгуурлан эрчимтэй хөгжиж байна.


• Монголын сэргэж байгаа эдийн засгийг оросууд шинэ боломж гэж харах боллоо.

• Монгол Улстай худалдааны эргэлтээ 12 дахин нэмэгдүүлж, хоёр тэрбум ам.долларт хүргэх үүрэг өгчээ.

• Оросын компаниуд энэ коридороор дамжин Монголын хөгжиж буй зах зээлээс гадна Хятадын асар том зах зээлд нэвтрэх боломжтой.


Монгол Улс байгалийн баялаг ихтэй ч нийт газар нутгийн дөнгөж 30 хувьд геологийн хайгуулын ажил хийсэн гэж үздэг. Өнөөдөр Монголын уул уурхайн салбарт хоёр хөрш орны биш АНУ, Канад, Австралийн компаниуд илүү идэвхтэй ажиллаж байна. Энэ нь Оросын уул уурхайн компаниудын анхаарлыг татаж, хамар доорх боломжоо алдсан мэт санагдуулж байгаа байх. Эдийн засгийн коридор бол гурван орны хувьд харилцан ашигтай, мэдээж Монголд илүү үр өгөөжтэй төсөл. ОХУ, Казахстан, БНХАУ-ыг холбосон дэд бүтцийн ажлыг оргүйгээс эхэлнэ. Харин Монголын газар нутгаар дайрсан зам угаас байгаа учир энэ төслийг хэрэгжүүлэхэд илүү дөхөм гэж үзэж байна. Нөгөө талаар ОХУ-ын Засгийн газраас баталсан Транс-Сибирийн төмөр замыг өргөжүүлэн, шинэчлэх тухай хөтөлбөртэй Монголын эдийн засгийн коридорын төсөл яв цав нийцэж байгаа.

Мөн Транс-Евразийн бүслүүр дэд бүтэц байгуулах төслийг уялдуулах боломж бий. Эдийн засгийн коридор нь төмөр зам, авто замыг хосолсон цогцолбор төсөл юм. Эдийн засгийн коридорын төсөл нь ОХУ болон Хятадын санхүүгийн, техник, технологийн дэмжлэгтэйгээр хэрэгжих нь тодорхой. Оросын компаниуд энэ коридороор дамжин Монголын хөгжиж буй зах зээлээс гадна Хятадын асар том зах зээлд нэвтрэх боломжтой. Хятадын хувьд мөн Монголоор дамжин Орос болон Европын зах зээлд хүрэх боломж өргөжин тэлнэ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров гурван орныг холбосон эдийн засгийн коридорын төсөлд ач холбогдол өгч, юу юугүй хэрэгжүүлж эхлэх гэж байгааг зарлалаа. Үүгээр оросууд сүүлийн 30 гаруй жилийн турш мартаад байсан Монголоо эргэн санаж буйгаа харуулав. Оросын Засгийн газрын алс дорнодыг чиглэсэн шинэ бодлогын хүрээнд Монгол Улсыг чухалчилж үзсэн. Ингэснээр Монгол нь геополитийн төдийгүй эдийн засгийн бодлогын хувьд анхаарлын төвд ороод байна” хэмээв.


САНАЛ БОЛГОХ