Италийн Ерөнхий сайд болсон 31 настай Ж.Конти тангаргаа өргөв
Мэдээ
Италийн шинэ Засгийн газрын тэргүүн Жюзеп Конти баасан гарагт тангараг өргөлөө. Түүний хамтаар хамтарсан Засгийн газрынх нь 18 сайд тангаргаа өргөснөөр Италийн улс төрийн хямралт байдал эцэс боллоо. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарела парламентаа татан буулгасны дараа энэ оны гуравдугаар сард ерөнхий сонгууль зохион байгуулсан. Гэсэн ч өрсөлдөгч намуудаас аль нь ч дийлэнх олонх болж чадаагүйгээс гурван сар орчмын хугацаанд улс төрийн хувьд “царцанги” байдалд ороод байсан юм. Италийн шинэ Ерөнхий сайд Жюзел Контигийн хувьд өдгөө 31 настай, хуульч мэргэжилтэй. Тэрбээр тангараг өргөх үеэрээ “Бүх Италичуудын амьдралыг сайжруулахын төлөө ажиллана” гэдгээ амласан юм. Хамтарсан Засгийн газрын зарим гишүүний хийж байсан хэт популист мэдэгдлүүд нь Европын холбоонд нээлттэй хамтран ажиллахад асуудал учруулж магадгүй талаар ажиглагчид санал бодлоо илэрхийлж байгаа.
Гэсэн ч Засгийн газрын бүтцийг бүхэлд нь харахад олон талын байр суурийг багтаасан “төгс баг” болжээ. Итали бол газар нутгийн хэмжээгээрээ Европын холбоонд гуравт бичигдэх хүчирхэг орон. Гэхдээ сүүлийн жилүүдийн эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлын дараа ард иргэд Ж.Контигийн Засгийн газраас цэвэр эдийн засгийн шийдэл хүлээж байна. Их Британи Европын холбооноос гарсны дараа Итали араас нь гарна гэх албан бус таамгууд байсныг мөн албан бус мэдээллээр Ж.Конти няцааж, “тийм төлөвлөгөө огт байхгүй” гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Сержио Матта-рела Засгийн газрын тэргүүн болон гишүүдийг баталснаар шинэ Засгийн газар тангаргаа өргөсөн. Харин энэ долоо хоногийн эхээр парламентын дээд болон доод танхимаар Засгийн газрын томилгоог батлах юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй