ШХАБ улс орнуудад шахалт үзүүлж, шийдвэр гаргахыг тулгадаггүй
Мэдээ
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичтэй ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ дахь Монголын байр суурийг шат ахиулна гэж мэдэгдсэн. ШХАБ нь цэрэг, стратегийн байгууллага байхаа болиод эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-ШХАБ нь 17 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан, олон улсын хэмжээнд чухал байр суурьтай томоохон нэгдэл юм. Өнгөрсөн онд Энэтхэг, Пакистан улс тус байгууллагад гишүүнээр элссэн. Ингэснээр тус байгууллагын нэр нөлөө, боломж бололцоо илүү өргөжсөн. ШХАБ нь улс төр, цэрэг стратегийн интеграцчилал, эдийн засгийн нэгдэл бий болгохыг зорьдоггүй. Монгол Улс 2004 онд ШХАБ-ын ажиглагч статустай анхны улс болсон. Монгол Улс энэ байгууллагад элсэх эсэх асуудлыг олон нийтийн хэлэлцүүлгийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж бодож байна. Монголын тал энэ асуудлаар мэдээллээр хангагдсан. ОХУ-ын зүгээс шаардагдах мэдээллээр хангахын төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ШХАБ-ын асуудал хариуцсан бие төлөөлөгч М.Хакимов Монголд айлчилсан. Айлчлалын үеэр ШХАБ-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Харин энэ жил Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Алимов Монголд айлчилсан. Тиймээс Монгол Улсын шийдвэр гаргах түвшнийхэнд шаардагдах мэдээлэл хангалттай авсан гэж хэлж болно. Эдгээр мэдээлэлд тулгуурлан хэлэлцүүлэг явуулсны дагуу шийдвэр гаргах нь зүйтэй гэж бодож байна. Мэдээллийг судалснаар Монголын улстөрчид, парламентын гишүүд болон ард иргэд ШХАБ нь гишүүн орнуудынхаа тэгш эрхийг дээдлэн ажилладаг байгууллага болохыг мэдэх болно.
Тэгээд зөвхөн харилцан зөвшилцлийн дагуу шийдвэр гаргаж, хэрэгжүүлдэг болохыг ч мэднэ. ШХАБ нь ямар нэг улс орныг шахаж, ямар нэгэн шийдвэр гаргахыг тулгадаггүй. Монголын зарим сонин хэвлэлд бичиж байгаагаар ШХАБ-д элсэн орсноор гуравдагч хөршөө гомдооно гэж үзэж байна. Тэгвэл ШХАБ-ын гишүүн зарим улсыг жишээ татаж болно шүү дээ. Монголтой газар нутаг, хүн амаар ойролцоо Киргизстан, Тажикистан улсыг жишээ татъя. Эдгээр улс орны ашиг сонирхол ШХАБ-д элссэнээр зөрчигдсөн тохиолдол гарсан үгүйг бид бэлхнээ харж болно. Газар нутгийн хэмжээ, эдийн засгийн чадвараасаа үл хамааран тус байгууллагын аливаа гишүүн улс орны гадаад харилцаанд ямар нэгэн түвэг саад учирсан тохиолдол байхгүй. Харин ч олон улсын тавцанд түшиж тулах дэмжлэгтэй болсныг баттай хэлнэ. ШХАБ-д элсэн орно гэдэг тийм ч амар ажил биш гэдгийг Монголын тал мэдэж байгаа байх. Хамгийн түрүүнд элсэх өргөдөл гаргаснаар олон улсын 30 гаруй гэрээ хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурах шаардлагатай болно. Үүний дараа тус байгууллагад гишүүнээр элсэхэд зориулж үндэсний комисс томилж ажиллуулах хэрэгтэй. Гишүүнээр элсэх ажил хэдэн сараар, магадгүй жилээр үргэлжлэх байх. ОХУ-ын удирдлагын удаа дараа мэдэгдэж байсныг би давтан хэлье. Монгол Улс статусаа дээшлүүлэн, ШХАБ-д нэгдэн орох шийдвэр гаргавал бид талархан хүлээн авах болно. ШХАБ-ын бусад гишүүн орон ч ийм байр суурьтай байгаа гэдэгт итгэлтэй байна.
-2014 оноос хойш Монгол Улсын иргэд 30 хоногийн хугацаатай ОХУ руу визгүй зорчиж байгаа. Үүнээс хойш иргэд хоорондын харилцаа болон эдийн засаг хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр Орос-Монголын Засгийн газрын хэлэлцээрээр хоёр улсын хооронд харилцан визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурсан. Мөн оны арваннэгдүгээр сарын 14-нөөс эхлэн харилцан визгүй зорчиж эхэлсэн. Тус хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд аялал жуулчлалын зорилгоор нэг удаа зорчихдоо 30 хоногийн дотор визгүй зорчих эрхтэй. Хагас жилд 90 хоногоос илүү зорчихгүй байх гэсэн заалттай. 1995 онд Монгол Улс ОХУ-д хоёр улсын иргэдийг визтэй зорчуулах хүсэлт тавьсан шүү дээ. Харин 2010 оны үед Монголын түншүүд визтэй зорчих шийдвэрийг хоёр улсын найрсаг харилцаанд нийцэхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд энэхүү дүгнэлтийг харгалзан үзэж, хоёр улсын хооронд визтэй зорчихыг цуцалсан. Одоогийн байдлаар визгүй зорчих шийдвэр нь маш оновчтой байсан бөгөөд хоёр улсын харилцаанд эерэгээр нөлөөлж байна. Энэхүү шийдвэрийн дараа хоёр улс хоорондын зорчих ачаалал болон хяналт шалгалт мэдэгдэхүйц хөнгөрсөн юм. 2016 онд Монгол Улсын 580 мянга гаруй иргэн ОХУ-ыг зорьсон бол Оросоос 110 мянган иргэн зорчжээ. Түүнчлэн Оросын бараа бүтээгдэхүүнийг монголчууд ихээхэн сонирхдог учраас өнгөрсөн онд хоёр талын харилцан худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилготой ажилласан. Үүнээс гадна Монголын талаас хилээр нэвтрэхэд олон улсын автомашины боомт бага байдгаас гуравдагч орны иргэдэд хүндрэлтэй байдаг гэсэн санал ирдэг. Тиймээс хоёр улсын хэлэлцээрийн үр дүнд зарим хилийн автомашины боомтыг олон улсын статустай болгох тодорхой тохиролцоонд хүрсэн. Хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын Тува болон Буриад улстай залгаа хамтарсан олон улсын автомашины боомт тус тус бий болох юм. Энэхүү тохиролцоог ажил хэрэг болгохын тулд тодорхой стандартын дагуу зам тавих, тоноглох шаардлагатай. Уг ажлыг манай тал 2020 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа учир иргэд бага зэрэг хүлээцтэй хандахыг хүсэж байна.
Оросын зүгээс машин угсрах үйлдвэрийг Монголд байгуулах тухай судалж байна
-“Монгол-Оросын санаачилга 2018” гэсэн арга хэмжээний онцлог юу вэ?
-Энэ сарын 7-9-нд Монгол-Оросын санаачилга 2018 цуврал арга хэмжэээ зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ОХУ-ын Аж үйлдвэр худалдааны яамны дэмжлэгээр зохиож байгаа. Тус үзэсгэлэнг «Оросын экспортын төв», Мэргэжлийн техник тоног төхөөрөмжийн байгууллага, Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон “Мишээл экспо” төв хамтран зохион байгуулж байна. Сүүлийн 10, 20 жилийн хугацаанд ийм том арга хэмжээ зохион байгуулаагүй юм. Тус арга хэмжээний хөтөлбөрт эдийн засгийн чуулга уулзалт, Орос компанийн танилцуулга, дугуй ширээний уулзалт, соёлын арга хэмжээ болон үзэсгэлэн, худалдаа багтсан. Үүнээс эдийн засгийн чуулга уулзалтыг онцлох нь зүйтэй. Тус чуулга уулзалтаар хоёр улсын худалдааг дүгнэх бөгөөд цаашид хэрхэн сайжруулах тухай хэлэлцэнэ. Өнгөрсөн жилийн хувьд хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаа 1,4 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний зэрэгцээ манай экспорт 47, Монголын экспорт 16 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дугуй ширээний уулзалт зохион байгуулах юм. Уулзалтад хил залгаа бүс нутгийн 50 гаруй компани оролцоно.
-Энэ компаниудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл бий юу. Ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд вэ?
-Эдгээр компани нь ОХУ-ын Эрхүү, Новосибирск, Томск, Тува, Алтайн хязгаар, Өвөр Байгалийн хязгаар, Буриад, Крым болон баруун бүс нутгаас ирж байгаа. Эрчим хүч, дэд бүтэц, хүнс хөдөө аж ахуй, барилга хот байгуулалтын чиглэлээр тусдаа уулзалт зохионо. Мөн “Росатом” цөмийн эрчим хүчний агентлаг “Цөмийн эрчим хүчний шинжлэх ухаан ба технилоги” гэсэн семинар зохион байгуулна. Түүнчлэн Шангри-Ла зочид буудалд хоёр улсын банкны төлөөлөл уулзах юм. Мөн Сүхбаатарын талбайд “Ростсельмаш”, “Ростех” зэрэг Оросын томоохон компани хүнс хөдөө аж ахуйн техник, төхөөрөмж болон бусад техникийг танилцуулна. Мөн Оросын дэвшилтэт технологийн үзэсгэлэн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдаа болох юм. “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээг зохион байгуулах хорооны дарга, ОХУ- ын Худалдаа аж үйлдвэрийн сайд Денис Валентинович Мантуров, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Игорь Евгеньевич Левитин, ОХУ-ын Тээврийн сайд Евгений Иванович Дитрих нар оролцох юм. Түүнчлэн ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч Сергей Георгиевич Левченко хүрэлцэн ирнэ. Энэ том арга хэмжээ зохион байгуулахад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын гишүүд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлье. Миний бие Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хувьд энэхүү арга хэмжээ нь хоёр улсын хоорондын худалдаа эдийн засгийн шинэ замыг нээж, ард иргэдийг улам ойртуулна гэж найдаж байна.
• 2016 онд Монголын 580 мянган иргэн ОХУ-ыг зорьсон бол Оросоос 110 мянган иргэн зорчжээ.
• Улаанбаатар хотын дулааны хоёр цахилгаан станцыг шинэчлэх тохиролцоонд хүрээд байна.
• Хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын Тува болон Буриад улстай залгаа хамтарсан олон улсын автомашины боомт бий болно. -Арав гаруй жилийн хугацаанд ийм том арга хэмжээ зохион байгуулагдаагүй гэлээ. Энэ арга хэмжээний үр дүнг урьдчилсан байдлаар хэрхэн харж байна вэ. Мөн ямар шинэ боломжуудыг нээж, хамтын ажиллагааны ямар төсөл хэрэгжүүлж байна вэ?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс дорнодын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч, Шадар сайд Юрий Петрович Трутнев айлчилсан. Айлчлалын үеэр Монгол Улс, Алс дорнодын холбооны тойрог хоорондын худалдаа 41 сая ам.доллар байгааг мэдэгдэж, үүнийг ойрын жилүүдэд хагас тэрбум ам.долларт хүргэх тохиролцоонд хүрсэн. Өөрөөр хэлбэл, худалдааны эргэлтийг 12 дахин нэмэгдүүлэх юм. Бид хоёр талын худалдааг нэмэгдүүлэхийн тулд томоохон зорилт тавих нь зөв. Түүнчлэн Улаанбаатар хотын дулааны хоёр цахилгаан станцыг шинэчлэх тохиролцоонд хүрээд байна. Ингэснээр нийслэл болон төвийн бүсийг нутгийн эрчим хүчний асуудлыг бүрмөсөн шийдвэрлэнэ гэж найдаж байна. Энэ чиглэлээр ОХУ-ын мэргэжилтнүүд дээрх станцуудад энэ өдрүүдэд ажиллаж байгаа. Эрчим хүчний салбарт ажиллах өөр нэгэн боломж бий. ОХУ-ын цахилгаан эрчим хүчний сүлжээг хариуцан ажилладаг төрийн өмчит “Россеть” компани хамтран ажиллах саналтай байна. “Россеть” компанийн санал болгосноор Монголын эрчим хүчний дэд бүтэц, бүсийг хоорондоо холбох, харилцан уялдаатай болгож, цаашид Азийн эрчим хүчний супер сүлжээнд нэгтгэх тухай судалж байна.
-Үүнээс өөр ямар салбарт хамтран ажиллаж байна вэ?
-Хүнс, хөдөө аж ахуйн салбарт бид Монголын талтай хоёр төсөл хэрэгжүүлж байна. Монголын малыг эрүүлжүүлэн, мах, махан бүтээгдэхүүнийг Орос болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх төсөл бий. Хоёр дахь төсөл бол Оросын Гадаад худалдааны банкны зээл орчин үеийн технологийн хөдөө аж ахуйн машин техник, тоног төхөөрөмжийг Монголд ханган нийлүүлэх юм. Энэ хоёр төсөл амжилттай хэрэгжиж байна. Монголын талаас хүссэн хүмүүнлэгийн тусламжийн дагуу үрийн буудай, малын тэжээл болон бусад бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлыг судалж байна.
-ОХУ, Монголын харилцаа ямар ямар шинэ салбарт өргөжин хөгжиж байгаа вэ?
-Оросын зүгээс машин угсрах үйлдвэрийг Монголд байгуулах тухай судалж байна. Энэ салбарт хоёр орон өмнө нь хамтран ажиллаж байгаагүй. Үүний дагуу Монголын “МИАТ” компанийн засвар үйлчилгээний төвийн суурин дээр АН-2 загварын нисэх онгоцыг шинэчлэх болон тоноглох ажлыг хийх боломжтой юм. ТВС-2МС хэмээх энэ загварын онгоцыг орон нутгийн нислэгт өргөнөөр ашиглах боломжтой. Орос, Монголын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ярилцаж байна. Евразийн эдийн засгийн холбоо нь ОХУ, Беларусь, Казахстан, Киргизстан, Армени улсыг хамруулсан эдийн засгийн интеграцчлалын том байгууллага юм. Евразийн эдийн засгийн комисс нь Евразийн эдийн засгийн холбооны удирдах төв байгууллага. Энэ комиссын хүрээнд Монголын экспортод тавигдах татвар болон худалдааны салбарт учрах бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Үүний зэрэгцээ Монголын экспортын бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага стандартыг Евразийн холбооны стандарттай нийцүүлэх ажлыг хийнэ. Хоёр улсын хооронд хамтран ажиллах илүү өргөн боломж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах боломжийг хэлэлцэж байгаа. Оросын “Росатом”, Монголын “Монатом” болон Цөмийн эрчим хүчний агентлаг хамтран хэрэгжүүлэх боломжтой. Энэ төслийг хэрэгжүүлснээр хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай салбарын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх бүрэн боломжтой. Элчин сайдын хувьд хэлэхэд, манай хоёр улсын худалдааны эргэлт ойрын жилүүдэд хоёр тэрбум ам.доллар давна гэж найдаж байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй