Сайд Ц.Нямдоржийн ангийн найзын хүүг “Эрдэнэт”-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирлаар томилох тохироог хийжээ

Улс төр


“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг хууль бусаар хуралдуулжээ​


“Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон маргаан эцэслэн шийдэгдээгүй байна. Хэдийгээр Засгийн газар 2018 оны нэгдүгээр сард хувийн хэвшлийн эзэмшил дэх Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авахаар шийдвэрлэж төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/ тус үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг шинээр бүрдүүлсэн ч “Монголын зэс корпораци” Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн. Тус маргааныг хянан хэлэлцсэн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг төрөөс 100 хувь томилсон болон 49 хувийн хувьцааг төрд хууль бусаар шилжүүлсэн Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоол, түүнийг дагаж хийгдсэн хувьцааны өөрчлөлтийн бүртгэл зэргийг түдгэлзүүлээд байгаа. Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хурлаар дээрх Засгийн газрын тогтоол, хувьцааны өөрчлөлтийн бүртгэл зэрэг 10 захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон байна. Засгийн газрын тогтоол ийн хүчингүй болсонтой холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг хуралдуулах, шийдвэр гаргах ажиллагаа бүхэлдээ зогсох ёстой. Энэ ч үүднээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “шүүхийн тогтоол албадан гүйцэтгүүлэх тухай” 128 /ш32018/ 3213 тоот захирамж гарчээ.

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өнгөрсөн тавдугаар сард “шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 2/8854 дугаартай мэдэгдэл гаргаж ТӨБЗГ болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Монголросцветмент ХХК-д хүргүүлсэн байдаг. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д төрөөс томилсон ТУЗ, 49 хувийн хувьцааны өөрчлөлтийн бүртгэл хүчингүй болж түдгэлзээд байгаа юм. Гэтэл эрх нь түдгэлзээд байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ыг өнгөрсөн лхагва буюу энэ сарын зургаанд шөнө дөлөөр төрийн ордонд хууль бусаар хуралдуулжээ. Хууль бус гэдэг нь шүүхийн хүчин төгөлдөр захирамж, тогтоол болон шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар төрөөс 100 хувь томилогдсон ТУЗ-ийг эрхзүйн чадамжгүй болохыг тогтоосных юм. Болоогүй бас хууль бус хурал хийж ирц бүрдүүлэхийн тулд Эрдэнэт хотоос тус үйлдвэрийн хоёр дэд захирлыг яаравчлан нисдэг тэргээр авчирсан байх юм. Бэлэн нисдэг тэрэг хаанаас, хэний тушаалаар хөөрөв, нислэг түрээсэлсэн хөрөнгө ямар байдлаар гарав гээд хууль зөрчсөн олон үйлдэл хариу нэхнэ. Үнэн, зөв бүхэн үүнд хариулт өгөх буй за. Чухам илт хууль зөрчиж яаран, сандран шөнөөр төрийн ордныг эзгүйчлэн хуралдуулах шалтгаан юунд байв аа. “Монголын зэс корпораци” ХХК-ийн удирдлагуудын мэдэгдснээр шөнө болсон тэр хурлаар бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн дэд захирал, хангамж хариуцсан захирлыг сольж байгаа аж.

Ирцээ бүрдүүлэхийн тулд Эрдэнэтийн зарим захирлыг нисдэг тэргээр авчиржээ
Эл хоёр захирлыг солих болсон гол шалтгаан нь Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг гадаадын банкинд барьцаалсан гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулах, Эрдэнэт үйлдвэрийн архивт байгаа “Жаст групп” ХХК-тай холбогдох материал, нотлох баримтыг устгах зорилготой гэх. Нөгөөтэйгүүр хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийн хүмүүсийг халах зорилгоор ийм алхам хийж эхэлсэн гэж үзэж буй юм. Ингэж үзэх үндэслэлтэй. “Монголын зэс корпораци” ХХК-ийн зүгээс энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт ҮАБЗ-д хандан анхааралдаа авах хүсэлт хүргүүлжээ. Гэтэл ҮАБЗ-д хүсэлт, мэдээлэл очсон даруй эрх нь түдгэлзээд байгаа ТУЗ-ийг яаран сандран хуралдуулсан нь хардлага төрүүлж байна. Мөн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн ангийн найзын хүү Н.Батмөнхийг шинээр томилох болон хууль бусаар томилогдсон Н.Дэлгэрцогт, Н.Эрдэнэцогт нарыг жинхлэх тухай яригдаж байгаа юм. Ер нь төрөөс томилсон ТУЗ-ийн гишүүд нь дандаа яам агентлагийн дарга нар байдаг. Тэднээр дамжин хийгдэх шахаанууд дарааллаа хүлээж байхыг ч үгүйсгэхгүй. Үе үеийн эрх баригчдын саалийн үнээ байсан Эрдэнэт үйлдвэрт хувийн хэвшлийн оролцоо бий болсноор аливаа шахаа, авлигын асуудал арилаад байсны нотолгоо нь тус үйлдвэр түүхэндээ анх удаа буюу 2017 онд улсад хамгийн өндөр татвар төлсөн явдал.

Өөрөөр хэлбэл энэ их мөнгө төрийн эрхэнд гарсан албан тушаалтнуудын халаас руу ордог байсан нь тасарч төсөв руу орсны эсрэг арга хэмжээ нь төрийн ордонд шөнө дөлөөр болсон нууц хуралдаан гэж болно. Харин яагаад шөнө дөлөөр хуралдав гэсэн сэтгүүлчийн асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн “хуралдаагүй, ТУЗ-ийн гишүүд цуглаж ярилцсан” хэмээн хариулсан нь зөвхөн сэтгүүлчдийг бус Монголын ард түмний үл ойшоосон хэрэг байлаа. Өөрөөр хэлбэл ард түмэн мэдэх эрхтэй. Харин дөрөв дэх засаглалаар дамжин эдэлдэг ард түмний энэ эрхийг У.Бямбасүрэн дарга үл ойшоов. Ямартай ч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ хууль бусаар төрийн ордонд хоёр хоног дамнан хаалттай хуралдав. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг хуралдуулж болохгүй гэсээр атал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хөдөлж ядсаар байтал хууль бус хурлууд шил дараалан боллоо. Үүнээс өмнө “Монголросцветмет” ХХК-ийн ТУЗ хууль зөрчин хуралдсан явдал бий. Ийм тохиолдолд “Монголын зэс корпораци” ХХК-ийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нар шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардах нь зүйн хэрэг. тэд өчигдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан хууль бус үйлдлийг нэн даруй таслан зогсоох, хууль зөрчсөн этгээдэд хуульд заасан арга хэмжээ авч өгөхийг хүсчээ. Мөн түүгээр ч барахгүй СБД-ийн Цагдаагийн хэлтэст шүүхийн шийдвэр зөрчсөн хүмүүст хариуцлага тооцуулахаар хандаж, АТГ-т “төрийн нийтийн албан тушаалтнууд хууль зөрчсөн байж болзошгүй тул шалган тогтоож өгнө үү” гэсэн гомдол гаргаад байгаа. Хууль, журмаар бол хуулийн байгууллага эдгээр хүсэлт, гомдлын мөрөөр шуурхай арга хэмжээ авахаас эхлэн хууль зөрчигсдөд хариулцага тооцох ёстой. Харин илт хууль зөрчсөн үйлдлийн эсрэг хууль, хүчний байгууллага хүчин мөхөсдөх эсэх нь анхаарал татах сэдэв юм.

САНАЛ БОЛГОХ