Хувьцааны арилжаа тэтгэврийнхэнд нэмэлт орлогын үүд болдог

Мэдээ


Хувь, “хувьсгал”-ын компаниудын өмч хувьчлалын буухиа энэ онд улам өргөн хүрээг хамрахаар байна. Компаниудын IPO ар араасаа цуварч буй энэ үеийг өмч хувьчлалын хоёр дахь том давалгаа хэмээн зарим судлаач нэрлэж буй. Одоогоор Монголын хөрөнгийн биржид 300 гаруй компани бүртгэлтэй байгаагаас 250 нь өдөр тутмын арилжаанд оролцож байна. Сүүлийн хоёр жилд Монголын хөрөнгийн бирж алдагдлаас ангижирч, ашиг, орлогоороо түүхэн амжилт тогтоосон бол компаниудын ногдол ашиг хуваарилах хэмжээ ч өссөн. Хэдийгээр ногдол ашиг тараадаг компанийн тоо төдийлэн нэмэгдээгүй ч мөнгөн дүн нь нэлээд ахижээ. Хувьцаат компаниуд 2015 онд нийт 7.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан бол 2017 онд энэ хэмжээ 69.5 тэрбумд хүрсэн. Эдийн засгийн өсөлт, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дагаад цаашид ч нэмэгдэхээр байгаа. Гэвч манай хөрөнгийн зах зээлийн багтаамж хэр вэ. Монголчуудын хэдэн хувь нь энэ зах зээлээс өгөөж хүртэж чаддаг вэ. Монголд хөрөнгийн зах зээл нийт санхүүгийн зах зээлийн дөнгөж хоёр гаруй хувийг эзэлдэг. Харин АНУ-д энэ хэмжээ 25 хувиас буудаггүй. Монголд энэ салбарын талаарх анхан шатны мэдлэгтэй, арилжаанд оролцдог хүн хамгийн ихдээ 6000 байдаг гэсэн албан бус тоо бий. Энэ нь хүн амын 0.19 хувийг эзэлж байна. Үүнийг АНУ-ын иргэдийн 50 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр хувьцаа эзэмшдэгтэй харьцуулбал асар бага тоо. Гэхдээ эерэг талаас нь харвал, хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо бага байх тусам шинээр сонирхож буй иргэдэд илүү давуу талтай. Энэ зах зээлд цаашид өсөн тэлэх орон зай их байна гэсэн үг.


Япон гэрийн эзэгтэй нар жижиглэнгийн зах зээлийн 25 хувийг эзэлдэг


Тийм ч учраас эдийн засагчид хөрөнгө оруулах санаа толгойд чинь багтаж байвал одооноос судалж эхлэхийг зөвлөж байна. Мэдээж, хувьцаа авах нь банкны хадгаламжаас илүү эрсдэлтэй. Гэхдээ өгөөж нь өндөр. АНУ-д хөрөнгийн зах зээлд оролцогчдын дунд тэтгэврийн насныхан олон бий. Залуучууд ч тэтгэвэрт гарсныхаа дараа өгөөжийг нь хүртэх зорилгоор хувьцаа авах нь түгээмэл. Харин Японд гэрийн эзэгтэй нар байнгын ажил хийх боломжгүй тул гэрээсээ хөрөнгийн зах зээлд арилжаа хийдэг эмэгэйчүүд хэдэн зуун мянгаараа бий болсон. “Кимонотой арилжаачид” ялангуяа валютын форекс, своп, форвард арилжааны жижиглэнгийн зах зээлийн 25 хувийг дангаараа эзэлдэг. Хөрөнгийн зах зээлийн оролцогч болоход заавал их мөнгөтэй байх шаардлагагүй. Харин ч бага мөнгөөр арилжаанд оролцож, туршлага хуримтлуулах нь чухал. Мөн нарийн шинжилгээ хийдэг, мэргэжлийн хүн байх ч албагүй. АНУ-д гэхэд хувьцаа арилждаг хүмүүсийн дөнгөж зургаан хувь нь мэргэжлийнхэн байдаг аж. Монголын хөрөнгийн биржийн арилжаанд тун идэвхтэй оролцдог нэгэн буурай бий. Түүнийг хөрөнгийн биржийнхэн анддаггүй.


Өдгөө 73 настай А.Чулуун гуай шил, лааз түүж цуглуулсан болон тэтгэврийн мөнгөө хадгалж, үүгээрээ хувьцаа худалдаж авдаг. 1990 оноос хойш хөрөнгийн биржийн арилжаанд оролцсон тэрбээр одоо 60 гаруй компанийн хувьцаа эзэмшигч болжээ. Энэ мэтээр хөрөнгийн зах зээлд мэдлэгтэйгээр оролцож чадвал хэнд ч боломж өргөн байдаг. Энэ онд “Таван Толгой” ХК хөрөнгийн зах зээлд компаниудын тараасан нийт ногдол ашгийн 83 хувийг эзэлсэн. Тус компанийн нэг ажилтан хувьцааныхаа ногдол ашигт 600 сая төгрөг авсан жишээ ч байна. Компаниудын хувьд ч хувьцаагаа нээлттэй арилждаг байх нь ашигтай. Тухайлбал “Монгол базальт” компанийн хувьцаа гаргасан нэг зорилго нь гаднын харилцагчдадаа танигдах бас таалагдах. Гаднын хөрөнгө оруулагчид нээлтэй, хувьцаат компанид илүү найдвар тавьдаг. Учир нь ийм компанийн засаглал, хяналт сайжирч, мэдээлэл нь ил тод болдог. Гэр бүлийн маргаанаас болж бизнес нь сүйрэх эрсдэл ч багасна. Компанийн захирал хөрөнгөө дур зоргоороо захиран зарцуулах эрх нь ч үүгээр хумигддаг билээ. Ажилчид нь компанийнхаа бага ч гэсэн хувьцааг эзэмшдэг бол ажлын цаг нь илүү үр бүтээлтэй байдаг гэсэн судалгаа бий. Мөн худалдан авалт хийхдээ өөрийн хувьцаа эзэмшдэг компанийн бүтээгдэхүүнийг илүүд үздэг гээд жижиг атлаа компанид ашигтай нүдэнд үл үзэгдэх үр дүн олныг дурдаж болно. Тиймээс танд хөрөнгийн зах зээлд орох ямар боломж байгааг эргэцүүлээд нэг үзээрэй. Хуучны ягаан, цэнхэр тасалбартай бол арилжаанд оролцоход том хөшүүрэг болно. Сүүлийн үед банкууд хувьцааны хүүтэй уясан хадгаламжийн шинэ төрлийг ч санал болгодог болсон. Өмч хувьчлалын хоёр дахь давалгаа эхлэхэд та бэлэн үү.


САНАЛ БОЛГОХ